УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан
2017.11.24

Л.Энх-Амгалан:Шинжлэх ухааны салбарын одоогийн бүтцийг эргэж харах хэрэгтэй

Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Ё.Баатарбилэг, Ж.Батзандан нараас Монгол Улсын Ерөнхий сайдад хандан “Шинжлэх ухааны академийн төсөв, хөрөнгө оруулалт, төрийн захиалгат судалгаа, шинжилгээний ажилд зарцуулсан хөрөнгийн хэмжээ, шинжлэх ухаан, технологийн салбарт сүүлийн 5 жилд улсын төсвөөс зарцуулсан хөрөнгийн хэмжээ, үр дүн, өгөөж, цаашид шинжлэх ухааны салбарт төрөөс баримтлах бодлогын талаар” тавьсан асуулгын хариуг сонсож байна

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Маш чухал асуулгыг гурван гишүүн тавьсан байна. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд байнгын хорооны даргаар ажиллаж байхдаа Ё.Баатарбилэг, Б.Баттөмөр гишүүд маш их санал санаачлага гаргаж төрөөс шинжлэх ухааны талаар баримтлах бодлого дээр ажиллаж байгаад 9 сарын 22 нд засгийн газраар бодлогын баримт бичиг нь гарсан.

Тэгээд бид нарын явж ирсэн замаа эргэж хармаар санагдаад байгаа юм. Яг одоо социализмын үеийн академи тойрсон тогтолцоотой явж ирсэн. Бид шинжлэх ухаан, инноваци гэж ярихаар шинжлэх ухааны академи тойрсон 1000 гаран эрдэмтэдийн талаар ярьж байгаа гэж ойлгож болохгүй юм.

Манай экспортод гаргаж буй бүтээгдэхүүнд хэр зэрэг инноваци шингэсэн юм. Монгол улс ер нь цаашдаа өрсөлдөх чадвартай юу үгүй юу гэдэг шинжлэх ухаан технологитой холбоотой гэж үзээд байна. Одоо байгаа тогтолцоогоо эргэн харах хэрэгтэй, төрөөс санхүүжүүлэх тухай ярьж байгаа нь буруу гэж бодож байна. Төр хувийн хэвшил хамтарсан хувилбар руу явах хэрэгтэй юмаа. Инновацийг бодлогоор хөгжүүлж байгаа орнууд аль үе шатад төр оролцох ёстой юм бэ гэдгийг нарийн зааж өгсөн байдаг. Цаашдаа бусад улстай ямар салбараар өрсөлдөх чадвартай гэхээр хөдөө аж ахуй, биотехнологи гэж харж байгаа. Энэ бол бидний маш том боломж юм.

БСШУЯ-ны сайд Ц.Цогзолмаа: Таны саналыг дэмжиж байна. Санал нэг байна. Монгол улс шинжлэх ухааны салбарыг реформ хийх шаардлагатай байгаа. Боловсон хүчний нөөцөө хэрхэн зөв тодорхойлох схем оруулж хийх юм бэ гэдгийг ярих хэрэгтэй. Мөн залуу эрдэмтэн судлаачдаа хэрхэн дэмжих юм бэ гэдгийг өөрчлөх тал дээр 100 хувь санал нийлж байна. Инновацийн тодорхой шинэчлэлүүд маань эрхзүйн шинэчлэл эхлээд явж байгаа.