2017.11.10

Төрийн алба, улс төрийн нам хоёрыг зааглах хууль хэрэгтэй

МАН-ын “Шинэчлэл хөгжлийн хороо”-ноос "Төрийн хямрал ба улс төрийн намын шинэчлэл" сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг  Төрийн ордонд зохион байгууллаа.

Хурлын эхэнд "МАН-ын шинэчлэл, хөгжлийн бодлого, хөтөлбөр" сэдвээр УИХ-ын гишүүн, МАН-ын “Шинэчлэл хөгжлийн хороо”-ны дарга Т.Аюурсайхан илтгэл хэлэлцүүлсэн юм.

Тэрбээр илтгэлдээ "Монгол Улсад төрийн хямрал дээд цэгтээ хүрсэн. Улс төрийн намын нэр хүнд унасан байна. Хямрал юунаас үүссэн бэ гэхээр улс төрийн намуудтай холбоотой. Энэ бол зөвхөн МАН-ын асуудал биш. Эхний ээлжинд парламентад суудалтай улс төрийн намуудын үзэл бодлын нэгдэл бий болгох зорилготой ажиллаж байна" гэлээ.

Дараа нь "АН-ын шинэчлэлийн үйл явц, тулгамдсан асуудлууд" сэдвээр УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга Ж.Батзандан, "МАХН-ын шинэчлэлийн үйл явц, тулгамдсан асуудлууд" сэдвээр УИХ-ын гишүүн О.Баасанхүү илтгэл тавьлаа.

Эрх баригч МАН-ын их хурал 10 хоногийн дараа болох гэж байна. 28- дугаар их хуралд өргөн барих шинэчлэл хөгжлийн  8 зорилт дотор нам төрийн бүтэцтэй холбоотой хэсгийг эрдэм шинжилгээний хурлын үеэр онцолж байна.

Улстөрийн намыг яагаад бизнесийн бүлэглэл дээр тогтоод байна вэ? улстөрийн намын санхүүжилтийн асуудал, цаашлаад төрийн албаны тогтолцоог судлаачид, хууль тогтоогчид хөндөж ярилцлаа. Дүрмээ дагадаг намыг ард түмэн хүлээн зөвшөөрч дэмждэг байх хэрэгтэй, Намын тухай хууль, хуулийн төслийг зайлшгүй батлуулах, зааг хуулийг бий болгох хэрэгтэй хэмээв.