Ц.Цогзолмаа: Ажил хаясанд харамсаж байна
2017.11.13

Ц.Цогзолмаа: Ажил хаясанд харамсаж байна

Цалингаа 50 хувиар нэмүүлэхийн тулд ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш, шинжлэх ухааны байгууллагын ажилтнууд өнөөдөр /2017.11.13/ ажил хаялт зарласан. Ажил хаялтыг хугацаагүй зарласан. Энэ асуудлаар УИХ-ын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаагаас тодруулга хийлээ. 

-Хөдөлмөр нийгмийн гурван талт хэлэлцээрийн дүнд багш нартай ойлголцолд хүрлээ гэж та мэдэгдэж байсан ч өнөөдрөөс зарим сургууль, цэцэрлэгийн багш нар ажил хаялт зарлалаа. Ойлголцолд хүрээгүй байсан хэрэг үү. Эсвэл ойлголцсон байтал ажил хаяв уу. Өнөөдрийн ажил хаялт хууль ёсных байж чадах уу? 

-Ажил хаялт хууль зөрчиж байгаа. Нийгмийн зөвшилцлийн гурван талт хэлэлцээр үр дүнтэй болсон үед ажил хаялт хууль эрх зүйн үндэслэлтэй гэж харах боломжгүй. Бид гурван талт зөвшилцлийн хүрээнд асуудлаа ярилцсан. Хэлэлцээрийн хүрээнд 2018 оны улсын төсөвт багш нарын бодит орлогыг 50  хүртэл хувиар нэмэгдүүлэхээр болж, шаардлагыг нь тусгасан. Гэтэл өнөөдөр юуны төлөө ажил хаяж байгаа нь ойлгомжгүй байна. Өнөөдөр 30 хүүхэдтэй цэцэрлэгийн нэг ангийн багш ажил хаяхад цаана нь 30 гэр бүл хэнд  хүүхдээ харуулах вэ, хаана аваачих вэ гээд асуудал үүсч байна.  Уг нь энэ бүхнийг хамтарсан ажлын хэсэгтэй хэлэлцсэн юм шүү дээ. Тэр үед ажлын хэсгийн гишүүд “Одоо ойлголоо, хэзээ ч биднийг өмнө салбарын сайд хүлээж авч уулзаж байгаагүй. Та бол 21 хоногийн турш бидэнтэй тулж уулзлаа, баярлалаа” гэчихээд одоо ажил хаяж байгааг ойлгоход бэрх байна. 

-Ажил хаялт зохион байгуулж байгаа Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Батзоригтой энэ талаар ярьсан уу? 

-Б.Батзориг өнөөдөр үдээс хойш ирж уулзана гэсэн. Сая яаман дээр ирж уулзаад явсан. Ажил хаялтыг зохион байгуулж байгаа ажлын хэсэг байгаа юм байна. Тэр ажлын хэсэгтэйгээ уулзаад мэдэгдэл авчирч өгнө гэсэн. Мэдэгдэлд нь чухам юу байхыг би мэдэхгүй. Авчирсан хойно нь харна. Тэр мэдэгдлийг хүлээн зөвшөөрвөл багш нар маргааш ажил хаялтаа зогсооно гэсэн.

-Мэдэгдэлд ирэх онд цалинг үе шаттай нэмэгдүүлэх шаардлага тавибал хүлээж авах уу? 

-Бид анхнаасаа 2018 оны төсөвт хүндрэл учруулахгүйгээр батлагдах мөнгөний хүрээнд багш нарын орлогыг нэмэгдүүлэхээр шийдэл гаргаад ажиллаж байгаа.  Анги даасан, дэвтэр зассан, дугуйлан секц хичээллүүлсэн, улс, орон нутгийн олимпиадад сурагчаа бэлтгэсэн. Ажлаа таслахгүй, чөлөө авахгүй, өдөр тутам ажлын ачааллаа аваад ажилласан бол 45 хүртэл хувиар олгогддог урамшууллыг сар болгон өгөх боломжтой байхаар зохицуулалт хийсэн. 
Яагаад гэвэл Засгийн газар Олон улсын валютын сантай хамтран хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Хөтөлбөрийн хүрээнд тодорхой шаардлага тавигдаж байгаа. Улс орны нийгэм, эдийн засгийн байдал ямар байгаа билээ. Гэтэл ажил хаяж байгаад үнэхээр харамсаж байна.

-Ажил хаясан багш нарт хариуцлага хүлээлгэх үү? 

-Ажил хаялтад хэдэн хүн оролцов, хуулийнхаа хүрээнд байна уу, үгүй юу гэдэг дээр яамнаас дотоод аудит, мониторинг хийгээд дүгнэлт гаргана. Тэр үед дүнг танилцуулъя.

-Багш нар цалин нэм л гэх. Гэтэл хавар төгсөх ангийн шалгалт авахад сурагчид ангиараа унаж байна.  Чанарыг яаж цалинтай нь уях вэ. Ажил хаях тоолонгоор цалинг өсгөх, эсвэл урамшууллыг нь нэмэх арга зам хайх нь шударга юм уу? 

-Цалинг нэмэх шаардлагатай зэрэгцүүлээд  эцэг, эхчүүд “Багш нар хэр зэрэг ажлаа чанартай хийж байгаа вэ. Мэргэжлийн өндөр ур чадварын хүрээнд хичээл зааж чадаж байгаа юу.  Ажил хаяна, цалингаа нэмүүлнэ гэж яриад байна.  Манай хүүхдийн сурлагын чанар дээшилсэн үү” гэдэг дээр анхаараарай гэж асуудал хөндсөөр ирсэн. Цаашдаа бид энэ ажлыг хийхдээ урамшууллыг ажлын үр дүнтэй нь холбоно. Ядаж л хичээлээ тасалдаггүй, сурагчдаа ёс зүйн болоод бусад дарамт гаргадаггүй байх шаардлага тавина. Яагаад хүүхэд алга болов. Багш үүрэгтэй юу, эцэг эх үүрэгтэй юу. Энэ асуудлыг тойрч шаардлага тавьж ажиллая гэж зорьж байна.

-Багш нарын зүгээс гурав дахь удаагийн ажил хаялт зохион байгуулж байна. Тэр бүрт хүүхдийн сурах эрх зөрчигдсөөр ирлээ. Эцэг, эхчүүдээс энэ талын гомдол яаманд ирсэн үү?

-Маш олон гомдол ирүүлсэн. Эцэг, эхчүүд өнөөдөр бас хэвлэлд хандаж байгаа гэж сонслоо. 

Г.ДАРЬ