Баасанхүү.О 2017.11.14 | Сайт: Vip76.mn

О.Баасанхүү: Хөдөлмөрийн хуулиа давсан тогтоол юм биш үү?

Өнөөдөр /2017.11.14/ УИХ-ын нэдсэн чуулганаар 2018 оны төсвийг баталсантай холбогдуулан УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү асуулт асуулаа.

О.БААСАНХҮҮ: 6 САРЫН ХУГАЦААНЫ ГЭРЭЭГ ЯМАР ХҮМҮҮСТЭЙ БАЙГУУЛАХ ЮМ БЭ?

Тогтоолын төслийн 1 дээр “Сахилга, хариуцлагыг сайжруулахын тулд төрийн албан хаагчдаа 6 сараар гэрээ байгуулна” гэсэн байна. Монгол Улсын хөдөлмөрийн хуулинд байнгын ажлын байранд хугацаагүй гэж байдаг. 6 сарын хугацааны гэрээг ямар хүмүүстэй байгуулах юм бэ? Ямар хүмүүстэй нь жилээр байгуулах вэ? Үр дүнгийг гэрээ гэж зааж оруулсан байна. Энэ чинь хөдөлмөрийн хуулиа давсан тогтоол юм биш үү? 190 мянгын хэдэн хувьтай нь гэрээ байгуулж, хэдэн хувьтай нь нэг жилийн гэрээ байгуулах юм бэ? Богино хугацааны гэрээ байгуулснаар сахилга хариуцлагад яаж нөлөөлөх вэ? Хувийг нь тодорхой хэлж өгөөч.

Аймгийн төсвийн 30-аас доошгүй хувийг сумын төсөвт тусгаж тухайн шатны иргэдийн төлөөлөгчдийн хурлаар батал гэсэн байна. Жишээ нь 15 тэрбумыг Орхон аймаг авна. Жаргалант сум 4.5 тэрбумыг зарцуулна гэсэн үг үү? Аймгаас ихэвчлэн 10-15 тэрбумыг авдаг. Одоо төсөв батлахаар 30 хувийг нь сумдуудад хуваарилах болж байна. Олон сумтай газар бол яах вэ? Би Ерөнхий сайдад хэлж байсан. Манай тойргийн ИТХ-ын даргын талаар. Улсын төсвөөр тавих замыг шууд иргэдийн хурлын тогтоол гаргаж өөрийнхөө хаус руу татуулж 700 орчим сая төгрөгийг зарцуулсан байна. Ийм дураараа байж болох уу? Иргэдийн хурал УИХ-аас том юм уу?

Газрын төлбөрийн тухай хуулиар нарийвчилна тогтооно гэсэн заалт байна. Газрын суурь үнэлгээ гэдэг шинэ ойлголт гараад ирлээ. Монгол Улсын Үндсэн хуулинд газрын доорх болон дээрх гэж байгаа. Суурь үнэлгээ гэдгийг юу гэж ойлгоод байгаа юм бэ? Тусдаа юм гараад ирэв үү?

Д.ТОГТОХСҮРЭН: ҮР ДҮНГИЙН ГЭРЭЭ БОЛ ХӨДӨЛМӨРИЙН ГЭРЭЭ БИШ

Төсвийн тухай хууль болон Төрийн албаны тухай хуулиар төсвийн шууд захирагч нар жил бүр албан хаагч нартайгаа үр дүнгийн гэрээ байгуулж байна. Энэ бол ажилд авдаг хөдөлмөрийн гэрээ биш. Төсвийн хуулийн дагуу ажилчидтай байгуулж буй үр дүнгийн гэрээгээ хагас, бүтэн жилээр дүгнээд, урамшууллыг нь олгоё гэдгээр зааж өгсөн. Энэ нь Төрийн албаны тухай хууль болон Хөдөлмөрийн хуултай холбогдолгүй зүйл.

2018 оны төсвийг Засгийн газар өргөн барихдаа орон нутгийн төсөв дээр суурь зарлагын хэмжээг нэмэгдүүлсэн. Энэ зарлагаа цаашаа сумддаа хувиаарилахдаа нийт суурь зарлагын 30-аас доошгүй хувийг нь сумандаа зарцуул гэдэг байдлаар аймгуудад чиглэл өгч байна. Ингэхгүй бол 100 хувь аймаг авах магадлалтай гэж үзэж байна.

Суурь үнэлгээтэй холбоотой асуудлаар хуулийн төсөл шинээр боловсруулж оруулж ирэхээр Засгийн газар чиглэл өгч байгаа.

З.НАРАНТУЯА: ГАЗРЫН ҮНЭЛГЭЭГ ШИНЭЧИЛЖ ТОГТООХ ХУГАЦААНЫ ТАЛААР ЗАСГИЙН ГАЗРЫН ЧИГЛЭЛД ТУСГААГҮЙ БАЙСАН

Газрын төлбөрийн тухай хуулинд газрын суурь үнэлгээг инфляцын түвшин, газрын нөхцөл байдал гээд олон хүчин зүйлээс хамааруулан Засгийн газар тогтооно гэсэн. Үндсэн зарчим нь 5 дугаар зүйл дээр байгаа. Харин ямар хугацаанд энэ газрын үнэлгээг шинэчилж тогтоох, үүнийгээ ард түмэнд мэдээллийг тогтмол өгж байх үүрэг нь Засгийн газар байхгүй учраас оруулж ирж байна.

Сая бид газар эзэмших эрхээ шилжүүлэх, борлуулах тохиолдолд татвар авдаг хуулийг хэрэгжүүлэхийн тулд татварын тайланг өгдөг систем рүү орж байгаа. Энэ хуулинд газрын үнэлгээ нь анхны дуудлага худалдааны үнээс төлөх татварын хэмжээ тодорхойлогдоно. Анхны дуудлага худалдааны үнэ суурь үнээсээ үндэслэгдэн тогтоогддог учир бодит байдалд нийцсэн үнээр тооцохгүй бол болохгүй.

О.БААСАНХҮҮ: ТОГТООЛ ДЭЭРЭЭ ХӨДӨЛМӨРИЙН ГЭРЭЭ ГЭЖ БИЧСЭН БАЙНА

Энэ тогтоол дээр “үйл ажиллагааны үр дүн болон хөдөлмөрийн гэрээг хагас, бүтэн жилээр үнэлж, дүгнэх, ажлын бүтээмж гүйцэтгэлийн үр дүнд үндэслэн, урамшуулах тогтолцоог бий болгох” гэсэн байна. Хөдөлмөрийн гэрээ гээд энэ дээр бичсэн байна. 190-өөд мянган хүмүүсийн хэдэн хувийг хагас жилээр, хэдэн хувийг бүтэн жилээр хийх юм бэ?

Суурь зардал гэдэг нь 30 болон түүнээс дээш хувийг сумд руу тараа гэсэнтэй адил болоод байна. Гэтэл хуулиар аваад үзэхээр аймаг нь сумдуудаа өөрөө хянаад, зохицуулаад явж байгаа.