Эрдэнэ.С 2017.11.10 | Сайт: Vip76.mn

С.Эрдэнэ: Агаарын бохирдлын улмаас Монгол Улсад 100 мянга хүн тутмын 132 нь амь насаа алдаж байна

С.Эрдэнэ: Агаарын бохирдлын улмаас Монгол Улсад 100 мянга хүн тутмын 132 нь амь насаа алдаж байна

Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар "Нийслэлийн агаарын бохирдлын хэмжээг бууруулах чиглэлээр хийж буй ажлууд болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар" УИХ-ын гишүүний С.Эрдэнийн тавьсан асуулгын хариуг сонслоо.

Тэрээр 2016 оны 12 сарын 22-ны өдөр уг асуулгыг Засгийн газарт тавьсан билээ.

ДЭМБ-аас 2017 онд гаргасан статистик дүнгээр Монгол Улсын агаарын бохирдлын түвшин аюултай хэмжээнээс 4 дахин нэмэдсэн үзүүлэлттэй гарсан.

Нийслэлийн агаарын бохирдлыг нэгдүгээрт гэр хорооллын яндангийн утаанаас гарч байна гэсэн дүгнэлт гарсан бөгөөд энэ нь нийт агаарын бохирдлын 80 хувийг эзэлж байгаа юм. Хоёрдугаарт, үйл ажиллагаа явуулж буй дулааны цахилгаан станцаас ялгаруулж буй утаа ордог бол гуравдугаарт автозамын хөдөлгөөнд оролцож байгаа 400 гаруй мянган тээврийн хэрэгслийн утаа, агаарын хий эзэлдэг байна.


Өнгөрсөн хугацаанд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийсэн ажил болон ирээдүйд хийх ажлын талаар БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат танилцууллаа.

Засгийн газраас Агаарын бохирдлыг бууруулах санг байгуулах асуудлаар Агаарын тухай болон бусад холбогдох хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл УИХ-д өргөн мэдүүлэхэд бэлэн болсон. Үүнээс гадна Засгийн газраас томоохон төслүүдийг авч хэрэгжүүлэхээр тооцоолж байна. Тухайлбал,

  • Монгол Улсын Засгийн газраас өнгөрсөн 1-3 дугаар сард авч хэрэгжүүлсэн гэр хорооллын шөнийн цахилгааны тарифыг тэглэх ажилд 114,512 хэрэглэгч хамрагдаж, үүнд 3.3 тэрбум төгрөгийн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын багцаас зарцуулсан байна. Үүний үр дүнд хүхэрлэг хийн хэмжээ 5-8 хувьд буурсан үзүүлэлт гарчээ. Энэхүү арга хэмжээг энэ өвлийн саруудад ч мөн үргэлжлүүлэн хэрэгжүүлэх юм.
  • Цахилгаан халаагуур ашиглах техникийн боломж бүрдүүлэх хүрээнд Улаанбаатар хотын 6 дүүрэгт 63 агаарын дэд станц шинээр суурьлуулж, 6363 шинэ хэрэглэгчийн цахилгааны эх үүсвэрт холбосон байна.
  • Гэр хорооллын 45 халаалтын зуухыг буулгаж, 56 хэрэглэгчийг төвлөрсөн халаалтын системд холбох ажлыг хийгээд байгаа ба үүний үр дүнд жилд 59 мянган тонн түүхий нүүрсний хэрэглээг бууруулах юм.
  • 2017 оны төсвийн тодотголоор гэр хорооллын цахилгаан шугам сүлжээний хүчин чадлыг нэмэгдүүлэх, зураг төсөл нь бэлэн болсон 68 халаалтын зуухыг буулгаж, хэрэглэгчийг төвлөрсөн системд холбох хөрөнгийн асуудал шийдэгдсэн.
  • Түүхий нүрсийг үе шаттай хязгаарлах зорилтын хүрээнд 1600 өрхийг боловсруулсан түлшээр, 390 өрхийг цахилгаан халаагуураар хангах ажлыг зохион байгуулж байна. Энэ арга хэмжээнд нийт 1.1 тэрбум 350 сая төгрөгийн зарцуулсан.
  • Түүнчлэн 79 цэцэрлэг, 21 бага сургууль, 11 эмнэлгийн хүүхдийн эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт нийт 1300 агаар шүүгч тоног төхөөрөмж олгоод байна. Энэ арга хэмжээнд нийслэлийн төсөв болон дэлхийн банкны санхүүжилтээр 1 тэрбум төгрөг зарцуулжээ.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын танилцуулгын талаар УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлж, асуулт асуусан.

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг:  Бид одоо зуух, түлш тараах, яндан солих биш. Засгийн газар цогц бодлого гаргаж байж үр дүнд гарна. Энэ хөтөлбөрүүдийг хэрэгжүүлснээр хэдэн хувь бууруулна гэж үзэж байна вэ? Ер нь үр дүнд хүрэхийн тулд цогц дүн шинжилгээ хийх хэрэгтэй. Өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн хөтөлбөр, зарцуулсан төсөв, үр дүн дээр цогц дүн шинжилгээ хийсэн үү?

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат:  "Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг" 2025 онд хүртэл хэрэгжүүлээд тухайн 2016 оны суурь үзүүлэлт дээр тулгуурлан 80 хувиар бууруулна гэж тооцож байгаа. Мөн барилгажуулалт, дахин төлөвлөлт зэрэгтэй гадаад, дотоодын санхүүжилтээр хөрөнгө оруулалтыг нь шийднэ. Мөн улс болон орон нутгийн төсвөөс 200 мянга гаруй тэрбум төгрөгийг зарцуулах шаардлагатай байгаа.


УИХ-ын гишүүн Д.Оюунхорол: Ерөнхий сайд нэгдүгээрт Улаанбаатар хотынхоо түүхий нүүрсний хэрэглээг бууруулахад зоригтой арга хэмжээ шаардлагатай. Та үүн дээр ямар байр суурьтай байна вэ?Орон сууцжуулах хөтөлбөрий хэрэгжүүлэхдээ УБ хотыг тэлэх, дагавар хот байгуулах шаардлагатай байгаа. Үүн дээр Та ямар байр суурьтай байгаа вэ?

Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Улаанбаатар хотод орж ирж байгаа түүхий нүүрсний хэрэглээг 100 хувь хориглочихно гэж би хэлж чадахгүй. Ийм боломж байхгүй. Харин бууруулах чиглэлд нь анхаарч ажиллана. Өнөөдөр УБ хотын гэр хорооллын амьдралыг сайн мэднэ. Зарим айлууд нүүрс түлж чадахгүй байгаа.


УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Гэр хороололд амьдарч байгаа 190 мянган өрхөд 500-гаад мянган хүн амьдарч байгаа. Ихэнхи нь ажилгүй. Оройныхоо нэг шуудай мод, нүүрсийг төлж чадахгүй айл байгаа. Ажилгүйдлийн, өрхийн орлогын асуудал хөндөгдөх учраас цогцоор нь харах ёстой. Бид зуух тарааж үзлээ, яндан, түлшийг нь сольж үзлээ. Болсонгүй. Ганцхан Улаанбаатар хотын захирагчийн асуудал биш. Ерөнхий сайдын хамгийн түрүүнд анхаарах ёстой асуудал.


УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: Кётогийн протокол, Парисын хэлэлцээр, саяны Бони зэрэг том том арга хэмжээнүүдэд доор бодож дэд сайд, сайдын хэмжээнд очиж, асуудлаа ярих ёстой юмаа. Дэлхийд асуудлаа ойлгуулж байж эндээс гарах ёстой. БНХАУ, Япон, Солонгос бусад улсуудтай ярилцаж байна гэж байна.


Гишүүд үг хэлж дууссаны дараа УИХ-ын гишүүн С.Эрдэнэ асуулга тавьсан гишүүний хувьд үг хэллээ.

С.ЭРДЭНЭ: ЦӨӨН ХҮН АМТАЙ МАНАЙ ОРНЫ ХУВЬД АЮУЛЫН ДОХИО ДЭЛДЭЖ БАЙНА

Нийслэлийн агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрч ДЭМБ тогтоосон стандартаас  2-7 дахин их болсон, агаарын бохирдлын уршгаар иргэдийн дундаж наслалт багасгахаас гадна уушгины хорт хавдар 36, цус харвалтын 34, зүрхний шигдээсийн 27 хувийн шалтгаан болж байгаа төдийгүй 0-5 насны хүүхэд, жирэмсэн эхчүүдэд маш сөргөөр нөлөөлж байгаа гэдгийг мэргэжлийн байгууллагууд ч хэлж байна. Үүнтэй холбоотойгоор үр хүүхэд, ирээдүй хойчийнхоо төлөө санаа зовсон ээж, аавууд, жирийн иргэд ч тэмцэж байна. 

Монгол улсад агаарын бохирдлын улмаас 100 мянган хүн тутмын 132 нь амь насаа алдаж байгаа гэдэг судалгаа гаргасан байна.

Үүний цаана эдгэшгүй хүнд өвчтэй болж үлдэж байгаа маш олон мянган хүн байгаа гэдгийг анхаарах ёстой. Цөөн хүн амтай манай орны хувьд аюулын харанга дэлдэж байна гэдэг дохио.

Гэр хорооллын айл өрхүүдийн утаа үйлдвэрлэж байгаа асуудлын хүрээнд түүхий нүүрс  бага хэрэглүүлэх чиглэлээр хэрэгжүүлж байсан "Сайн хашаа" хөтөлбөрийг  та бүхэн зогсоосон. Хэрвээ энэ хөтөлбөрийг хэрэгжүүлж байсан бол утааг багасгах, гэр хорооллын орчны тохижилтыг сайжруулахад томоохон үүрэг гүйцэтгэх байсан.

Мөн У.Хүрэлсүх сайдад хандаж хэлэхэд, Таван толгой  болон Шивээ овоо гэх мэт томоохон уурхайнуудын аман дээр эрчим хүчний цахилгаан станцуудыг барих замаар эрчим хүчийг шугамын тээвэрлэлтэд шилжүүлээд, өндөр хүчдэлийн шугамуудыг барих хэрэгтэй. Тэр эрчим хүчээрээ төв суурин газруудыг болон нийслэлийг дутагдаж байгаа эрчим хүчээр нь хангах асуудлыг олон улсын төсөл хөтөлбөр болон дотоодын хөрөнгө санхүүгийн эх үүсвэрээр шийдэх асуудлыг хийх нь маш зөв. Ингэж чадвал бид маш их хэмжээгээр утааг багасгаж чадна.

Ганцхан нийслэлийн асуудал яриад байх юм. Байгаль орчны сайдын хэлснээр 6-7 аймаг нийслэлээс ч илүү агаарын бохирдолтой байгаа гэдгийг анхаарах хэрэгтэй байна. Хэрвээ энэ байдлаараа байгаад байвал тун удахгүй  21 аймгийн төв гамшгийн хэмжээнд очно. Тиймээс аймгийн төвүүдийн асуудлыг авч хэлэлцэж, яаралтай арга хэмжээ аваарай. 

Сэтгүүлч

Vip76.mn А.Цолмон tsolmon@vip76.mn