Б.Бат-Эрдэнэ Л.Энхболд А.Сүхбат Л.Цог 2017.11.28 | Телевиз: NTV, Телевиз: МОНГОЛ TV

Цаазын ялыг сэргээснээр гэмт хэргийн гаралт багасдаггүй

Цаазын ялыг сэргээснээр гэмт хэргийн гаралт багасдаггүй
Цаазын ял

МУ-ын ерөнхийлөгч цаазын ялыг сэргээх тухай саналаа өргөн бариад байгаа билээ. Цаазын ялыг сэргээх тухай асуудалд судлаач нар болон олон улсын хүний эрхийн байгууллагууд, экспертүүд санал байр сууриа илэрхийлээд байгаа билээ.

УИХ-ын гишүү Б.Бат-Эрдэнэ: Цаазын ялыг халах асуудал дэлхий нийтэд хүчтэй яригдаж байгаа. Монгол орны хувьд нөхцөл байдал нь цаазын ялыг халах цаг болсон уу гэдэгт байр сууриа илэрхийлж байсан. Алдаа бол засах боломжгүй байдаг. Хилсдэх асуудал бий. Туйлын анхааралтай судалгаатай хандах чухал юм. Нийгэм дэхь сэтгэлийн боловсрол, ёс зүй ямар байгаа юм? олон хүчин зүйлс байна.

Хуульч О.Мөнхсайхан: Гэмт хэрэг гарахад олон хүчин зүйл нөлөөлдөг. Тухайлбал ядуурал, ажилгүйдэл, архидалт ихсэхээр гэмт хэргийн гаралт ихэсдэг нь тодорхой. Мөн бэлгийн дарамт, аливаа зүйлийг хүчээр шийдэх гэсэн хандлага нийгэмд их байна. Эдгээр асуудлыг шийдсэний дараа хүчирхийлэл тодорхой хэмжээнд буурна. Монголын нийгэм зэрлэгшиж, аймшигтай болсон гэдэгтэй би санал нийлэхгүй. Учир нь социализмын үед дээр дурдсанчлан онц хүнд гэмт хэргүүд гарч байсан. Гол нь хаалттай байсан учраас хэн ч мэддэггүй. Өнөөдөр ийм төрлийн гэмт хэрэг олны сонороос нуугдах ямар ч боломжгүй болсон учраас бидэнд гэмт хэрэг ихэссэн мэт санагдаж байгаа гэж бодож байна. Мөн ийм төрлийн гэмт хэрэг АНУ, Герман, Япон зэрэг өндөр хөгжилтэй улсуудад ч гарсаар байдаг.

УИХ-ын гишүүн Л.Энхболд: Ардчилсан нийгмийн түвшинд хүний эрхийн асуудлыг ярих нь зүй ёсны юм. Хүний эрхийг дээдэлж цаазын ялыг халсан. Өнөөдрийн нийгэмд гарч буй гэмт хэрэг ард түмний бидний сэтгэлийг зовоож байна. Бага насны хүүхдийн асуудал яригдаж байгаа нь харамсалтай. Зүй ёсны хүрээнд бид ярих хэрэгтэй.

УИХ-ын гишүүн асан Л.Цог: Хохирч байгаа хүний эрхийг ярихгүй байж, хохироосон хүний эрхийг ярих нь сонин юм. Хүний эрхийг хоосон ярилаа. 

УИХ-ын гишүүн А.Сүхбат: Хүн гэж хэлэхэд ч хэцүү онц ноцтой гэмт хэрэг гараад байна. Энэ тал дээр жишиг болгож хуулийг хэрэгжүүлдэг, цаазтай гэдэг ойлголтыг өгч байх хэрэгтэй юм.