Газрын тосны үйлдвэрийн ТЭЗҮ ирэх онд бэлэн болно
2017.11.14

Газрын тосны үйлдвэрийн ТЭЗҮ ирэх онд бэлэн болно

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр БНЭУ-ын Элчин сайд Суреш Бабуг хүлээн авч уулзан харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцав.

Уулзалтын үеэр БНЭУ-ын хөнгөлөлттэй зээлээр Газрын тос боловсруулах үйлдвэр, Мэдээллийн технологийн аутсорсингийн төв байгуулах, шууд нислэгтэй болох, ирэх онд Улаанбаатар хотноо болох Гамшгийн эрсдлийг бууруулах Азийн сайд нарын Бага хурлын бэлтгэл зэргийн талаар санал солилцлоо.

Ерөнхий сайд Н.Модигийн айлчлал харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргасан гэдэгт талууд санал нэгдэж, энэ үеэр яригдсан асуудлууд амжилттай хэрэгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.

Газрын тосны үйлдвэрийг дамжуулах шугам хоолойн хамт барих нарийвчилсан техник, эдийн засгийн үндэслэлийг Энэтхэгийн компани боловсруулж, ирэх онд хүлээлгэн өгөх юм. Монгол Улсын хувьд стратегийн чухал ач холбогдолтой энэ төслийг хэрэгжүүлэхэд Засгийн газар онцгой анхаарч байгааг Шадар сайд Ө.Энхтүвшин онцлов.

Мөн мэдээллийн технологийн аутсорсингийн төв байгуулж цаашид мэдээллийн Дата төв болгох төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэх чиглэлээр холбогдох сайд нарт чиглэл өгнө гэлээ. Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын Бага хурлын хүрээнд онцгой байдлын алба хаагчдыг БНЭУ-д сургахаар болсонд талархал илэрхийлэв.

Хоёр орны хооронд шууд нислэгтэй болсноор бизнес, аялал жуулчлал хөгжиж, Энэтхэгийн хөрөнгө оруулагчид Монголыг сонирхоно. Энэ хэрээр 27 сая ам.доллар байгаа худалдааны эргэлтийн хэмжээ ч эрс нэмэгдэх боломжтой. Бүтээн байгуулалтын томоохон төслүүдийн хэрэгжилт эрчимжинэ гэдэгт талууд санал нэгдлээ.

Мөн уулзалтаар кибер аюулгүй байдлын сургалтын төв байгуулах, хил хамгаалах болон батлан хамгаалах, боловсрол, соёлын салбар дахь харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.