С.Чинзориг сайд "Оюу Толгой"-н удирдлагыг хүлээж авч уулзлаа
2017.11.22

С.Чинзориг сайд "Оюу Толгой"-н удирдлагыг хүлээж авч уулзлаа

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг өнөөдөр "Оюу Толгой" ХХК-ийн гүйцэтгэх захирал Армандо Торресыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Армандо Торрес захирал "Оюу Толгой" ХХК-ийн үйл ажиллагаа тэр дундаа хүний нөөц, боловсон хүчнийг бэлтгэх чиглэлд баримталж ажилладаг бодлогын талаар товч мэдээллийг өгсөн юм. Тэрбээр тус компанид хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангахад онцгой анхаарч ажилладаг бөгөөд монголчууд аюулгүй ажиллагааны соёлд сайн суралцсаны үр дүнд осол гэмтлийн үзүүлэлтээр 0,24 буюу хамгийн сайн үзүүлэлтийг авч уул уурхайн салбартаа тэргүүлж буйг танилцуулсан. ХАБ-ын гол зорилго нь хүний амь нас, эрүүл мэндэд эрсдэлгүй байдлыг хангах бөгөөд “Оюу Толгой” компани энэ тал дээр хүчин чармайлт гаргаж ажилладаг. Нэг хэсэг чамгүй их хэл ам дагуулсан гадаад, монгол ажиллагсдын тооны харьцааны талаар ч тэрбээр танилцуулгадаа хөндсөн. Өдгөө тус компанид 13 мянган хүн ажилладаг бөгөөд тэдний 93 хувь нь монголчууд. Мөн удирдлагын 69 хувь, гүйцэтгэх удирдлагын гуравны нэг нь үндэсний боловсон хүчнээр хангагдсан байна. Энэ нь монголчууд аливаа шинэ зүйлийг амархан сурч, техник технологийг богино хугацаанд эзэмшиж олон улсын түвшинд өрсөлдөхүйц мэргэжилтэн болж чаддагтай холбоотойгоос гадна “Оюу Толгой” компанийн боловсон хүчний бодлоготой ч холбоотой гэдгийг Армандо Торрес захирал онцолсон.  Мөн энэ үеэр самосвал ашиглалт, тоног төхөөрөмжийн бэлэн байдлын үзүүлэлтээр “Оюу Толгой”-н монголчууд “Рио Тинто”-гийн компаниуд дундаа толгой цохидог гэдгийг хэлж байлаа.

           Армандо Торрес “Сайд таны хүчин чармайлтын хүчинд гүний уурхайд эмэгтэй ажилчид ажиллах боломжтой болсноор өнөөдрийн байдлаар гүний уурхайн бүтээн байгуулалтад ажиллаж буй ажиллагсдын 18 хувь нь эмэгтэйчүүд байна” хэмээсэн. Тэрбээр мөн энэ онд “Оюу Толгой” компанийн санхүүгийн үзүүлэлтүүд сайжирч эерэг үр дүнтэй гарч буй төдийгүй гүний уурхайн бүтээн байгуулалт төлөвлөсний дагуу амжилттай яваа бөгөөд цаашид сайжрах хандлагатай байгаа гэлээ. Ярианыхаа төгсгөлд тэрбээр гадаадаас авах ажиллах хүчний квотын талаар тодорхой саналууд байгаагаа уламжилсан юм.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг "Оюу Толгой" ХХК Монголын эдийн засагт хувь нэмэр оруулж, монголчуудыг дэлхийн хэмжээний том уурхайд ажиллах чадвартай мэргэжилтэн болгоход анхаарч ажиллаж байгаад талархал илэрхийлээд тэдний тавьсан саналуудыг судалж хамтарч ажиллахад бэлэн байгаагаа хэлсэн. Мөн тэрбээр  "Оюу Толгой" ХХК-ийг үйл ажиллагаа хөрөнгө оруулалт болон Монгол Улсын хүртэх ёстой ашиг орлогын талаар олон нийтэд байнга нээлттэй мэдээлж байхыг зөвлөлөө. Түүнчлэн “Оюу Толгой” ХХК-иас бизнес эрхлэгчдэд зориулан компанийн засаглал, ХАБ, боловсон хүчнээ бэлтгэдэг арга гээд олон чиглэлээр туршлага хуваалцаж хамтран ажиллахад анхаарахыг хүслээ. Сайдын онцлон хэлсэн өөр нэг зүйл нь хүмүүсийг ажилд авах, монгол залуусыг дэлхийн хэмжээний мэргэжилтэй боловсон хүчин болгон чадваржуулах ажлаа зөвхөн Өмнөговь амйгаар хязгаарлалгүй үндэсний хэмжээнд болгож өргөжүүлэх, үүний тулд хөдөлмөр эрхлэлтийн байгууллагуудтай нягт хамтарч ажиллах тухай байсан юм.