2017.11.10

Л.Энх-Амгалан: Гэр хорооллын 190 мянган айлд гол анхаарлаа хандуулах хэрэгтэй

Өнөөдөр /2017.11.10/ УИХ-ын нэгдсэн чуулганаар С.Эрдэнийн "Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар" асуулгын хариуг сонсож байна.

Асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан асуулт асуулаа.

Л.ЭНХ-АМГАЛАН: АГААР ОРЧНЫ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ ДУУСАХАД ЯМАР ХЭМЖЭЭНИЙ САНХҮҮЖИЛТ ХЭРЭГТЭЙ ВЭ?

Улаанбаатар хотын агаарын бохирдлын 80 хувийг гэр хорооллын айл өрхийн зуухнаас гарч байгаа гэсэн дүгнэлт байна. Тиймээс бид гэр хорооллын 190 мянган айл дээрээ л төвлөрнө гэж ойлгоод байна.

Агаарын бохирдлын 80 хувийг гэр хороолол, хөрсний бохирдлын 80 хувийг дахиад л гэр хороолол үүсгэж байна. Сая Ерөнхий сайд хэллээ. Улаанбаатар хотод 30 мянган борлогдоогүй хоосон орон сууц байна гэж байна. Нэг шийдэл мөн үү гэвэл мөн. Гэхдээ өмнө нь орон сууцны зээл авсан 100 мянган өрх байгаа. Энэ иргэд маань "түрээсийн" орон сууцанд сууж байгаа юм шиг  нөхцөл байдал үүсээд байна. Учир нь зээлийн хүүгээ төлөөд, үндсэн зээлээс нь төлөгддөггүй. Орон сууцанд орчихсон 100 мянган иргэдийнхээ мортгэйжийн зээлийн нөхцлийг өөрчилж чадахгүйгээр дахиад 30 мянган айлыг орон сууцанд оруулбал түр гал унтраасан л арга хэмжээ болно. Үүнийг цогцоор нь харж үзэх ёстой.

Гэр хороололд амьдарч байгаа 190 мянган өрхөд 500-гаад мянган хүн амьдарч байгаа. Ихэнхи нь ажилгүй. Оройныхоо нэг шуудай мод, нүүрсийг төлж чадахгүй айл байгаа. Ажилгүйдлийн, өрхийн орлогын асуудал хөндөгдөх учраас цогцоор нь харах ёстой.

Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж дуусахад ямар хэмжээний санхүүжилт хэрэгтэй юм бэ?

Бид зуух тарааж үзлээ, яндан, түлшийг нь сольж үзлээ. Болсонгүй. Ганцхан Улаанбаатар хотын захирагчийн асуудал биш. Ерөнхий сайдын хамгийн түрүүнд анхаарах ёстой асуудал. Бусад улс орнуудын туршлага байна.

У.ХҮРЭЛСҮХ: УГ ХӨТӨЛБӨР САНХҮҮЖИЛТ МУУТАЙ УЧИР 80 ХУВИАР БУУРУУЛАХ ЗОРИЛТДОО ХҮРЭХ НӨХЦӨЛ БОЛОМЖ БАЙХГҮЙ

Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр дээр 2025 он гэхэд 80 орчим хувиар бууруулна гэсэн зорилт дэвшүүлсэн.

Гэтэл бодит амьдрал дээр харахад 80 хувиар бууруулах боломж нөхцөл байхгүй. Гол зүйл нь хөрөнгө санхүүтэй холбоотой асуудал.

Монгол Улсын Засгийн газрын хөрөнгө санхүүг та бүхэн бүгд мэдэж байгаа. Агаарын бохирдлын чиглэлээр улсад авдаг байсан татварыг агаарын бохирдлын эсрэг санд төвлөрүүлэх асуудлыг эхний ээлжинд шийдэх зорилт дэвшүүлээд, хуулийг нь өргөн барих гэж байна. Үүгээр тодорхой хэмжээний хөрөнгө санхүүжилт цугларна.

Цогцоор нь авч үзэх арга хэмжээ гэдэгтэй санал нэг байна. Ганцхан энэ удаагийн Засгийн газар энэ асуудлыг шийдэхгүй гэдэг нь ойлгомжтой. Өмнөх Засгийн газрууд шийдвэрлэж чадаагүй. Дараа дараагийн Засгийн газрууд ч гэсэн шийдвэрлэхэд хүндрэлтэй асуудал үүснэ. Энэ бол хөрөнгө санхүүгийн асуудал.

Дээр нь ард иргэдийнхээ амьжиргааны түвшинг сайжруулах хэрэгтэй. Улаанбаатар хотод 190 мянган өрх галлагаатай гэр, байшинд амьдарч байна. Тиймээс гэр хорооллыг бариглажуулах асуудлыг үргэлжлүүлэн хийх ёстой. Дээр нь ипотекийн зээлийн асуудлыг үргэлжлүүлэх ёстой юм. Үүн дээр мөн л хөрөнгө санхүүгийн асуудал үүсээд байгаа. Цаашдаа төсөв хэлэлцэхэд Засгийн газар агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр тодорхой хэмжээний төсөв хөрөнгийг төвлөрүүлж оруулж ирэх нь зүйтэй юм байна гэж ойлгож  байна.

Харамсалтай нь төсөв хэлэлцэх явцад энэ асуудлууд хасагддаг.

Улаанбаатар хотын утааг жилийн 6 сар ярьдаг. Тиймээс хөрөнгө санхүү бий болгох, гадны зээл тусламжийг энэ асуудал руу чиглүүлэх, дотоодын нөөц бололцоог дайчлах, төсөвт тодорхой хэмжээний зардлыг тусгаж байж энэ асуудлыг шийдвэрлэх, барилгажуулах, гэр хорооллыг цөөлөх чиглэлд анхаарал тавьж ажиллах шаардлагатай юм.

Н.ЦЭРЭНБАТ: 9.8 ИХ НАЯД ТӨГРӨГНИЙ САНХҮҮЖИЛТ ХЭРЭГТЭЙ БАЙНА

Анх 2011-2015 онд Монгол Улс агаарын бохирдлыг бууруулна гэж зорилт тавиад өнөөг хүртэл 93 тэрбум төгрөг, 60 сая долларыг зарцуулсан. Энэ бол 2011 оноос хэрэгжүүлсэн арга хэмжээ.

2015 онд хуулиа өөрчлөөд агаарын бохирдлын төлбөрийн зориулалтын дагуу зарцуулахыг зогсоогоод 2 жил гаруй санхүүгүй шахуу байж байгаад, 2017 оны 3 сарын 20-нд Засгийн газар иж бүрэн холбогдох яам, тамгын газар, Нийслэлийн засаг даргын тамгын газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газартай хамтарч гарын авлага болсон хөтөлбөртэй болсон. Энэ хөтөлбөрийн гол бодлого, зорилт, чиглэл бол агаарын болон орчны бохирдлыг шинжлэх ухаанчаар тогтсон зарчмын дагуу бусад оронд тулгарсан хүндрэлийг хэрхэн зассан туршлага дээр үндэслэн томоохон ажлуудыг хэрэгжүүлээд явж байгаа.

2025 он гэхэд энэ асуудлыг дуусгахад 9.8 их наяд төгрөгний санхүүжилт хэрэгтэй байна.

Хөтөлбөрийн хүрээнд цаашдын суурьшлын бүстэй холбогдолтой, гэр хорооллыг дэд бүтэцжүүлэх зорилтыг нэн түрүүнд тавьж  байгаа. Хоёрдугаарт, халаалтыг дулаан, цахилгааны аргаар шийдэх болиулаад, сайжруулсан нүүрс зорилтот бүлгийн хүмүүст нь түгээе гээд Нийслэлийн тамгын газар, БОАЖЯ, Эрчим хүчний яам, МХЕГ, Эрүүл мэндийн яам нар хамтран ажиллахаар нарийвчилсан хөтөлбөр гаргаад явж байгаа нь бидэнд гарын авлагатай, үр дүнд хүрэхүйц, хариуцагч эзэн нь тодорхой болсон хөтөлбөр байгаа гэдгийг хэлье.