Сумъяабазар.Д Бат-эрдэнэ.Ж Л.Энхболд 2017.11.14 | Өглөөний сонин, Телевиз: МҮОНТВ

Цагаан хад боомтыг дахин ашиглалтад оруулах асуудлыг танилцуулна

Цагаан хад боомтыг дахин ашиглалтад оруулах асуудлыг танилцуулна

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар амралтын өдрүүдэд уул уурхайн салбарын говийн бүсийн чуулга уулзалтад оролцсон. Мөн тэрбээр хилийн Гашуунсухайт боомтод үүссэн нөхцөл байдалтай танилцахаар зорьсон.

Түүнтэй хамт Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Л.Энхболд нар явсан бөгөөд тус боомтод өнгөрсөн долоодугаар сараас хойш үүсээд буй нүүрс тээвэрлэлтийн 100 гаруй км дугаарлалтын асуудлыг хэрхэн шийдэх, гарц байгаа эсэх талаар орон нутгийн удирдлагууд, уул уурхайн компани, нүүрс тээрвэрлэгчидтэй уулзаж ярилцжээ.

Сайд нарыг очиход Гашуунсухайтын замд нүүрс тээвэрлэхээр дугаарлаж буй тээврийн хэрэгслийн цуваа 84 км байсан байна. Харин сарын өмнө тэрхүү цуваа 130 км хүртэл үргэлжилж байсныг жолооч нар хэлж байв.

Уг нь Гашуунсухайт боомтоор өдөртөө 1200-1500 орчим машин урд хөрш рүү нүүрс экспортолдог байсан. Харин баяр наадмын дараа нөхцөл байдал эрс өөрчлөгдөж, БНХАУ нүүрсний татан авалтаа эрс бууруулсан нь ийнхүү өнөөдөр нүүрс тээвэрлэгч машины цуваа хэдэн арван км урт үргэлжлэхэд нөлөөлсөн аж.

Энэ талаар Гашуунсухайт гаалийн газрын дарга Б.Даваасүрэн

“Өнгөрсөн зургаадугаар сард өдөртөө 1600 гаруй машин гарч байсан. Манай боомтын хувьд зургаан гарцтай, бүрэн хүчин чадлаараа ажиллах боломжтой байгаа. Гэвч Хятадын талаас боомтын хяналт шалгалтаа чангатгаж, зургаан гарцынхаа хоёрыг нь ажиллуулж байгаагаас болж урт дараалал үүсэх болсон. Үүнийхээ шалтгааныг олон янзаар тайлбарлаж байна. Энэ арваннэгдүгээр сарын дундаас хэвийн ажиллаж эхэлнэ гэж мэдэгдсэн” хэмээж байлаа.

Сайд нарыг очиход Гашуунсухайтын замд нүүрс тээвэрлэхээр дугаарлаж буй тээврийн хэрэгслийн цуваа 84 км байсан байна.

Мөн БНХАУ-ын талаас ийнхүү нүүрсний татан авалтаа өдөрт 500-600 машин болгож бууруулснаа "Монголоос мах, буу зэвсэг гэх мэт хууль бус бараа хил нэвтрүүлдэг тул хяналт шалгалтаа чангаруулах Даалгавар дээрээс өгсөн”-тэй холбоотой гэх нь ч бий аж. Гэвч өнөөг хүртэл үүнийгээ баримтаар нотлоогүй. Урд хөршид Коммунист намын их хурлаас эхлээд томоохон арга хэмжээнүүд зохиогдож байгаа нь ийнхүү тээвэрлэлтэд нөлөөлж буй гэх мэт олон тайлбар хэлдэг хэмээн Гаалийн газрын дарга хэллээ.

Жолооч нарын хувьд уурхайгаас өмнөд хөрш рүү нүүрс тээвэрлэхийгээ “Уртын урт” хэмээн нэрийддэг. Тэд ийнхүү уртаар тээвэрлэлт хийдгийг болиулж нүүрсийг богино хугацаанд тээвэрлэдэг болгочихвол бид олон хоног дугаарлаж зовохгүй гэдгээ ч учирлаж байв. Ингэсэн тохиолдолд богинийн тээвэрлэлт хийх боломжтой болдог гэнэ.

Өнгөрсөн хугацаанд буюу дөрвөн сар өнгөрөөд байхад нөхцөл байдал сайжрахгүй байгаа төдийгүй нүүрс тээвэрлэгч жолооч нар өвлийн хүйтэнд доод тал нь хагас сар зам дээр машиндаа амьдрахад хүрч байна.

Сайд нартай уулзсан жолооч нарын нэг С.Анхбаяр энэ л маршрутаар таван жил нүүрс тээвэрлэж буй гэнэ.

Тэрбээр “Уурхайгаас нүүрсээ ачихын тулд 4-5 хоног дугаарладаг. Ачаагаа авчихаад Гашуунсухайт боомт хүртэл доод тал нь 12 хоног дугаарлаж байна. Буцаад урд хөршөөс наашаа орж ирэх гэж 3-4 хонодог" хэмээн баталж байлаа.

Түүнтэй адил зовлонтой мянга, мянган жолооч Гашуун сухайтын замд “гаслаад” багагүй хугацаа өнгөрч байна.

Үүнийг дагаад Гашуунсухайтын замд гэмт хэрэг, ослын тоо эрс нэмэгджээ.

Дугаарлаж буй жолооч нар архи ууж согтуурхсаны улмаас нэгнийгээ бэртээх, согтуугаар жолоо барьж, улмаар осол гаргах болжээ. Одоогийн байдлаар 123 зөрчил илрээд байгаа ба үүний найм нь эрүүгийн шинжтэй байна.

Үүнийг дагаад Гашуунсухайтын замд гэмт хэрэг, ослын тоо эрс нэмэгджээ.

Тухайлбал, 2016 онд дэлгэрээд байсан мансууруулах “мими” бодис илэрчээ. Мөн 17 ширхэг чонын тайрсан хоншоор, 800 грамм чулуу, 509 кг ямааны нойтон мах зэргийг нүүрс дунд хийж хил гаргах гэж байсныг илрүүлжээ.

Өнөөдрийн байдлаар Авто тээврийн үндэсний төвд 100 орчим аж ахуйн нэгжийн 7000 машин нүүрс тээвэрлэлт хийх зөвшөөрөл авч, үйл ажиллагаа явуулж буй аж.

Гэтэл эдгээр машиныг эзэмшдэг зарим аж ахуйн нэгжүүд тогтсон жолоочгүй тул хөлсний хүн авч ажиллуулан, тэдний нийгмийн даатгал гэх мэт татваруудыг огт төлдөггүй байна. Энэ нь эргээд тухайн жолоочийн нийгмийн асуудлыг огт шийдэхгүйгээс гадна машин нь эвдрэхэд засах засварын төв байхгүй зэрэг үүсэх эрсдэлд хариуцлага хүлээдэггүй аж.

Ийнүү нүүрс тээвэрлэх машинуудын тоо нэмэгдсэн нь хилийн боомт дээр дараалал үүсэхэд нөлөөлж байгааг “Энержи ресурс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл ярьж байв.

Мөн тэрбээр “Өнөөдөр авто замаар 65 тн даацтай машин явахаар тогтоосон. Тэгвэл үүсээд буй хүндрэлтэй нөхцөл байдлыг богино хугацаанд шийдэхийн тулд “Цагаан хад” боомт хүртэл уурхайгаас нүүрсээ тээвэрлэж, тэндээ нөөц бүрдүүлнэ. Ингээд “Цагаан хад”-наас “Ганц мод"т боомт хүртэл хилийн бүсийн 20 гаруй км-т шороон замаар нүүрс тээвэрлэж, машины даацын хэмжээг 100-110 орчим тн-д хүргэвэл хилийн ачааллыг бууруулах боломжтой. Гэхдээ энэхүү арга хэмжээг манай улс урд хөрштэйгөө дээд түвшиндээ хэлэлцээр хийж, харилцан ойлголцолд хүртлээ түр авах арга хэмжээ байж болох юм” гэсэн саналыг дэвшүүлсэн.

Хэрвээ богино эргэлтээр нүүрс тээвэрлэвэл 500 машин хилээр гарсан ч зөөх нүүрсний хэмжээ 40-50 орчим хувиар нэмэгдэх аж. Жолооч нарын зүгээс ч хоёр сайдад дээрх саналыг тавьж, богино эргэлтээр нүүрс тээвэрлэдэг болох хүсэлтээ уламжилж байсан юм.

Тиймээс уулзалтын үөэр уул уурхайн зарим компаниудын захирал болон жолооч нараас энэхүү хүндрэлийг ойрын хугацаанд яаралтай шийдвэрлэхийг Уул уурхайн хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, Зам тээврийн сайд Ж.Бат-Эрдэнэ нараас хоёр сайдаас хүссэн юм.

Энэ мэтчилэн олон асуудал үүсээд буй Гашуунсухайтын боомтод шаардлагатай арга хэмжээг нэн яаралтай шийдэх нь зөвхөн яам гэлтгүй Засгийн газрын анхаарал хандуулах асуудал гэж Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар онцлоод, Цагаан хад боомтыг дахин ашиглалтад оруулж, богино эргэлтээр ажиллах боломжийг Засгийн газарт танилцуулж шийдвэрлүүлнэ гэлээ.

Оюутолгойн гүний уурхайн олборлолт 2017 оноос эхэлнэ

Түүнчлэн Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар Өмнөговь аймагт хийсэн гурван өдрийн томилолтын үөэрээ "Энөржи рөсурс”, “Эрдэнэс Тавантолгой”, Тавантолгой болон "Оюутолгой" компанийн үйл ажиллагаатай танилцсан юм.

Сэтгүүлч Б.Төгөлдөр