Д.Оюунхорол: Барьцаа хөрөнгө шаардахгүй ИТГЭЛИЙН ЗЭЭЛ олгох боломж бүрдүүлэхэд эмэгтэй гишүүд хамтарч ажиллана
2017.11.16

Д.Оюунхорол: Барьцаа хөрөнгө шаардахгүй ИТГЭЛИЙН ЗЭЭЛ олгох боломж бүрдүүлэхэд эмэгтэй гишүүд хамтарч ажиллана

Өнөөдөр /20174.11.16/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэлийг батлах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Д.Оюунхорол асуулт асуулаа.

Д.ОЮУНХОРОЛ: АРИЛЖААНЫ БАНКУУДЫН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУЛГАХ ЧИГЛЭЛЭЭР МОНГОЛБАНК ТОДОРХОЙ АРГА ХЭМЖЭЭ АВАХ ХЭРЭГТЭЙ

Монгол Улсын эдийн засаг 2016 оны сонгуулийн дараа -1.6 байсан. Харин өнөөдөр эхний 9 сарын байдлаар 5.8 хувийн өсөлттэй гарч байна. Ганц жилийн дотор 7.4 хувиар эдийн засаг өслөө. Валютын ханш тодорхой хэмжээгээр тогтворжлоо. Монголбанкны валютын нөөц сонгуулийн дараа ганц тэрбум долларын нөөцтэй боллоо гэж ярьж байсан бол өнөөдөр 2.2 тэрбум долларт хүрсэн гэж ярьж байна. Энэ бол багагүй амжилт. Үүний үр дүн тодорхой хэмжээгээр гарсан гэж эдийн засгийн үзүүлэлтээс харж болно. Экспорт эхний 10 сард 1.5 ам.доллараар өссөн, аж үйлдвэрийн салбарын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2.9 их наяд төгрөгт хүрсэн.

Би гишүүдийн ярьж байгаатай санал нэг байна. Ер нь арилжааны банкуудын зээлийн хүүг буулгах, шинэ төрлийн үйлдвэрлэл, үйлчилгээг бий болгох чиглэлээр Монголбанк тодорхой арга хэмжээ авах талаар анхаарах хэрэгтэй.

Өчигдөрхөн Төрийн ордонд оёдлын салбарт ажиллаж байгаа эмэгтэйчүүдийн чуулга уулзалт болсон. Хөдөө орон нутгаас 1000 гаруй оёдолчин, уран гартай бүсгүйчүүд цугласан. Энэ хүмүүс тухайн үедээ 30 мянган ажлын байр бий болгож, Монгол Улсын экспортонд гаргадаг бүтээгдэхүүний 29 хувийг үйлдвэрлэж байсан. Харин өнөөдөр 1, 2 машинтай өрхийн үйлдвэрлэлийн хэмжээнд хүрсэн. Энэ салбарт 2500 гаруй хүн ажилладаг болтлоо буурсан.

Тэдний тавьж байгаа хэд хэдэн зорилго байгаа. Тоног төхөөрөмж, үйлдвэрлэлийн барилга болон эргэлтийн хөрөнгийн зээлийг авахад дэмжлэг туслалцаа үзүүлээд, урт хугацаатай, хүү багатай зээл олгохыг хүсч байгаа.

Эдгээр хүмүүсийн ярьж байгаа асуудлыг томъёолж үзвэл барьцаа хөрөнгө шаардахгүйгээр итгэлийн зээл олгоод, олон мянган хүнийг ажилтай, орлоготой болгох МАН-ын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Монголбанк тодорхой шийдвэр гаргаж, туслалцаа үзүүлээч ээ гэж хүсч байна.

Энэ чиглэлээр та бүхэн ямар зүйл хийх боломж байгаа вэ? Энэ чиглэлээр УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлэг та бүхэнтэй хамтран ажиллаж, зарим нэг хуулийн төслүүдийг санаачилж, өргөн барьмаар байна. Бангладешийн Венус гэж хүний байгуулсан банк нь ажилгүй, орлогогүй байгаа иргэд барьцаа хөрөнгө шаарддаггүй итгэлийн зээл олгосноор 100 мянган иргэнийг ядуурлаас гаргасан байдаг. Түүгээрээ Нобелийн шагнал хүртэж байсан сайн загвар байдаг. Энэ асуудал дээр тодорхой шийдвэр гаргаж өгнө үү.

Энэ асуудлыг шийдвэл дотоодод үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүний үнийг бууруулах, зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх боломжтой.

Түүхий эд материалыг нь гаалийн татвараас чөлөөлж өгөх зэрэг дэмжлэг үзүүлбэл оёдлын салбар өсөж хөгжих бололцоо бүрдэнэ.

МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Н.БАЯРТСАЙХАН: ТАНЫ САНАЛЫГ БИД БҮРЭН ДЭМЖИЖ БАЙНА

Д.Оюунхорол гишүүний тавьж байгаа саналыг бид бүрэн дэмжиж байна. Өнөөдөр бидний баталж байгаа баримт бичигт зээлийн хүүг буулгах, чанаргүй зээлийн хэмжээг багасгах бодлогын том том зорилтууд тусгалаа олж байгаа. Эдгээрийг хэрэгжүүлэхийн төлөө ажиллана.

УИХ-ын танхимд сууж байгаа боломжийг ашиглаад нэг зүйлийг хэлмээр санагдлаа. Тэр бол зээлийн хүүг буулгах хамгийн гол зүйл УИХ-аас хамаарна. Гол нь төсөв алдагдалгүй батлагдах ёстой байна. Өндөр алдагдалтай төсөв батлагдахаар Засгийн газар төсвийн алдагдлыг нөххийн тулд Засгийн газрын үнэт цаасыг гаргаж маш өндөр хүүтэйгээр санхүүгийн зах зээл дээр борлуулж байна. Өөрөөр хэлбэл хувийн хэвшилд зээл болж очих ёстой тэр мөнгө Засгийн газрын үнэт цаас руу ороод байна. Алдагдлыг нөххийн тулд гэсэн үг. Экспортоо бид дэмжих ёстой. Томоохон төсөл хөтөлбөрүүд хурдан шуурхай хэрэгжмээр байна. Төсөл алдагдалтай байх явдал зээлийн хүүг нэмэгдүүлэх суурь. Монголбанкны тухайд зээлийн хүүг бууруулахын тулд салбарын шинжтэй арга хэмжээ авна. Тухайлбал, ЖАЙКА-гийн төсөл орж ирж байгаа.