С.Чинзориг: Халамжийн тэтгэврийг амьжиргааны баталгаажих түвшинтэй уялдуулах ёстой
2017.11.28

С.Чинзориг: Халамжийн тэтгэврийг амьжиргааны баталгаажих түвшинтэй уялдуулах ёстой

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг Монголын Хараагүйчүүдийн үндэсний холбооны удирдлагуудыг хүлээж авч уулзлаа. Тэд сайдтай биечлэн уулзаж хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар баримтлах бодлого, үйл ажиллагааны  чиглэлээр болон харааны бэрхшээлтэй иргэдэд тулгарч буй асуудлуудыг шийдэх арга замын талаар санал солилцож дэмжлэг хүсэхээр ирснээ танилцуулсан.

9000 гаруй гишүүнийг эгнээндээ нэгтгэсэн Хараагүйчүүдийн үндэсний холбоо дэргэдээ үйлдвэрлэл явуулах замаар хүмүүсийнхээ хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж тэр хэрээр амьдралд нь тус нэмэр болдог.

Төрөөс үйлдвэрлэлийг нь дэмжсэний үр дүнд 2012 онд 2,0 тэрбум төгрөгийн борлуулалт хийж байсан ч сүүлийн жилүүдэд үйлдвэрлэлийнх нь гол чиглэл монгол гэрийн борлуулалт муудаж, эргэлтийн хөрөнгөгүйн улмаас үйлдвэрлэлээ хэвийн явуулах боломжгүй болж эдийн засгийн хувьд бие даан хөгжих боломж хомсдсоныг сайдад учирлаж байв.

Монгол гэрийн үйлдвэрлэл ашиг муутай болсон тул чиглэлийг нь өөрчлөх арга хайж ариун цэврийн цаасны жижиг үйлдвэр байгуулахаар ажиллаж байгаа гэнэ. Мөн цаасан дугтуйны үйлдвэр, оёдлын цех, “Вест массаж”-ны сүлжээгээр л бага зэргийн орлого олж байгаа аж. Тиймээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүний борлуулалтад төр дэмжлэг үзүүлдэг байхад анхаарч өгөөч гэдэг саналыг тавьсан юм. Буцалтгүй тусламж гэхээсээ илүү бага хүүтэй, урт хугацаатай хөнгөлөлтэй зээлд хамрагдаж чадвал эдийн засгийн хүндрэлтэй байгаа өнөөгийн нөхцөлд төр засагт дарамт үүсгэхгүйгээр үйл ажиллагаагаа явуулаад байх боломж бий гэсэн. 

Хараагүй хүмүүсийн дийлэнх нь халамжлуулагч байхыг хүсдэггүй бөгөөд өөрсдийн боломж бололцоо бүрийг ашиглан ажиллаж хөдөлмөрлөхийг хүсдэг ч харамсалтай нь ажлын байр олддоггүй тухай ярьсан Хараагүйчүүдийн хөдөлмөр сургалтын төвийн захирал З.Болдсайхан “Таны 2015 онд Хөдөлмөрийн сайдаар ажиллаж байхдаа Хараагүйчүүдийн үндэсний холбооны дэргэд МСҮТ байгуулж, сургалт явуулах зөвшөөрлийг нь өгсний ачаар олон хүн мэргэжилтэй болж буйд манайхан баяртай байдаг” хэмээсэн. 

Хараагүйчүүдийн үндэсний холбооны  ерөнхийлөгч Д.Гэрэл хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар гаргаж байгаа шийдвэрийн талаарх мэдээллийг цаг алдалгүй авч байх хүсэлтээ илэрхийлсэн бөгөөд ингэж чадвал өөрсдийнхөө эрх ашгийн төлөө саналаа төрийн бодлогод тусгуулахад дөхөмтэй байна хэмээн үзэж буй аж.

Тэдний тавьсан бас нэг санал нь хараагүй хүмүүсийн хамгийн наад захын хэрэгцээ болсон туслах хэрэгслийн жишиг үнийг шинэчлэн тогтоож зах зээлд ойртуулж өгөх байлаа. Ирэх оноос туслах хэрэгслийг тендергүйгээр нийлүүлэх болсноор үнэ болон чанарын хувьд сөрөг тал гарч болохыг тус холбооныхон ярьсан. Харааны бэрхшээлтэй иргэдийн дийлэнх нь халамжийн тэтгэврээр амьдардаг тул тэтгэврийг дор хаяж 40 хувиар нэмэгдүүлэх хэрэгтэйг ч хэлсэн. 

С.Чинзориг сайд тэдний саналыг нэг бүрчлэн сонсоод ойрын үед хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар авах зарим арга хэмжээний талаарх мэдээллийг хуваалцлаа.

ХНХЯ-наас төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран боловсруулсан Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үндэсний хөтөлбөрийг Засгийн газраар хэлэлцүүлэхээр ажиллаж байгаа.

Халамжийн тэтгэврийн хэмжээг амьжиргааны баталгаажих түвшинтэй уялдуулан нэмэгдүүлж байх ёстой гэдэг байр суурийг УИХ-ын гишүүнийхээ хувьд парламентад байнга илэрхийлж ирсэн. Сайд болоод ч энэ байр сууриа өөрчлөөгүй гэдгээ С.Чинзориг сайд тэдэнд дуулгасан. Тиймээс энэ чиглэлийн хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох ажлыг ойрын хугацаанд хийнэ гэлээ. Мөн бүтээгдэхүүн борлуулах, зээлийн суваг нээх зэрэг асуудлыг шийдэх гарцыг олж шийдвэрлэх үүргийг холбогдох газар, хэлтсийн дарга нарт өглөө. 

БНХАУ-ын буцалтгүй тусламжаар барих хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спорт цогцолбор, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төвд шаардлагатай гүүрэн гарцны газрын асуудлыг шийдвэрлүүлэх, МҮХАҮТ, МАОЭНХ-той хамтран хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг сайжруулахад чиглэсэн үйл ажиллагааг зохион байгуулах гэж байгаа зэрэг олон мэдээллийг сайд өгсөн бөгөөд энэ бүхнийг хийхэд иргэдийн өөрсдийнх нь оролцоо чухал гэдгийг онцолсон юм.