2017.11.09

Д.Тэрбишдагва: Хайгуулын лиценз наймаалцдаг явдлыг зогсоох хэрэгтэй

Өнөөдөр /2017.11.09/ УИХ-ын нэгдсэн чуулганаар 2018 оны төсөвтэй дагалдаж орж ирсэн хуулиудыг хэлэлцэж байна.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва үг хэллээ.

Д.ТЭРБИШДАГВА: ЛИЦЕНЗИЙН НАЙМАА ҮРГЭЛЖИЛСЭЭР БАЙНА

Монголд хайгуулын тусгай талбайд зөвшөөрөл өгсөн геологийн судалгаа монголд 1:200, 1:500,000-ын зураглалын тайлан байна. Хулийн төслийн 17.7-д нэг тусгай зөвшөөрөл олгох хайгуулын талбайн хэмжээ 25-150 мянгаар тогтоосон. Дээрх хэмжээнд масштабын зураглалаас талбай сунгаад үнэлгээ хийхэд талбайн үнэлгээ бодитой гарах магадлал багатай байдаг талаар судлаачид ярьж байна. Тиймээс үүнийг онцгойлон анхаарах хэрэгтэй.

Д.Сумъяабазар сайд лицензийг цэгцлэнэ гэсэн амлалтанд өгсөн.

Би үүнийг зөв алхам гэж үзэж байгаа. Бусад улс орны туршлагыг харахад нэгэнтээ авсан лицензийг төр хамгаалдаг. Гэхдээ лиценз авахаасаа өмнө маш олон шалгуур давдаг бөгөөд цааш нь зарахгүй гэсэн амлалт өгч байж авдаг. Хэрвээ зарвал буцаад авдаг.

Харин энэ хуулиар татвар авж байгаа нь сайн боловч цаашдаа шилжүүлэх үйл ажиллагаа үргэлжилсээр байна. Тиймээс энэ хуулинд өөрчлөлт орох ёстой.

2007 онд М.Энхболд дарга Ерөнхий сайд байхад Үйлдвэр, худалдааны сайд Б.Жаргалсайхан бид хоёрт үүрэг өгөөд 7400 лицензийг 50 хувь бууруулж болж байсан. Энэ хооронд ашигт малтмалын 900 орчим тусгай зөвшөөрлийн аж ахуйн нэгжүүд хоорондоо солилцсон. 900 тусгай зөвшөөрлийн ямар ч татваргүй наймаа хийсэн гэсэн үг.

Цаашдаа наймаалцдаг байдлыг зогсоох хэрэгтэй. Тэгэхгүй бол лицензийн наймаа үргэлжилсээр байна.