2017.11.17

Ц.Даваасүрэн: Сонсгол хийж байж төр цэвэрлэгдэнэ

УИХ-ын чуулганы баасан гаригийн нэгдсэн хуралдаан эхэлж, хэлэлцэх асуудалтай холбогдуулж УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлэв.

Ц.Даваасүрэн: Хэдэн тэрбумын төгрөгийн асуудал ойрын хугацаанд их яригдаж  байна. Үүнийг УИХ энгийн зүйл мэтээр шуурхайлаад яваад байж болохгүй. Шүүхээр шийдэгдээгүй асуудал гэж хандаад байна. Үгүй. УИХ-д энэ асуудлыг ярих бүтэц бий. Ёсзүйн дэд хороо, Тусгай хяналтын дэд хороо, УИХ-ын гишүүдийн халдашгүй байдлын дэд хороо байгаа. Энэ бүхнээр ярих ёстой. Төрийн өндөр албан тушаалтан ёсзүйтэй байх ёстой.

Өмнө нь бид энэ бүтцүүдийн бүрэлдэхүүнийг улстөрд хат суусан, туршлагажсан гишүүдийг суулгадаг байлаа. Д.Лүндээжанцан, Ө.Энхтүвшин, Ч.Улаан Ц.Нямдорж зэрэг гишүүд байсан. Одоо үгүй болж. Том компанитай, тагнуулд ажилласан хүмүүс байна. Үүнээс болоод дэд хороод ажиллахгүй байна.

Энэ том том мөнгөнд холбогдоод мэлзээд байгаа асуудлыг мэлзүүлээд өнгөрдөг байж болохгүй. Бүтцээрээ үүнийг ярьдаг байх хэрэгтэй. Ялангуяа УИХ-ын удирдлагууд анхаарах ёстой.

Өчигдрийн болсон үйл явдалд маш олон иргэд дургүйцэл илэрхийлж байсан. Төрийн итгэл суларахаар цаашид яах вэ? Бид ард түмнээ жолоодлогогүй болговол иргэд хохирно.

Сонсголыг нь хий. Муу муухай зүйлийг тээгээд Солонгос явчихаж болохгүй. Юунаас айгаад байгаа юм? Үргэлжлүүлэх үү гээд байсан ш дээ. Үргэлжлүүлүүл л дээ. Дэд хороод хуралдахаас өмнө сонсголыг хий. Бид ярьж байж, мэдэж байж, хариуцлага тооцож байж төр цэвэрлэгдэнэ. Иргэд маш их бухимдаж байна.

Цэвэршье гэвэл асуудлаа ярьдаг, бүтцээ ажиллуулдаг. Бүтцээ зөв бүрдүүлдэг байх ёстой. Ингэхгүй бол бид 2020 онд арчигдана. Төр хямраад эхлэх юм бол маш хүнд байдалд орно. Бүтцээ зөв бүрдүүлээд явах ёстой.