Ё.Баатарбилэг 2017.11.10 | Сайт: Vip76.mn

Ё.Баатарбилэг: Засгийн газрын мөрийн хөтөлбөрт туссан маш олон асуудлууд орхигдож байна

Өнөөдөр /2017.11.10/ УИХ-ын нэгдсэн чуулганаар 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл болон 2019 оны төсвийн төсөөллийг хэлэлцэж байна.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг байр сууриа илэрхийллээ.

Ё.БААТАРБИЛЭГ: ӨНГӨРСӨН ЖИЛ 7 ТӨРЛИЙН ТАТВАР НЭМЭХЭД ИХ ШҮҮМЖЛЭЛ АВСАН. ГЭТЭЛ ДАХИАД ТАТВАР НЭМЭЭД ОРУУЛААД ИРЛЭЭ

Засгийн газар дөнгөж сая байгуулагдаад, Төсвийн байнгын хорооны дарга ч ажлаа аваад удаагүй байна. Тэгсэн мөртлөө маш урт хугацаанд ажиллаж байгаа юм шиг авир гаргаж байгаад гайхаж байна. 2017 оны төсвийн тодотголд гар хүрээгүй гэж Сангийн сайд хэлж байна. Би өөрчлөгдсөн зүйлийг хэлээд байгаа.

Олон ахтай айлын бага хүү шиг эрхэлсэн маягаар Сангийн яам төсөв оруулж ирдгээ боль. Шууд оруулаад ирдэг, дараа нь нэмэлт өөрчлөлт оруулж ирээд л янзалчихна.

Засгийн газрын бодлогын залгамж чанар алдагдчихлаа. Эдийн засгаа тэлэх асуудал, төсвийн зарлагыг бууруулж, орлогыг нэмэгдүүлэх байдал харагдсангүй. Инфляцаа 6-8 болгож оруулж ирсэн. 300 мянгын урамшууллыг ярихгүй оруулж ирж бөөн асуудал үүсгэсэн. Татварын асуудлаа Засгийн газар дээрээ ярьсан юм уу? Засгийн газраас мөрийн хөтөлбөрт татвар нэмэхгүй гэсэн байх ёстой. Өнгөрсөн жил 7 төрлийн татвар нэмсэн гэж шүүмжлүүлсэн. Одоо дахиад л нэмж байна.

Ийм гэнэтийн шийдвэрүүдэд чинь иргэд байтугай дэргэд чинь сууж байгаа бид нар цочирдоод байна.

Цаашдаа яах вэ? Ирэх жил төсвийн тодотгол хийхгүй гэж бодож байгаа гэж та хариулж байсан. Концесс явахгүй гэсэн. Хөрөнгө оруулалтынхаа асуудлуудыг яаж шийднэ гэж төсөөлж байгаа юм бэ?

Өнгөрсөн жил өр ширтэй холбоотой ямар ч шинэ хөрөнгө оруулалт хийгээгүй. 2017 онд шилжиж байгаа барилгуудын хөрөнгө оруулалтыг шийднэ гэж байсан. Гэтэл тэр хөрөнгө оруулалтуудаа танаад оруулж ирсэн. Нэгмөсөн шилжиж байгаа барилгуудаа дуусгаад, 2018 оноос шинэ хөрөнгө оруулалтынхаа асуудлыг ярина гэж ойлгож байсан. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт туссан маш олон асуудлууд орхигдож байна. Эдийн засгаа тэлнэ гэсэн боловч жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэл дээр таталдаж байж цөөхөн хэдэн төгрөг тавьлаа.