Б.Баттөмөр 2017.11.16 | Сонин: Монголын үнэн

Б.Баттөмөр: Зээлийн хүүг бууруулах асуудлыг чухалчилж байна

Б.Баттөмөр: Зээлийн хүүг бууруулах асуудлыг чухалчилж байна

Ирэх оны төсөв болон Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Баттөмөрөөс зарим зүйлийг тодрууллаа.

-2018 оны төсвийг УИХ-аар хэлэлцэн хуулийн хугацаанд баталлаа. Хэр зэрэг чамбай төсөв болов?

-Сайн төсөв болсон гэж хэлэх боломжгүй. “Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийх” байдлаар хандсан. Тодруулбал, 7.2 их наяд төгрөгийн орлого, 9.6 их наяд төгрөгийн зарлага, 8.6 хувийн инфляц, 4.2 хувийн эдийн засгийн өсөлттэй төсвийг баталлаа. Төсвийн алдагдал 2.4 их наяд төгрөг. Энэ бол бага тоо биш. Үүнийг дотоодын нийт бүтээгдэхүүн / ДНБ/-тэй харьцуулбал найм орчим хувь болж байна.

-Энэ оны төсвийг өмнөх жилүүдтэй харьцуулахад хэр зэрэг шинэлэг болов. Юугаараа онцлогтой гэж хэлэх вэ?

-Төсвийн шинэчлэл хийх талаар Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасан. Шинэчлэлтэй холбоотой зарим асуудлыг төсөвт суулгалаа. Жишээлбэл, манай улсад хүүхдийн цэцэрлэг, сургуулийн хүртээмж маш муу байгаа. Иймд 2020 он гэхэд бүх хүүхдийг цэцэрлэгт хамруулж, ерөнхий боловсролын сургуулийг, бүгдийг нь хоёр ээлжээр хичээллэдэг болгох зорилт дэвшүүлэн ажиллаж байна.

Одоогоор 30-аад сургууль гурван ээлжээр хичээллэж байна.Энэ мэт ажлыг хэрэгжүүлэхээр тусгаснаараа онцлогтой.

-Төсөвтэй холбогдоод Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэлийг УИХ-аар хэлэлцэж байна. Юунд анхаарал хандуулж байна вэ?

-8.6 хувийн инфляц буюу үнэгүйдэл байна. Энэ бол дээд хязгаар. Үүнээс дээш гаргахгүй. Зээлийн хүүг бууруулах асуудлыг нэлээд авч үзэж байна.

-Манай улсад зээлийн хүү яагаад өндөр байдаг юм бэ. Хүүг бууруулах боломж бий юү?

-Зээлийн хүү өндөр байгаа нь маш олон зүйлтэй холбоотой. Жишээлбэл, эдийн засгийн чадавх муу, хуримтлал байхгүй гэх мэт шалтгаан бий. Тиймээс зээлийн хүүг урт болон дунд хугацаанд бууруулах стратеги боловсруулах асуудлыг мөнгөний бодлогод тусгаж байна.

-Ипотекийн зээл олон нийтийн шүүмжлэлийг дагуулдаг. Сар бүрийн төлбөрийн 70-80 хувийг хүүнд, үлдсэнийг нь үндсэн зээлэндээ төлдөг гэдэг. Энэ байдлыг өөрчлөх талд ярилцаж байгаа зүйл юу байна вэ?

-Монгол Улс цаашид ипотекийн зээлийн зохис-той хэлбэрийг бий болгож, харьяаллыг тодорхой болгон зөв зохион байгуулалттайгаар удирдах шаардлага бий. Энэ талаар мөнгөний бодлогод тусгаж байгаа. Одоо бол ипотекийн зээлийг Монголбанк хариуцдаг.

Үүнийг цаашид Засгийн газарт хариуцуулах нь илүү оновчтой гэж үзэж байгаа. Засгийн газар цааш нь дамжуулаад хувийн байгууллага, арилжааны банкинд шилжүүлэх зэрэг арга хэлбэрийн талаар олон улсын туршлагыг судлах нь зүйтэй. Мөн олон улсын байгууллагатай хамтарч ажиллах боломж бий. Энэ бүхнийг мөнгөний бодлогодоо хэрэгжүүлэх талаар бид ярилцаж байна.

-Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэлийг энэ долоо хоногт баталж амжих болов уу?

-Өнөөдөр /өчигдөр/ хоёр дахь хэлэлцүүлгийг нь хийлээ. Ирэх дөрөв дэх өдөр батална.