Б.Жавхлан:

Олон нийтийн хөрөнгө хамгийн эрсдэл багатайгаар эргэлдэж байх ёстой


5 минут уншина
Ярилцсан А.Цолмон:
Б.Жавхлан: Олон нийтийн хөрөнгө хамгийн эрсдэл багатайгаар эргэлдэж байх ёстой

Өчигдөр Эдийн засгийн байнгын хороогоор Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн талаар танилцуулгыг хийсэн. Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг зээлийн хүү бууруулах асуудалтай хольж, гол өөрчлөлтүүдийг төдийлөн сайн ярьж чадахгүй байгааг УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Б.Жавхлан нар онцолж байв. Банкны салбарын хуулийн өөрчлөлтийн талаар УИХ-ын гишүүн Б.Жавхлангаас тодрууллаа. Тэрээр уг хуулийн ажлын хэсгийг ахалж байгаа юм.

-Та өнөөдрийн хэлэлцүүлгийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-Төв банкнаас санаачлаад нэр бүхий гишүүдийн өргөн барьсан банкны тухай хуульд орж байгаа нэмэлт өөрчлөлтийн хуулийн төслийг өнгөрсөн долоо хоногийн чуулган дээр хэлэлцэж эхлээд, АН-ын бүлгээс завсарлага авсан. Уг завсарлага Пүрэв гарагт дуусгавар болох учраас энэ долоо хоногт чуулганаар хэлэлцэх юм. Миний зүгээс хууль өргөн барилцсан гишүүдийн дунд ороогүй. Харин өргөн бариад орж ирсэн хуулинд ажлын хэсгийг ахалж ажиллаж байна. Өнөөдөр Төвбанкны зүгээс энэ удаагийн оруулж байгаа нэмэлт өөрчлөлтүүдийн талаар холбогдох хүмүүст дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

Энэ удаагийн банкны тухай хуулинд оруулсан өөрчлөлттэй танилцахад хоёр том концепцын өөрчлөлт байна.

-Тодруулбал?

-Энэ хууль өөрөө 1990 оноос хойш Төвбанк, Арилжааны банк гэх хоёр том тогтолцоотой болсноос хойш 3 удаагийн зовлон үзэж байна. Энэ туршлагаас харахад хуулийг тогтмол өөрчилж, сайжруулж байх ёстой. Энэ удаа ч мөн яг тэр зарчмаар орж ирж байна.

Мөн нөгөө талаас ОУВС-тай харилцан тохиролцоод хэрэгжүүлж байгаа хөтөлбөрийн хүрээнд Банкны тухай хуулиуд дээрээ өөрчлөлт оруулах үүрэг хүлээсэн.

Төвбанк өөрөө банкууд дээр зохицуулалт хийх ямар шаардлага байгааг сайн ойлгох хэрэгтэй.

Өнөөдөр банкны системд 27 их наяд төгрөгийн хөрөнгө эргэлдэж байна. Гэтэл түүний 3.3 их наяд буюу 12 хувь нь эздийн хөрөнгө байдаг. Үлдсэн 88 хувь буюу 12.4 их наяд төгрөг монголын ард түмний хөрөнгө. Тиймээс олон нийтийн хуримтлалын эдийн засгийн аюулгүй байдал, орлогынх нь аюулгүй байдлын өмнөөс Төвбанкы шийдвэр гаргаж, эдийн засгийн хамгаалалт хийж байх ёстой.

Энэ удаагийн хуулийн өөрчлөлтөөр энэ шийдвэр гаргах чадамжийг илүү хүчтэй болгож байгаа юм. Нөгөө талаас арилжааны банкны хөрөнгө оруулагч нар эзэд, арилжааны банкинд олон нийтийн хөрөнгийг удирдаж, менежмент хийж байгаа банкируудын хариуцлагыг өндөржүүлсэн, тэдэнд тавих эдийн засгийн болон нийгмийн шаардлагыг өндөржүүлсэн гол үзэл санаатай.

-Охин компаниудыг зохицуулахтай холбоотой асуудал их яригдлаа?

Охин компаний хувьд хоёр ойлголт байна.

Банк өөрөө охин компани байж болно. Мөн банк доороо охин компанитай байх боломжууд нээлттэй байдаг.

Охин компаний тухай зохицуулалт 2010 оны эдийн засгийн хямралын үед Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах үеэр оруулсан өөрчлөлт. Тэр үед хөрөнгийн зах зээлийг банкны системд байгаа хөрөнгөөр дэмжье гэсэн үүднээс оруулсан. Энэ нь тухайн үеийн эдийн засгийн хямралын үед үр ашгаа өгсөн.

Одоо бол охин компанийг зохицуулах шаардлагагүй болж ирж байна.

Тэгэхээр ахиад хэлэхэд банкны системд байгаа олон нийтийн хөрөнгөний менежмент маш консерватив байх ёстой. Хамгийн эрсдэл багатай, найдвартайгаар эргэлдэж байх ёстой.

Түүнээс биш охин компаниар дамжаад, хамгийн савлагаатай байдаг үнэт цаасны зах зээл рүү явж, олон нийтийн эрсдэлд орох шаардлагагүй. Сүүлийн хэдэн жилүүдэд хэд хэдэн жишээ гарлаа. Эрдэнэтэй холбоотой асуудал зэрэг хэргүүд охин компаний хуулийн цоорхойгоор гарсан. Тиймээс охин компанид хязгаарлалт хийх цаг болсон. Банкны хуулиар дамжуулж хөрөнгийн зах зээл дээр гарахыг Банкны тухай хуулийн зохицуулалтаар хязгаарлана.

-Эдийн засгийн байнгын хороон дээр Арилжааны банкуудыг нээлттэй болгох асуудлыг ярьсан. Нээлттэй компани болсноос болж зарим банкууд дампуурсан гэж байсан. Энэ талаар дэлгэрүүлээч?

Нээлттэй компани болгох асуудал банкын эздийн өөрийнх нь асуудал.

Төрөөс шахалт үзүүлэх боломж байхгүй. 27 жилийн банкны түүхэнд 2 банк олон нийтийн банк болох гэж оролдсон. Зоос банк, Анод банк хоёр. Харамсалтай нь энэ хоёр банк хоёул үйл ажиллагаагаа явуулах боломжгүй хаагдсан.

Эндээс юу харагдаж байна вэ гэвэл дотооддоо олон нийтийн хувьцаат банк болохын тулд банкууд өөрсдөө маш сайн бэлдэх хэрэгтэй. Түүнээс биш хөрөнгө эх үүсвэр татах зэрэг бусад өөр зорилгоор явж болохгүй. Цаашдаа үүн дээр төрийн зохицуулалт хэрэгтэй.

Мөн хувьцаат компани болно гэдэг нь хувьцаа авч байгаа эзэмшигч бол хадгаламж эзэмшигч биш банкны эзэн болж хувирдаг. Өөрөөр хэлбэл банкны хувь заяаны төлөө хөрөнгө оруулалт хийж байгаа. Түүнээс биш хадгаламж эзэмшигч шиг тогтмол мөнгө хийж байгаа асуудал биш. Одоо эргээд харахад Анод, Зоос хоёрын хувьцаа авсан хүмүүс эргээд хариуцлага хүлээх тогтолцоо сул байсан. Төрийн зохицуулалт дутуу байсан.

-Зээлийн хүүнд хязгаар тогтоох тухайд? Ипотекийн зээл дагаж буурна гэсэн иргэдийн хүлээлт байна л даа?

-Энэ удаагийн Банкны тухай хуульд орж байгаа нэмэлт өөрчлөлтүүд дотор зээлийн хүүгий дээд хязгаарыг тогтооно гэсэн заалт байхгүй. Харин уг хуулийн өөрчлөлтөөр дагаж орж ирж байгаа 3 хууль байгаа.

Тодруулбал, Зөрчлийн тухай хууль, Банк, эрх бүхий этгээдийн төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль, Төвбанкны тухай хуульд өөрчлөлт оруулж байгаа. Үүнээс Банк, эрх бүхий этгээдийн төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулинд “Төвбанкнаас зээлийн хүүний дээд хязгаарыг тогтоож болно” гэсэн ганцхан өгүүлбэр байгаа юм. Төвбанкинд үүрэг өгсөн утгатай заалтыг хууль санаачлагчдын зүгээс нэмж оруулсан. Зээлийн хүүний хязгаарлалтын асуудал Банкны тухай хуулийн өөрчлөлттэй огт хамаагүйгээр нэмж орж ирсэн. Олон нийтэд маш их хүлээлт үүсгэчихээд байгаа боловч, энэ удаа оруулж ирсэн текстийн өөрчлөлтийн хувьд маш жижиг хэсэн.

Харин зээлийн хүүтэй ер нь Төвбанк яаж оролцох ёстой, эдийн засгийн хувьд ямар байгааг ярих юм бол энэ сэдэв өөрөө тусдаа маш том сэдэв болно.

Ипотекийн 8 хувийн зээл бол өөрөө тусгай зориулалтын зээл. Арилжааны зээл биш.

4 хувийн эх үүсвэрийг банкуудад өгдөг. Үүнийг харин арилжааны банк 8 хувиар гаргадаг эх үүсвэр нь тодорхой, зориулалт нь тодорхой зээл. Арилжааны зээл биш. Харин энд яригдаж байгаа зээлийн хүү бол арилжааны банкны зээлийг ярьж байгаа. Арилжааны зээлийн хүү өндөр байгаа. Гэхдээ 2000 оноос хойш зээлийн хүү гэж харвал тодорхой хэмжээгээр буурч ирсэн. Гэвч өнөөдөр хангалтгүй байна.

Зээлийн хүү инфляцийн түвшин өөрөө эдийн засгийн өнөөдрийн байгаа байдлын тусгал.

Манай санхүүгийн суурь өртөг өөрөө өндөр байна. Тэгэхээр эндээс гарч ирж байгаа салбарын зээлийн хүү дагаж өндөр болдог. Бид зургийг томоор харах ёстой. Өрсөлдөөнийг дэмжих ёстой. Банкууд хямд эх үүсвэрийг өөрсдөө бий болгох зохицуулалтыг хийх ёстой.

-Арилжааны банкууд энэхүү төслийг хэрхэн хүлээж авч байгаа вэ?

-Тэр талаар сайн хэлж мэдэхгүй. Хэлэлцүүлгээс харахад арилжааны банкуудын холбоогоор дамжиж Төвбанк нилээд ажилласан юм шиг байна. Хэлэлцүүлэг хийж, гарсан саналуудыг нь миний ойлгосноор 80-90 хувьтай тусгасан байна.

-Арилжааны банкууд зээлийн хүүгээ буулгаж чадахгүй бол гадны хөрөнгө оруулалттай банк оруулж ирэх тухай асуудал ярьж байна?

-Энэ бол арилжааны банкуудын өрсөлдөөнийг дэмжиж байгаа нэг хэлбэр. Манай банкны систем маш үнэтэй хадгаламжийн эх үүсвэр дээр тогтдог. Нийт эх үүсвэрийн 70 хувийг бүрдүүлдэг. Тэгвэл хямд эх үүсвэрийг яаж оруулж ирэх вэ? Гаднаас банкны хөрөнгө оруулалтыг татаж болно.

-Эрдсэл үүсэх үү?

-Тодорхой хэмжээний эрсдэл байлгүй яахав. Дотоодын зах зээлийг тодорхой хэмжээгээр хамгаалах хэрэгтэй.