Баттөмөр.Б Дамба-Очир.Д Ө.Энхтүвшин 2017.11.29 | УИХ-ын Хэвлэл мэдээллийн алба

Хуулийн төслийн ажлын хэсгийг Б.Баттөмөр ахлана

Хуулийн төслийн ажлын хэсгийг Б.Баттөмөр ахлана

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2017.11.29) хуралдаан  52.6 хувийн ирцтэйгээр эхэлж, Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэв.

Улсын Их Хурлын гишүүн Ө.Энхтүвшин нарын 10 гишүүн өргөн мэдүүлсэн уг төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан танилцуулав. 

Улсын Их Хурлаас 1996 онд баталсан Төв банк (Монголбанк)-ны тухай хуулиар “Монголбанк Засгийн газраас хараат бус байна” гэж хуульчлагдсан ч Төв банкны бие даасан, хараат бус байдлыг олон улсад тогтсон индекс үзүүлэлтээр тооцоход Монголбанкны бие даасан, хараат бус байдал дунджаар 0.5 буюу 50 хувьтай “хангалтгүй” гэсэн үзүүлэлт гарчээ. Монголбанкны бие даасан, хараат бус байдал  хангалтгүй, мөнгөний алдаатай бодлого, шийдвэр, үйл ажиллагаа нь үнэ,ханшийн тогтворгүй байдал, улсын өрийн дарамт, гадаад валютын хомсдол, улс орны эдийн засгийн өсөлтөд сөрөг нөлөө үзүүлж байна хэмээн үзсэн байна.

Улсын Их Хурлын 2016 оны 68, 71 дүгээр тогтоол, 2017 оны 11, 43 дугаар тогтоолд “Монголбанкны бие даасан, хараат бус байдлыг нэмэгдүүлж, бодлогын шийдвэр гаргах үйл ажиллагаанд хамтын удирдлагын зарчим нэвтрүүлэх, Монголбанкны засаглал, бүтэц, зохион байгуулалтыг олон улсын жишигт нийцүүлэх, мөнгөний бодлогын хэрэгжилтийг сайжруулах, Монголбанкны үйл ажиллагаанд гаргасан алдаа дутагдлыг дахин гаргахгүй байх эрх зүйн орчинг бүрдүүлэх” гэж  заасны зэрэгцээ ОУВС-ийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн үндсэн нөхцөл, болзолыг хангах зайлшгүй шаардлага үүсээд байгаа  аж.

Улсын Их Хурлын  дээрх тогтоолыг хэрэгжүүлэх, ОУВС-гийн хөтөлбөрийн нөхцөл, болзолыг хангах асуудлын хүрээнд Монголбанкны хууль, эрх зүйн өнөөгийн зохицуулалтыг олон улсын зарчим, хэм хэмжээнд нийцүүлэх, төв банкны бие даасан, хараат бус байдлыг нэмэгдүүлж, хамтын удирдлагын зарчмыг нэвтрүүлэх, төв банкны үйл ажиллагаанд төдийлөн хамаарахгүй төсвийн шинжтэй аливаа төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэхгүй байх зохицуулалтыг тусгах зорилгоор Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна.

Хуулийн төсөлд дараах үндсэн чиглэлээр холбогдох зохицуулалтыг хуульчлахаар тусгажээ.

Нэгдүгээрт

Мөнгөний бодлогын үндсэн чиглэлийг дунд хугацаагаар батлуулах, мөнгөний бодлогын шийдвэр гаргах үйл ажиллагаанд хамтын удирдлагын зарчим нэвтрүүлэх, төв банкны бие даасан, хараат бус байдлыг нэмэгдүүлэх, банкинд тавих төв банкны хяналт шалгалттай холбоотой асуудлыг банкны хянаалт шалгалтын мэргэшсэн бүтэц бүхий хороо олонхийн саналаар шийдвэрлэх;

Хоёрдугаарт, 

Төв банкны үйл ажиллагаанд төдийлөн хамаарахгүй төсвийн шинжтэй аливаа төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэхийг хориглох;

Гуравдугаарт,

Монголбанкны удирдах албан тушаалтанд тавигдах шаардлага, шалгуурыгнэмэгдүүлэх,  хараат бусаар ажиллах эрх зүйн үндсийг бэхжүүлэх; 

Дөрөвдүгээрт, 

Улсын Их Хурлаас тодорхойлж, Монголбанкнаас хэрэгжүүлж ирсэн мөнгөний бодлогын зорилтыг үнийн болон санхүүгийн тогтвортой байдлыг хангах гэж тодорхойлж, үйл ажиллагааны чиглэл, мөнгөний бодлогын хэрэгсэлийг нэмэгдүүлэх зэрэг болно.

Хуулийн төсөл батлагдсанаар Монголбанкны бие даасан, хараат бус байдал, сайжирч, мөнгөний бодлогыг боловсруулан хэрэгжүүлэх үйл ажиллагааны оновчтой зохицуулалт бий болж, эдийн засгийн макро түвшинд  үнийн болон санхүүгийн тогтвортой байдал хангагдаж, урт хугацаанд эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжинэ гэж үзсэн байна.

Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан, Х.Болорчулуун нар асуулт асуулаа. Хуулийн төслийг олон улсын санхүүгийн байгууллагуудтай хамтран боловсруулсан бөгөөд Төв банкны удирдлагын шийдвэр гаргахтай холбоотой зохицуулалтыг өөрчлөх нь төсөл боловсруулах үндэслэлүүдийн нэг гэдгийг ажлын хэсэг тайлбарлав.

Өнөөдрийн эрх зүйн зохицуулалтаар төв банк босоо тогтолцоотой, ерөнхийлөгч бүх шийдвэрийг гаргаж байгаа бол үүнийг өөрчилж, хамтын удирдлага, шийдвэр гаргах тогтолцоог бүрдүүлэх зохицуулалтыг төсөлд тусгажээ.

Түүнчлэн Төв банкнаас “Үнэ тогтворжуулах хөтөлбөр” тэргүүтэй аливаа төсвийн шинжтэй үйл ажиллагаа явуулахыг хязгаарлах, цаашлаад бүр зогсоох, Монголбанкны үйл ажиллагааны гол зорилт нь үнийн болон санхүүгийн тогтвортой байдлыг хангах хэмээн төсөлд тусгаад байгаа гэлээ. Арилжааны зээлийн хүүг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухайд зээлийн хүүгийн дээд хэмжээг хуулиар тогтоосноос хадгаламжийн хүүгийн дээд хэмжээг тогтоох нь илүү оновчтой, хэрэгжүүлэх боломжтой, үр дүнтэй байх магадлал өндөр гэдгийг Монгол банкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн тайлбарлалаа. Улсын Их Хурлын гишүүн Д.Дамба-Очир хуулийн төсөлд тусгасан зөвлөлүүдийн орон тоо, төсвийн судалгааны талаар тодруулан, ажлын хэсгээс хариулт авсан юм. Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжиж буйгаа илэрхийлсэн.

Дараа нь санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 90 хувь нь хуулийн төслийн үзэл баримтлалыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй хэмээн дэмжив. Хуралдааны төгсгөлд Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр ахлан ажиллахаар боллоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.