Содбаатар.Я 2017.11.09 | Сайт: Vip76.mn

Я.Содбаатар: Хайгуулын тусгай зөвшөөрлийг зөвхөн төсөв бүрдүүлдэг хэрэгсэл мэтээр үзэх нь буруу

Өнөөдөр /2017.11.09/ УИХ-ын нэгдсэн чуулганаар 2018 оны төсөвтэй дагалдаж орж ирсэн хуулиудыг хэлэлцэж байна.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Я.Содбаатар үг хэллээ.

Я.СОДБААТАР: ОЙРЫН 20 ЖИЛД УУЛ УУРХАЙГААС ӨӨР ТЭРГҮҮЛЭХ САЛБАР ГАРЧ ИРЭХГҮЙ. ТИЙМЭЭС ХУУЛИНД НЬ БОЛГООМЖТОЙ ХАНДАХ ЁСТОЙ

Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулж буй асуудлыг төсөвтэй хамт оруулж ирж байгаад би дургуй байна. Ашигт малтмалын тухай хуулийг тусгайлан авч хэлэлцэхгүй бол яг энэ асуудлаар Монгол Улс хайгуулын хөрөнгө оруулалтаас татгалзах тал руугаа орж байна.

Үндэсний компаниуд үүн дээр асуудал үүсгэнэ. Гадны хөрөнгө оруулагчид илүү их хөрөнгө гаргадаг. Манай улсын уул уурхайн салбар хөгжөөд 100 гаруй жил болж байна. Геологи, хайгуулын үндэсний компаниуд хөгжөөд 30-аад жил болж байна. Техник, чадал, технологи, олон зүйлээрээ сайн болсон. Ялангуяа 2008-2012 оны эдийн засгийн бумын үед манай компаниуд нилээд сайн дэвшиж чадсан.

Гэхдээ гадны хөрөнгө оруулагчидтай бэлэн мөнгөөр өрсөлдвөл дийлэхгүй. Тиймээс хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг бүгдийг өргөдөлгүй болгож болохгүй. Тодорхой хэмжээгээр өргөдөл гаргаж авах зөвшөөрлүүдийг маш сайн ярьж, гаргах хэрэгтэй.

Салбарынхны дуу хоолойг авмаар байна. Зөвхөн хайгуулын тусгай зөвшөөрлийг олгож байгаа үйл явцыг мөнгө олох хэрэгсэл гэж хармааргүй байна. Энэ бол нутаг орноо тань байгаа, танин мэдэхгүйн шинжлэх ухааны ажлууд байдаг.

Тиймээс мөнгө олдог хэрэгсэл, төсөв бүрдүүлдэг хэрэгсэл мэтээр үзэж хуулийн өөрчлөлтийг шахуу хугацаанд ярьж байгаа нь буруу.

Ирцийн хуримтлалгүй талбай дээр хэн мөнгө төлж орж ирэх вэ? Хэн ямар багцаатай доод үнийг авч үзэх вэ?

Монгол Улсын эдийн засгийг сэргээхэд хамгийн ойр байгаа салбар бол уул уурхай. Хүссэн ч эс хүссэн ч ойрын 20 жилд уул уурхайгаас өөр тэргүүлэх салбар бидэнд одоохондоо гарч ирэхгүй.