Эрдэнэбат.Д З.Нарантуяа 2017.11.22 | Сайт: Vip76.mn

АН бүлэг: Банкны үйл ажиллагаанд төрөөс хэт оролцох гэсэн оролдлого болж байна

АН бүлэг: Банкны үйл ажиллагаанд төрөөс хэт оролцох гэсэн оролдлого болж байна

Засгийн газраас өргөн барьсан Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнгөрсөн долоо хоногийн чуулганаар хэлэлцэх эсэхийг дэмжсэн ч АН бүлэг завсарлага авсан. Өнөөдөр /2017.11.22/ УИХ дахь АН бүлэг хэвлэлийн бага хурал хийж тус хуулийн төсөлд олон ноцтой дутагдал байгааг хэллээ.

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат: "Банкны тухай хууль дээр зээлийн хүүгийн дээд хязгаарлалтыг Монголбанк тогтооно гэсэн нь зах зээлийн зарчмаас ухраад, банкны бизнесийн үйл ажиллагаанд төрөөс хэт оролцох гэсэн оролдлого байна гэж бид харж байгаа.

Мөн энэ хуульд тодорхойгүй нэр томьёо маш олон орж ирсэн. Энэ хууль чинь өөрөө Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудал биш байна. Нийт хуулийн 50 гаруй хувьд өөрчлөлт орж байгаа учир Банкны тухай хуулийн шинэчилсэн найруулга гэж үзэж байгаа.

Ер нь банк, санхүүгийн эрх зүйн орчныг зайлшгүй шинэчлэх шаардлагатай гэж үзэж байгаа бол ОУВС-ийн шинжээчдийн дүгнэлтийг эцсийн байдлаар харах хэрэгтэй.

Монголын нийт 13 банканд хийсэн шалгалтын үр дүнг сонссоны дараа банк санхүүгийн системд ямар гажуудал байна гэдэг мэдээллийг аваад, дараа нь эрх зүйн шинэчлэлээ багцлан хийх нь зөв.

Хөрөнгө оруулалтын банкны тухай хууль, Банкны тухай хууль Өнөөдрийн УИХ дээр хэлцэгдэж байгаа. Сая Засгийн газраас Төв банкны тухай хуулийг өргөн барьсан учир банк санхүүтэй холбоотой гурван хууль байна. Тиймээс эдгээр гурван хуулийг хэлэлцэх эсэхийг нь шийдчихээд, нэгдсэн ажлын хэсэг байгуулаад, монголын банк санхүүгийн асуудлыг цогц байдлаар эдгээр хуулийн хоорондын үйлчлэл зэргийг зөв хэмжээнд нь оруулах хэрэгтэй.

УИХ-ын гишүүн З.Нарантуяа "Банк санхүүгийн салбарыг сайжруулах, зээлийн хүүг бууруулах, банкны үйлчилгээг хүртээмжтэй болгох чиглэлээр банкны багц хуулийн төслийг оруулж ирж эрх зүйн орчныг сайжруулах шаардлага байгаа. Гэхдээ анхаарах хэрэгтэй олон асуудал байна. Тухайлбал, Банкны тухай хууль дээр гурван зүйл дээр маш анхааралтай байхгүй бол өнөөдөр эдийн засгийн салбарт үүргээ тодорхой хэмжээгээр гүйцэтгээд явж байгаа банкны салбарыг доголдуулах нөхцөл байдал руу түлхэх эрсдэлтэй байна.

Банкны зээлийн хүүг тогтоох тухай асуудлыг оруулж ирэх шаардлага байхгүй.

Учир нь мөнгөний бодлогыг үндсэн чиглэлийг батлахдаа зээлийн хүүг бууруулах цогц арга хэмжээг агуулсан стратегийг Монголбанк боловсруулж, батлуулж хэрэгжүүлэх үүрэг болгосон. Тиймээс цаг хугацааны хувьд зээлийн хүүг тогтоох тухай энэ заалтыг оруулж ирж байгаа нь буруу.

Түүнчлэн ОУВС-аас бүх банкууд дээр шалгалт оруулж байгаа.

Энэхүү ажиллагааны эцсийн үр дүнд үзээгүй байгаа хирнээ Монголбанк Ерөнхийлөгч энэ сарын 30-нд бүх банкуудын дүрмийн санг 100 тэрбумаар нэмэгдүүлэх шийдвэр гаргачихсан байна. Энэ шийдвэрийнхээ дагуу ирэх арванхоёрдугаар сарын 01-ний дотор өөрийн хөрөнгийг 100 тэрбум болгох эх үүсвэрээ ол, төлөвлөгөө боловсруулж ир гэсэн захиргааны шинж чанартай шаардлага өгсөн байна.

Ер нь Монголбанкнаас мөнгөний бодлогын буюу зах зээлийн арга хэрэгсэл зарчмуудыг хэрэглэхийн оронд шууд захиргаадсан хэм хэмжээнүүдийг гаргаад байна.

Энэ нь банкны системд ашиг тус авчрах, сөрөг үр нөлөө үзүүлэх эсэх тал дээр олон талаас нь бодож, дүгнэх шаардлагатай байна.

Манай улсын банкнуудын хувьд үндсэн төлбөр тооцоо гүйцэтгэх чадвар сайн байгаа. Тиймээс өнөөдөр дампуурах банк байхгүй. Харин энэ олон талбар нь тодорхойгүй битүүлэг арга хэмжээний үр дүнд иргэд харилцагчид банканд итгэх итгэл нь буурч болзошгүй байна. Тиймээс би энэ үгийг ард иргэддээ хандаж хэлж байгаа юм. Хэдийгээр ОУВС-ийн шаардлага байгаа ч банкнуудын өөрийн хөрөнгийн дүнг нийтэд зарлах тухай яриа Монголбанканд явж байгаа. Монголбанкны Ерөнхийлөгч мэргэжлийн хүний хувьд банкнуудын өөрийн хөрөнгийн дутагдлын талаар мэдээллийг олон нийтэд ил тод зарлахгүй байх гэж найдаж байна.