Өнөөдөр дэлхийн нягтлан бодогчдын өдөр
2017.11.10

Өнөөдөр дэлхийн нягтлан бодогчдын өдөр

11 дүгээр сарын 10-ны өдөр бол цэнхэр гараг дээрх нягтлан бодогч мэргэжлээр ажилладаг хүн бүрийн баярын өдөр бөгөөд энэ салбарт хүч хөдөлмөрөө зориулдаг хэдэн сая мэргэжилтнүүдийн эв санааг дэлхий дахинаа нэгтгэн илэрхийлдэг чухал өдөр юм.

Түүхээс үзэхэд, 1494 оны 11 сарын 10-нд Италийн математикч Лука Бартоломио Пачиоли "Particularis de computis et scripturis" буюу “Данс ба бусад бичилтүүдийн тухай” нэртэй, нягтлан бодох бүртгэлийн давхар-бичилтийн системийн тухай өгүүлсэн 27 хуудас бүхий номыг анх удаа Венецэд хэвлүүлсэн байдаг. 

Улс орнууд энэ өдрийг хэрхэн тэмдэглэдэг вэ? 

Сорилт бэрхшээл дунд ачаалалтай ажилладаг, мэргэжлээ болгон сонгохыг цөөхөн хүн мөрөөддөг нягтлан бодогчдод талархал, хүндэтгэл үзүүлдэг 11 сарын 10-ны өдрийг дэлхийн улс орнууд хэрхэн тэмдэглэдэг вэ? 
Сингапур 
Энэ өдөр зохион байгуулдаг арга хэмжээний гол агуулга бол Сингапурын нягтлан бодох бүртгэл, аудит нь дэлхийн нягтлан бодох бүртгэлийн зангилаа буюу сонирхлын төвд орлоо гэдгийг олон нийтэд харуулах, мэдрүүлэх явдал ажээ. Сингапурт бүртгэлтэй олон улсын сүлжээ болон үндэсний аудитын компани, нягтлан бодох бүртгэлийн мэргэжлийн байгууллагууд янз бүрийн арга хэмжээ жишээлбэл, сайн санааны тусламж үзүүлэх буюу хандив өргөх, чилитэй хоол хэн хамгийн сайн идэх вэ, олс таталтын тэмцээн зэрэг нийгэм, спортын болоод хөгжилтэй үйл явдал зохион байгуулдаг юм байна. 
Америкийн нэгдсэн улс 
Муж бүр өөрийн гэсэн ёс заншлаар энэ өдрийг тэмдэглэдэг. Мэдээж гол зохион байгуулагч нь нягтлан өодох бүгртгэлийн мэргэжлийн байгууллага байдаг. Түүнээс гадна нягтлан бодох бүртгэл, аудитын программ хангамжийн компаниудын оролцоо ч их байдаг ажээ. Эл өдөр нягтлан бодогчдод чин сэтгэлийн талархлын үгтэй ил захидал илгээх, мөн тэднийг ажлын ширээнээс нь түр холдуулж, цөөхөн минутын хөгтэй судалгаа жишээ нь, “Favorite Character Accountant” буюу “Миний дуртай нягтлан бодогчийн дүр” сэдвээр судалгаа явуулж, эхний топ-10 хариулт өгсөн хүнийг шалгаруулах гэх мэт арга хэжмээ зохиодог. 
Египет 
Тус улсад 2013 оны 10 сарын 31-ээс эхлэн нягтлан бодогчдын өдрийг албан ёсоор тэмдэглэх болжээ. Энэ түүх бас их сонирхолтой юм. Ноён Мухамед бол татварын нягтлан бодогч бөгөөд тухайн үедээ Сангийн яамны бүртгэлийн хороо (Registration committee)-ны зохион байгуулсан итгэмжлэгдсэн нягтлан бодогчийн шалгалт хууль бус болсон гэдгийг тус хорооны даргад бичгээр хүргүүлэн, хэрэв энэ хууль бус шалгалтын дүнг цуцлахгүй бол түүний эсрэг хуулиар зөвшөөрсөн хариу арга хэмжээ авна хэмээн хэдэн нөхдийн хамт 2013 оны 10 сарын 30-нд цугларан мэдэгдэл хийсэн өдөр юм байна. Төрөл бүрийн арга хэмжээнээс хамгийн сонирхолтой нь тус өдөр Ahmad Abdul Rahman нэртэй нэг оюутныг бизнесийн нийт оюутнаас сонгон авч бэлэг гардуулдаг байна.
Румын 
9 сарын 21 бол Румын улсын нягтлан бодогчдын баярын өдөр. Энэ дөрийг 2005 оноос эхлэн тэмдэглэж иржээ. Чухам яагаад 9 сарын 21-ийг сонгон авсан нь бас учиртай: энэ бол зун ба намрын улирал солилцдог өдөр, өдөр ба шөнө тэнцдэг өдөр буюу өрнийн зурхайн хувьд Жинлүүрийн орд эхэлдэг өдөр. Жинлүүр бол аливаа зүйлийн тэнцлийг илэрхийлдэг бэлэг тэмдэг. Энэ өдөр зах зээлийн өрсөлдөөнт орчинд санхүүч, нягтлан бодогчид ямар үүрэгтэй байх талаар улс орон даяар яриа хэлэлцүүлэг өрнүүлдэг байна. 
Монгол 
Манай улсын хувьд жилийн бүрийн 12-р сарын эхээр бүртгэл, санхүү, эдийн засагчдын баяр тохиодог. Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институтээс 12 дугаар сарын 8-нд энэхүү баярын арга хэмжээг 19 дэх жилдээ зохион байгуулах гэж байна. Энэ үеэр оны шилдгүүдийг тодруулдаг уламжлалтай бөгөөд 2017 оны бүртгэл, санхүүгийн шилдгүүдийн номинацид энэ сарын 25 хүртэл http://www.top10.monicpa.mn хуудсаар дамжуулан олон нийтээс санал авч байна. 

Мэргэжлийн байгууллагууд хэрхэн тэмдэглэж байна вэ? 

АССА 
Мэргэжлийн санхүүч, нягтлан бодох бүртгэлийн мэргэжилтнүүдийн оролцоотой янз бүрийн семинар, зөвлөгөөн зохион байгуулдаг. Энэ үеэр хүнд хүчир ажлыг шаргуу дайчин гүйцэтгэдэг нягтлан бодогчдод “ажлын байр” дээр нь “баярлалаа” гэж хэлдэг байна.
CAPA /Ази номхон далайн нягтлан бодогчдын холбоо/ 
2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Малайз улсын Куала Лампур хотод тус холбооны гишүүн байгууллагуудын уулзалт, жилийн тайлангийн хурал болж байна. Мөн Ази номхон далайн нягтлан бодогчдын холбоо 60 жилийн ойн баяраа тэмдэглэж байна. 
Кейнийн мэргэшсэн нягтлан бодогчдын институт  
“Санхүүгийн тайлагналын семинар” зохион байгуулж байгаа бөгөөд Kusyombunguo – Makueni нь санхүүгийн тайлагналын үндсэн зорилго нь аж ахуйн нэгжийн дотоод, гадаад хөрөнгө оруулагчдад шийдвэр гаргахад шаардлагатай мэдээллийг өгөх сэдвээр илтгэл тавина. 
Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт 
Аудиторын, Мэргэжлийн тасралтгүй хөгжлийн сургалт зэрэг мэргэжлийн сургалтууд зохион байгуулж байна.