Үйлчин бүсгүйчүүдээ эмэгтэй гишүүд дэмжиж ажиллана
2017.11.17

Үйлчин бүсгүйчүүдээ эмэгтэй гишүүд дэмжиж ажиллана

Эх орныхоо өнцөг булан бүрээс ирсэн уран гартай үйлчин бүсгүйчүүд маань Төрийн ордны их танхимд чуулж “Оёдлын салбарын хөгжлийн өнөөгийн түвшин, гарц, шийдэл” асуудлаар зөвлөлдлөө.

Тус зөвлөгөөнийг УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлэг дэмжин оролцсон юм. Бүлгийн дарга Д.Оюунхорол хэлсэн үгэндээ

“Оёдлын салбар нь цагтаа 30 мянга орчим хүнийг тогтмол ажлын байраар хангаж, экспортын бүтээгдэхүүний 29 хувийг дангаараа үйлдвэрлэж байсан бол өнөөдөр уналтын байдалд ороод 2500 орчим хүн л тогтмол ажлын байртай, дийлэнх олонх нь 1-2 оёдлын машин тавьсан хувцас захиалга, засвар хүлээсэн л хүмүүс болоод байна. Оёдлын салбар нь өрх толгойлсон эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй, амьдралын түвшин доогуур иргэдийг ажлын байраар хангадаг эдийн засгийн өгөөж, нийгмийн хариуцлага өндөртэй чухал салбар юм. Төр засгийн зүгээс бодлогын түвшинд жаахан дэмжээд өгчихвөл дороо л босоод ирнэ. Тэр хэрээр ажилгүйдэл ядуурлын түвшин буурна. Хүртээмж нь амжиргааны түвшин доогуур өрх гэр бүрт мэдрэгдэг салбар” хэмээгээд УИХ дахь эмэгтэй гишүүд тэдний дуу хоолой болон хамтран ажиллахаа илэрхийлсэн юм.  

Манай улсын хувьд Ерөнхий боловсролын сургуульд 552 мянган сурагч, батлан хамгаалах, хил, онцгой байдал зэрэг салбаруудад 26 мянга орчим алба хаагчид дүрэмт хувцас өмсдөг. Мөн уул уурхайн, боловсруулах үйлдвэрлэлийн салбарт 70 мянга гаруй ажилтан хөдөлмөр хамгааллын зориулалтын хувцас өвөл, зуныхаар хэрэглэдэг. Жилд нийтдээ 70 орчим тэрбум төгрөг зарцуулдаг байна. МУ-ын Сангийн Яам төсвийн худалдан авалтын нормын хувцас хэрэглэл, зөөлөн эдлэл худалдан авахаар 2016 онд 25,6 тэрбум төгрөгийг төсөвлөж байжээ.

Эндээс үзэхэд дүрэмт болон нормын хувцсыг үндэснийхээ оёдлын үйлдвэрүүдээр хийлгэвэл энэ салбарт жилдээ 70-100 тэрбум төгрөгний  хөрөнгө оруулалт хийгдэж 30-40 мянган иргэн ажлын байртай болох боломжтой юм байна.

Эмэгтэй гишүүдийн бүлэг санамж бичгийнхээ хүрээнд:
  • Дүрэмт болон хөдөлмөр хамгааллын хувцсыг дотоодын үйлдвэрүүдтэй гэрээлэн гүйцэтгүүлэх бололцоо нөхцлийг холбогдох яамд, төсвийг зарцуулах эрх бүхий сайд, албан тушаалтнуудад Засгийн газар чиглэл өгч, тогтоол гаргуулах,

  • Тоног төхөөрөмж, үйлдвэрийн барилга болон эргэлтийн хөрөнгийн зээлийг “Барьцаа хөрөнгө” шаардахгүйгээр “Итгэлийн зээл” авах боломжийг бүрдүүлэх

  • Дотоодод үйлдвэрлэж буй бүтээгдэхүүний үнийг бууруулах, зах зээлд өрсөлдөх чадварыг нь нэмэгдүүлэх зорилгоор түүхий эд материалыг гаалийн татвараас чөлөөлөх.

  • Импортыг орлох оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэж гадагш урсах валютын урсгалыг зогсооход тодорхой хувь нэмэр оруулж, иргэдийг ажлын байраар тогтвортой хангаж байгаа аж ахуйн нэгжүүдэд урамшуулал, дэмжлэг үзүүлэх

  • Үндэсний оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүний үзэсгэлэнг УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлгээс хамтран жил бүр зохион байгуулах гэсэн заалтуудыг хэрэгжүүлэхээр тусгасан байна.