Манай улс  банкны гишүүний эрх хадгалана
2017.11.28

Манай улс банкны гишүүний эрх хадгалана

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өнөөдөр (2017.11.28)  Эдийн засгийн хамтын ажиллагааны олон улсын банк үүсгэн байгуулах, түүний үйл ажиллагааны тухай хэлэлцээр болон Банкны дүрэмд өөрчлөлт оруулах тухай 2014 оны протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын ХЭГ-ын дарга Г.Занданшатар өргөн мэдүүллээ.

Эдийн засгийн хамтын ажиллагааны олон улсын банк үүсгэн байгуулах, түүний үйл ажиллагааны тухай хэлэлцээр болон Эдийн засгийн хамтын ажиллагааны тухай олон улсын банкны дүрэмд 1970 оны 12 дугаар сарын 18, 1977 оны 11 дүгээр сарын 23, 1990 оны 12 дугаар сарын 18 болон 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн протоколоор тус тус нэмэлт, өөрчлөлт оржээ.

Иймд Олон улсын гэрээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэг, 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэг, 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсгийг тус тус үндэслэн Эдийн засгийн хамтын ажиллагааны олон улсын банк үүсгэн байгуулах, түүний үйл ажиллагааны тухай хэлэлцээр болон Эдийн засгийн хамтын ажиллагааны тухай олон улсын банкны дүрэмд өөрчлөлт оруулах тухай 2014 оны протоколыг манай улс соёрхон баталснаар банкны гишүүний эрх хадгалагдах юм байна.