Ч.Улаан Б.Батзориг 2017.11.23

225.0 мянган тонн хүнсний, 10 мянган тонн үрийн буудайг НӨАТ-аас чөлөөлөх шаардлагатай гэв

225.0 мянган тонн хүнсний, 10 мянган тонн үрийн буудайг НӨАТ-аас чөлөөлөх шаардлагатай гэв

Өнөөдөр /2017.11.23/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Уг хуулийн төслийг өнгөрсөн долоо хоногт Засгийн газраас өргөн барьж, шуурхай хэлэлцэх шаардлагатай байгаа юм.

Хуулийн төслийн танилцуулгыг ХХАХҮ-ийн сайд Б.Батзориг танилцууллаа.

2017 оны хаврын тариалалт төлөвлөсний дагуу хэвийн явагдсан боловч 5 дугаар сарын 20-ноос 7 дугаар сарын 10-ны өдөр хүртэлхи хугацаанд тариалалтын ихэнхи бүс нутгаар хур тунадас огт ороогүй, нарны хэт их халалт явагдсан, таримал ургамлын өсөлт хөгжилтөд сөргөөр нөлөөлж улмаар 2017 онд хураан авахаар тооцоолсон ургацын хэмжээг үлэмж буурууллаа. 2017 оны ургац хураалтын дүнгээс харвал 2017-2018 оны хүн амын хэрэгцээт улаан буудайн 40 гаруй хувийг хураан авсан бөгөөд дутагдах 215 мянган тонн улаан буудайг импортоор авч, нөөц бүрдүүлэх тооцоо гарч байна. 2018 оны тариалалтад нийт 60 мянга орчим тонн үрийн буудай шаардах тооцоо гарч байгаа бөгөөд энэ намрын хураах ургацаас 30 мянган тонн улаан буудайг аж ахуй нэгж, иргэд өөрдсөө нөөцөлсөн мэдээ ирлээ. Мөн тариалан эрхлэлтийг дэмжих сан ургацаас 24.6 мянган тонн үрийн буудайн нөөц бүрдүүлээд байгаа ба 10 мянга орчим тонн үрийн буудайг импортоор авахаар ажиллаж байна. Өвс тэжээлийн хангамжийн тухайд 2017 онд 930 мянган тонн бэлтгэж 300 мянган тонн өвс тэжээл дутагдаад байна. Энэ хууль батлагдсанаар дутагдаж байгаа өвс тэжээлийг импортлон малчдад хямд үнээр нийлүүлэх боломж бүрдэх юм.

Иймд цаашид гурилын үнийг нэмэхгүй, тогтвортой хадгалах, 2018 оны тариалалтыг хэвийн явуулах боломжийг бүрдүүлэх, малын өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийг хангахад шаардагдах импортоор авах малын тэжээл, өвс, 225.0 мянган тонн хүнсний, 10 мянган тонн үрийн буудайг тус тус Нэмэгдсэн өртгийн албан татвараас 2018 оны 06 дугаар сарын 31-нийг хүртлэх хугацаанд чөлөөлөхөөр хуулийн төсөл боловсруулжээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ч.Улаан байр сууриа илэрхийлсэн юм.

Ч.УЛААН: СҮХБААТАР АЙМАГТ ТУУРАЙН ЗУД БОЛОХ ЭРСДЭЛ БОДИТООР НҮҮРЛЭЖ БАЙНА

Ч.Улаан: Өнгөрсөн зун гантай байснаас шалтгаалаад бэлчээрийн даац хүрэлцэхгүй болсныг ойлгож байна. Өвөлжилтийг амжилттай давахын тулд зайлшгүй өвс тэжээлийн хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор импортоор авах шаардлага байгааг ч ойлгож байна. Тиймээс энэ асуудлыг дэмжиж байгаа.

Өвөлжилтийн байдалд дүгнэлт хийж, бэлтгэлийг сайн хангах үйл ажиллагааг оновчтой зохион байгуулж чадаагүйгээс сөрөг үр дагавар гарах эрсдэл байгааг анхаарч үзэх хэрэгтэй.

Хамгийн сайхан зунтай байсан Сүхбаатар аймагт байдал амаргүй болж болзошгүй нөхцөл байдал үүсч байна.

Энэ жил Төв, Сэлэнгэ, Дундговь аймгаас отор нүүдэл Сүхбаатар аймаг руу явсан. Одоо ч дуусаагүй байна. Дээрээс нь энэ жилийн хадлангийн дийлэнх хуви йг Сүхбаатар, Дорнод аймгаас татсан. Ингээд байсан бэлчээрийг хадаж, отор ихээр очсоны улмаас асуудал гарч байна. Үлдсэн жаахан нөөц бэлчээрийг нь түймэр авч явсан. Ингэхээр Сүхбаатар аймагт туурайн зуд болох эрсдэл бодитой болсон байна. Оторыг хүлээж авсан нь ч, отороор очсон нь ч зудад нэрвэгдэх эрдсэл байна. Энэ байдлыг харгалзан үзэж, өвс тэжээлийн хуваарилалт, отор нүүдлээр очсон малчдыг өнөтэй өвөлжүүлэх асуудалд онцгой анхаарал хандуулахгүй бол болохгүй. Зун нь сайхан байсан гээд Сүхбаатар аймгийг анхаарлаасаа гаргавал, нутгийн малчид болон шинээр очсон малчид их хүнд байдалд орох эрдсэл байгаа.

Өвс тэжээлийн хуваарилалт, үнэ өртгийн хямдруулалтад Засгийн газар анхаараарай.

Гишүүд байр сууриа илэрхийлж дууссаны дараа санал хураалт явагдахад хуралдаанд оролцсон гишүүдийн ихэнхи нь хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ.