Энхболд.М 2017.11.14 | Сайт: Vip76.mn

М.Энхболд: Монгол Улсын төсвийг заасан хугацаанд баталлаа

М.Энхболд: Монгол Улсын төсвийг заасан хугацаанд баталлаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр 2018 оны төсвийн тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа. Ирэх оны төсвийн нийт зарлага 9.6 их наяд, орлого 7.2 их наяд, алдагдлыг 2.4 их наяд төгрөг байхаар төсөөлөв. 

Төсөл батлагдсантой холбогдуулан УИХ-ын дарга М.Энхболдыг хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэе.

"Засгийн газраас 2 долоо хоногийн өмнө өргөн барьсан төсвийн төслийг хугацаанд нь багтааж, УИХ, Байнгын хороод, ажлын хэсэг, зарлагын хяналтын дэд хороо, намын бүлгүүд ихээхэн ач холбогдол өгч, олон талаас нь хэлэлцэн, үнэлэлт дүгнэлт гаргаж ирэх оны төсвийг баталлаа.

2018 онд ДНБ-ий бодит өсөлтийг 4.2 хувьд хүргэж, 2016 оны гүйцэтгэлээс даруй 3 функтээр өсгөхөөр тооцсон. 2016 онтой харьцуулахад нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг ирэх онд 1.4 их наядаар нэмэгдүүлж, 7.2 их наяд төгрөгт хүргэхээр, төсвийн нийт зарлагыг 156.6 сая төгрөгөөр өсгөж, 9.6 их наяд төгрөг байхаар УИХ тооцож баталж байна.

Төсвийн алдагдал 2018 онд 2.4 их наяд байхаар төсвөө баталлаа. Энэ нь 2 жилийн өмнөтэй харьцуулахад даруй 1.2 их наяд төгрөгөөр буюу 34 хувиар буурсан үзүүлэлт юм. Эдийн засгийн өсөлт 2013 оноос хойш тасралтгүй буурч, 2016 оны 3-р улиралд -1.6 хувь хүртэл унаж, төсвийн орлогын төлөвлөсөн хэмжээндээ хүрдэггүй 2.3-10.4 хувиар тасарч, төсвийн алдагдал жил бүр нэмэгдэж 2016 онд 3.6 их наядад хүрч байсан. Мөн Хөгжлийн банкны 580 сая ам.долларын Евро бонд, БНХАУ-ын 2 тэрбум орчим ам.долларын своп хэлэлцээрийг эргэн төлөх боломжгүйд хүрсэн. Нэг үгээр Монгол Улс төлбөрийн чадваргүйд тооцогдох хэмжээнд очсон  улс орныг жил гарны өмнө хүлээж авч байсныг та бүхэн санаж байгаа.

Өнгөрсөн хугацаанд бид эдийн засгийг өсгөж, орлогоо нэмэгдүүлэх, алдагдлаа багасгах талаар багагүй чармайж ажиллаж, тодорхой үр дүн гарч байна. Тэр хэмжээгээр улс орны эдийн засаг, нийгэм, ард иргэдийн амьдралд тулгамдаж байгаа олон асуудлуудыг шийдвэрлэх боломж бүрдэж байгаа гэж үзэж байна.  

“Хүүхэд бүрт цэцэрлэг” хөтөлбөрийн хүрээнд цэцэрлэгийн 75 барилга шинээр барих, 15 цэцэрлэгийн барилгад өргөтгөл хийхэд зориулж 64.2 тэрбум төгрөгийг төсөвт тусгахаар Засгийн газар санал оруулж байсан. УИХ үүн дээр нэмж шинээр 11 цэцэрлэгийн барилга шинээр барих, 1 цэцэрлэгийн барилгад өргөтгөл хийх, 12 цэцэрлэгийн барилгын өргөтгөлийн санхүүжилтийг нэмэгдүүлэхээр шийдвэрлэж нийт 11 тэрбум төгрөг нэмж баталсан. Ингэснээр ирэх 2018 онд 73.4 тэрбум төгрөгөөр 86 цэцэрлэгийн барилгыг шинээр барих 16 цэцэрлэгийн барилгад өргөтгөл хийх боломж бололцоо бүрдэж байна.

“Боловсролын үйлчилгээг тэгш хүртээмжтэй болгох” хөтөлбөрийн хэрэгжилтийг хэрэгжүүлэхэд 79.9 тэрбум төгрөг зарцуулах саналыг Засгийн газраас ирүүлснийг 5 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж 84.5 тэрбум төгрөг болголоо. Энэ хөрөнгөөр 29 сургууль, 3 бага сургуулийн барилга шинээр барих ажлыг эхлүүлнэ. Мөн 29 сургуулийн барилгыг өргөтгөж 15 сургуулийн дотуур байр, 11 сургуулийн спорт зал, 1 сургуульд номын сан шинээр барих асуудал шийдэгдэж байна.

Нийтдээ 35 төгрөгний өртөг бүхий нийслэлийн цэвэрлэх байгууламжид хуримтлагдсан лагийг ариутгал, халдваргүйтэл хийх, үнэргүйжүүлэх төсөл арга хэмжээг эхлүүлэхэд зориулж 2018 оны төсөвт 10 тэрбум төгрөгийг тусгалаа.

Агаарын бохирдлыг бууруулах зардлыг өмнөх оноос 13тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж 17.9 тэрбум төгрөг болголоо. Энэ мөнгийг шөнийн цахилгааны урамшуулал, цахилгаан дамжуулах агаарын шугамыг шинэчлэх, хүчин чадлыг өргөтгөх, цахилгаан халаагуур нэвтрүүлэх зэрэг агаарын бохирдлыг бууруулах шинэчлэл хийх арга хэмжээнд түлхүү зарцуулах ёстой гэж үзэж байгаа юм.

Ирэх оноос “Цалинтай ээж” хөтөлбөр хэрэгжүүлнэ. 2018.01.01-нээс эхлэн 0-3 насны хүүхдээ асарч байгаа эхэд сар бүр 50 мянган төгрөг олгоно. Түүнчлэн 3 болон түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд улиралд 240 мянган төгрөг олгохоор төсөвт суулгаж баталсан.

Мөн ахмад настны тухай хуульд заасны дагуу ахмад настны хуримтлуулсан мэдлэг, ур чадвар, туршлагыг хойч үед нь өвлүүлэн үлдээх, нийгмийн амьдралд идэвхтэй оролцох боломжийг бүрдүүлэх шинэ төрлийн үйлчилгээний санхүүжилтэд 1.1 тэрбум төгрөгийг зарцуулахаар төсөвт тусгасан.

Мөн нийгмийн даатгал, халамжийн сангаас олгодог бүх төрлийн тэтгэврийн хэмжээг инфляцтай уялдуулан  нэмэгдүүлэхэд зориулж 137.4 тэрбум төгрөгийг төсөвт тусган баталлаа.

УИХ ажлын байр нэмэгдүүлэх зорилгоор жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас иргэдэд хөнгөлөлттэй зээл олгох нь зүйтэй гэж үзэж эх үүсвэрийг 62 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, 99.2 тэрбум төгрөг болгон өсгөсөн.

Энэ мэт олон нааштай өөрчлөлт авчирах  төслийг УИХ-аас баталлаа. Засгийн газар ирэх оны хөрөнгө оруулалт төсөл арга хэмжээг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг одооноос авч хэрэгжүүлж, оны эхнээс төсвийн гүйцэтгэлд онцгой анхаарал хандуулж, идэвхи чармайлт гарган ажиллах нь зүйтэй гэж үзэж  байна.

2018 оны төсөв, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын сангийн энэхүү хөтөлбөр төлөвлөгөөг баталж, УИХ-ын шийдвэр болгоход анхаарал тавьж ажилласан ажлын хэсэг, байнгын хороод, УИХ-ын гишүүд та бүхэнд талархал илэрхийлье.