Энх-Амгалан.Л 2017.11.10 | Үндэсний Шуудан

УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалангийн Ерөнхийлөгч Х.Баттулгад өгсөн ЗӨВЛӨГӨӨ

УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалангийн Ерөнхийлөгч Х.Баттулгад өгсөн ЗӨВЛӨГӨӨ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль болон Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хууль тус бүрт бүхэлд нь тавьсан хоригийг хэлэлцлээ.

Хоригоос илүү чуулганы нэгдсэн хуралдаанд Ерөнхийлөгч Х.Баттулга биечлэн оролцсон нь анхаарал татав. Сүүлийн үед түүний Тамгын газрын даргын үг Ерөнхийлөгчийн байр суурь мөн эсэх тухай эргэлзээ гараад байсан тул ийнхүү өөрөө хоригоо барьж орж ирсэн нь мэдрэмжтэй алхам байлаа.
Гэвч УИХ түүний хоригийг таамаглаж байсанчлан хүлээж авсангүй. Эдийн засгийн өгөөж талдаа зөв шийдвэр гэх аргагүй ч хүчтэй олонхийн өмнө хоригоо төдийгүй нэр хүндээ унагачих шиг л боллоо. 

Учир нь Ерөнхийлөгчийн байр суурь Ерөнхийлөгчийн Тамгын газрын байр суурь мөн эсэх, УИХ-ын гишүүдийг гүтгэн доромжилдог Тамгын газрын даргаасаа дээр үг хэлэх байх гэж итгэж байсан олон хүн чуулганы нэгдсэн хуралдааныг, Ерөнхийлөгч Х.Баттулгын үгийг чих тавин сонсож байв.

“Харамсалтай нь” Ерөнхийлөг­чийн Тамгын газрын дарга З.Энхболд Ерөнхийлөгчийн л үгийг дамжуулж байсан нь тэр аж.

Ерөнхийлөгч Х.Баттулга “Биз­несийн салбараас УИХ-д орж ирсэн гишүүд олон байгаа. Өмнө нь Тавантолгойг үнэгүй авахыг оролдсон бүлэг дахиад босоод ирлээ.

УИХ-ын дэд даргын томил­гоогоо эргэж хараач ээ. Хэдхэн гэр бүл уул уурхайгаар баяжсан, бүгдийг атгачихсан. Одоо яамд руу орж байна. Ийм тодорхой болчихсон учраас хоёр хориг тавьсан. Үндэсний аюулгүй байд­лын зөвлөл хуралдана. Өргөн хүрээ­тэй хуралдана. Хаалттай хур­лыг оноос өмнө зарлана” гэсэн юм.

Үүнд баримт нь хаана байна вэ. Ерөнхийлөгчийн хэлсэн үг, үсэг, цэг, таслал бүхэн үнэн байх ёстой. Хэдхэн гэр бүл үү, 30 гэр бүл үү. Тодорхойгүй ч байсан агуулга нь зөв гэл үү. Тэгвэл яг энэ асуудал чинь УИХ-ыг, сонгогчдыг талцуулаад байна. “Задлах тусам задарна, Хагалах тусам хагарна” гэдэг Хятад үг өнгөрсөн дөрвөн жилд түүний эш татаж ярьсан нэгэн тайланд байдаг. Одоо ч “Бодлууд” номд нь байгаа билээ. Гэтэл энэ “суртал”-аа Төрийн тэргүүн болсон хойноо ч ажил хэрэгтээ тусгасаар байж болно гэж үү. 

Одоогоос долоо хоногийн өмнө буюу энэ сарын 2-нд ЕТГ-ын дарга З.Энхболд чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож үг хэлэхдээ “Лиценз эзэмшигч 30 гэр бүлийн нэг Л.Энх-Амгалан гишүүн таны асуултад хариулъя” гэж эхэлснээ  “Та Тавантолгойгоо буцаагаад өгчих”  гэж үгээ дуусгасан.

Хариуцлагагүй үг, авиргүй хонзонч чанар нь жигшим харагдсан. Гэвч Ерөнхийлөгч өөрөө бизнесийн салбараас улстөрч болох гараагаа эхэлсэн, бизнесийн орчныг сайжруулахаар санаа зовниж бодлого боловсруулж хэрэгжүүлж явсан гэдэгт найдаж арай өөр үг унагах байх гэж хүлээж байв. 

Гэтэл Тамгын газрын даргынхаа үгийг давтаад зогсохгүй УИХ-ын дэд даргын томилгоонд эгдүүцэж, “Төрийн мөнгөөр хайгуул хийгээд зарж байна. Улс төрийг худалдаж байгаа хүнтэй эв нэгдэлтэй байж чадахгүй.

Энэ хүмүүсийн төлөөллүүд хүчтэй орж ирж байна. Би ажил хийж, бизнес хийж, тэлэх тухай яриад байна. Монгол Улсын үндэсний эрх ашгийн эсрэг ярьж байгаа бол цаашид ч хориг тавина. Шинэ Ерөнхий сайд саяхан томилогдсон. Арванхоёрдугаар сарын эхэнд хаалттай хуралдаан хийнэ” гэв. Ингэхдээ өнөөх 30 гэр бүл нь ч юм уу, тэдний нэг гэх Л.Энх-Амгалан гишүүн ч юм уу Монгол Улсын үндэсний эрх ашгийн эсрэг ярьж байгаа гэж ойлгогдохоор байгаа биз. Ийм хийтэй ярьж хонзонтой ажиллаж болохгүй ээ. 

Тэгвэл УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан Ерөнхийлөгч Х.Баттулгад ямар зөвлөгөө өгснийг тогтож харцгаая.

Юуны өмнө түүнээс улс төрийн соёл, сонгуулийн үр дүнг, үр дүнд нь тангарагаа өргөсөн Ерөнхийлөгчийг, өөрийг нь чиглэн удаа дараа гүтгэн ханхалзаж буй ЕТГ-ын даргыг ч хүндэтгэж чадаж байгаа гайхалтай тэвчээрийг олж харлаа. Тэрбээр аргадангуйгаар “Ерөн­хийлөгч та хоёр удаагийн хориг тавилаа.

Та бол эв нэгдлийг сахихаар тангараг өргөсөн. Та Женко групп, Ардчилсан намын ерөнхийлөгч биш, Монгол Улсын Ерөнхийлөгч. УИХ-ын микрофон ашиглаад гишүүдийг доромжилж болохгүй. Сүүлийн 10 жилд хийсэн дайн тулаанаа зогсоо. Монгол Улс дипломат хоригт орлоо. Таны мэдэгдлээс болж, зургаан сая тонн нүүрс экспортлох боломжоо алдлаа. Сүүлийн 20 жилд 100 сая тонн нүүрс экспортлох боломжийг алдсан.  Энэ бол 10 тэрбум ам.доллартай тэнцэх мөнгө. Та Ерөнхийлөгч болоод таван сар боллоо. Нэг ч удаа Аюулгүй байдлын зөвлөлийг хуралдуулсангүй. Монгол өрийн дарамтад орлоо. Энэ Аюулгүй байдлын зөвлөлөөр ярих асуудал биш үү” гэсэн юм. 

Энэ алдагдсан 10 тэрбум ам.доллараар юу хийж болох вэ гэдэгт бас нэг харамсал оршино.

10 тэрбум ам.доллараар гэр хорооллын 250 мянган өрхийг улсаас үнэ төлбөргүйгээр орон сууцанд оруулснаар утаа, хөрсний бохирдлыг бүрэн шийдэх боломжтой байжээ. Дотуур байр шиг биш шүү, дунджаар 80 сая төгрөгөөр бодоход үүнд ердөө л 8.3 тэрбум ам.доллар болж байна.

Үүнээс гадна “Элэгний өвчингүй Монгол” болоход 93.1 сая ам.доллар, шаардлагатай байгаа сургууль, цэцэрлэгүүдийг барьж дуусгахад 750 сая ам.доллар, нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмжийг нэг дахин нэмэгдүүлэхэд 500 сая ам.доллар,  эмч, багш, цагдаа нарын цалинг нэг дахин нэмэгдүүлэхэд 200 сая ам.доллар, эх нялхсын нэгдсэн эмнэлгийг нэмж барихад 200 сая ам.доллар болж байна. Ийнхүү асуудлыг нь гацаасан төмөр замаас болж 10 тэрбум ам.доллар алдаад харамсах сэтгэлгүйгээр “аюулгүй байдал”-аар айлгасаар байна. Энэ хүртэл хорлонтой.

Хөрөнгө оруулагчид тухайн улс орны тогтвортой байдал гэхээр дайн дажин, үймээн самуунгүй байхыг онцолдог бол бид тогтвортой байдал гэхээр л Засгийн газар тогтвортой байхгүй бол хөрөнгө оруулагчид тоохгүй айгаад байна гэж тайлбарладаг. Мэдсээр байж гуйвуулж байгаа нь тэр. Харин хөрөнгө оруулагчдын жинхэнээсээ айдаг зүйл гэвэл үйлдвэрлэгчид, баялаг бүтээгчид, бизнес эрхлэгчдэдээ ээлтэй төр мөн үү гэдэг асуудал юм.

“Х” тайлантай аж ахуйн нэгжүүдийн 60 гаруй хувь нь үйл ажиллагаагаа зогсоосон байна. Энэ бүхэн аюулгүй байдал гэдэг хана цайз босгож, бизнесийнхнээ нухчин дарах оролдлого хийж барьж хориод мөрдөж мөшгөөд байсных нь үр дүн юм. 

Үнэхээр ч ҮАБЗ-ийн Нарийн бичгийн даргаар томилчихоод “Хэдхэн гэр бүл уул уурхайгаар баяжсан, бүгдийг атгачихсан. Одоо яамд руу орж байна. Ийм тодорхой болчихсон учраас хоёр хориг тавьсан. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдана” гэдэг үгсийг хэлэхээр арай л эвгүй, зорилго нь нэн ойлгомжтой байгаа биз.

Ерөнхийлөгчид бодогдсон бодол, аксиом, теорем хэнд ч, надад ч төрж болно. УИХ-ын чуулганы индрээс Төрийн тэргүүн нь илэрхийлсэн байр суурь гэхэд арай л хөнгөн гоомой хар таамаг биш үү.

Ийм асуудлыг ҮАБЗ-өөр хэлэлцүүлэх нь оновчтой юу. Эсвэл Л.Энх-Амгалан гишүүний хэлсэнчлэн “БНСУ-ын Элчинд өдөрт 1000 залуу виз хүсэж байна. Өдөр болгон хэдэн мянган залуу Солонгосын хил дээр зогсож байна. Сүүлийн таван жилд 150 мянган залуу сүүлийн таван жилд гэмт хэрэгт холбогдлоо. Бусдын гарт 1144 хүн амь насаа алдсан байна. Хавдраар өдөрт долоон хүн нас барьж байна” гэдэг нь ҮАБЗ-ийн хурлаар ярих асуудал юм уу. Бодууштай.

Та бүхэн санаж байгаа бол С.Батболдын Засгийн газрын үед “Зөгийн үүр” хөтөлбөрийн хүрээнд гадаадад ажиллаж амьдардаг олон залуус эх нутагтаа ирж мэдсэн сурснаараа хувь нэмрээ оруулж байв.

Гэтэл сурсан мэдсэнээ ашиглаж баялаг бүтээж төрөөс тэтгэмж авах бус  татвар төлдөг тэр “армийг” гадуурхаж, үзэн ядах сэтгэлгээг хөгжөөн тэдний эсрэг турхирах бодлогын өөр хандлага ажиглагдаж эхэлсэн. Тэдгээр залуус баян байгаа нь мэдлэгийн, бизнесийн ухааны цараа нь өргөжихийн сацуу эрх чөлөөний эрүүл агаар дунд ажиллаж сурсан учир тэрхүү шударга бус хандлагыг сүрхий мэдэрч “дээрэмчин төрд”  хувь нэмрээ оруулахаас татгалзан түрүүчээсээ дайжиж буцаж эхэлсэн. 

“Зөгийн үүр” хөтөлбөрийн үр өгөөжийг, эх орноо гэж ирсэн хүний нөөцийн цоо шинэ оюунлаг армийг үргээсэн тэрхүү атгаг хандлага одоо ч хэвээрээ. Энэ талаар Ерөнхийлөгч Х.Баттулга мэдэх үү гэвэл дэндүү мэднэ. Тиймдээ ч сайдаар ажиллаж байхдаа тийм “зөгийнүүдээс” шилж багаа бүрдүүлж “зөгий” гэлтэй биш “зөвлөх” гэсэн орон тоон дээр ажиллуулж байв. Үр дүнгээ ч өгсөн.

Харамсалтай нь зарим нь эдүгээ интерполоор эрэн сурвалжлагдаж, тэднийгээ ч өөрөө “нутагтаа ирвэл цагдаа барьчихна шүү, наанаа бай” гэж байсан захиа нь нийтлэгдэж байсан билээ. Үүнийг нь Ерөнхийлөгчөөр сонгогдсон Х.Баттулгад сануулсан Л.Энх-Амгалан гишүүний үг олон хүний сэтгэлд нэгийг бодогдуулах биз ээ. 

Төгсгөлд нь Л.Энх-Амгалан гишүүн Ерөнхийлөгч Х.Баттулгад өгсөн зөвлөгөө нь “Өнгөрсөн таван жилийн хугацаанд 17 мянган баялаг бүтээгчээ хууль хянал­тын байгууллагад өгч шалгуул­сан байна. Таныг би хориг тавьдаг Ерөнхийлөгч битгий байгаа­сай.  Хөгжил дэвшил ярьдаг Ерөнхийлөгч байгаасай гэж хүсэж байна. 26 жилийн хугацаанд 16 Засгийн газар сольсон.

Ерөнхий­лөгч та Үндсэн хуулийн асуудлыг ярихгүй юм уу, улс төрийн тогтвор­гүй байдлыг ярихгүй юм уу. Ийм асуудлыг та УИХ-д оруулаад яриад сууж байх ёстой юм” гэсэн юм. Уг нь энэ зөвлөгөөг Тамгын газрын дарга нь өгсөн бол аятай юу. Гэтэл уурлахад нь уралцуулж, тайвшрахад нь талцах шинэ сэдэл төрүүлж өгөөд, гүтгэснээ мэдэхээрээ ямар тайлбараар яаж тархи угаах гарцыг л бодож олдог бололтой юм. Тиймээс ч 30 гэр бүл гэдэг нэр томъёо зохиочихоод дараа нь “Өөрсдөө ол”, “УИХ-ыг 30 гэр бүлийн талд уу, ард түмний талд уу гэдгийг туршиж үзсэн юм” гэснээр нотлогдоно. 

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдод байхгүй 30 гэр бүлийг байгаа болгож, түүгээрээ УИХ аль “ТАЛ”-д вэ гэдгийг турших эрхийг хэн олгосон юм бэ. Чуулганы энэхүү хуралдаанаар  зөвхөн Л.Энх-Амгалан гишүүн төдийгүй удаа дараа гүтгүүлсэн Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын ч тэвчээр алдарсан бололтой “Ерөнхийлөгч өө, өс зангидсан, гомдсон хүмүүсийн үгээр ажлаа битгий хий.

Та нийт ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгч, ажлаа өөрийнхөөрөө хий.Та надаас 55 тэрбум төгрөг их мөнгө үү гэж асуулаа. Гашуун сухайт руу тавьсан төмөр зам холболтын цэгээсээ зөрсөн. Энэ төмөр замын даланг босгохын тулд Хөгжлийн банкнаас  220 сая ам.долларын зээл авсан байдаг.

Жилийн 7.3 хувийн хүүтэйгээр. Хүүд нь жилд 55 тэрбум төгрөг төлдөг.Та ард түмний өрийг дарна гэж хэлсэн. Бүдүүвч тооцоо хийгээд үзлээ. Төрийн албан хаагчдын төлж байгаа зээлийн хүүгийн төлбөр хоёр сарынх нь 55 тэрбум болж байна. Тэгэхээр төрийн албан хаагчдын хоёр сарын зээлээ төлөх мөнгө гэж ойлгоорой” гэсэн юм. 

Мөн “намаа хуваалгаад хараад сууж байдаг” гэж шүүмжлүүлэх болсон УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа “Ерөнхийлөгч өө, та Ерөнхийлөгч шиг бай. Та намын дотоод асуудал руу орж байна. Хэнийг хаана ямар албан тушаалд тавихыг та зааж байна.  Төмөр замын хэрэгт татагдсан А.Гансүхийг та Үндэсний аюулгүй байдлын ажлын албаны нарийн бичгийн даргаар томилсон.

Энэ зөв юм уу. 60 тэрбум, төмөр замтай холбоотой 600 тэрбум төгрөгийн асуудал өнгөрсөн хугацаанд яригдаж ирсэн. Энэ бүхнээ ил болгож, цэгцлэхгүй бол таавар тааж, үлгэр ярьж, нэгнийгээ гэмт хэрэгтэй хутгаж, хулгай луйварчин болгож ирлээ.

Тэгсэн атлаа хулгайч луйварчин нь нотлогдчихсон юм байдаггүй. Хариуцлага гэж байдаг бол Ерөнхийлөгч өө бүх хүмүүст нь хариуцлага тооцоод нэг талд нь гарга” гэлээ. Тэдний хувьд гүтгэлгийг тэвчих тэвчээр барагдаж тэсрэх цаг нь болоод ингэж дуугарсан болов уу. Угаас сонгогчид тэднийг сонгохдоо “Танд итгэж байна.

Та намайг төлөөлөөд миний эрх ашгийг хамгаалаарай” гэж нэрийг нь дугуйлсан болохоос УИХ-ын индрээс Ерөнхийлөгчийн хэлсэн бүхэн яг таг үнэн. Гүтгэгдсэн ч хамаагүй доромжлуулаад сандал бөглөж тоо гүйцээгээд ир” гэж сонгоогүй. Тухайн гишүүнийг гүтгэн доромжлох нь түүнийг сонгосон сонгогчдыг хамт гүтгэсэн хэрэг мэт сонгогч иргэнд санагддаг юм. 

Ерөнхийлөгчийг сонгохдоо ч гэсэн “Та УИХ-ын, Засгийн газрын байгууллагыг нь, гишүүдтэй нь хэзээ дуртай үедээ ямар ч хамаагүй үгээр гүтгэн доромжилж болно” гэсэн эрхийг өгөөгүй юм аа.

Институци хоорондын зөрчил бол тухайн үндэстний мөхлийн өмнөх зөрчил байдаг учраас “эв эе” гэдэг үг таны хэлэх дуртай “эх оронч” гэдэг үгийн үндэс нь билээ. Харин одоо “ҮАБЗ 30 гэр бүлийн талаар хэлэлцэнэ” гэдэг гайхалтай мэдээг Ерөнхийлөгчөөс өөрөөс нь сонссондоо гүнээ харамсч байна. 

Сэтгүүлч Ж.Мөнх