Б.Бат-Эрдэнэ 2017.11.30

Б.Бат-Эрдэнэ: Өвс тэжээл тараах ажлыг тооцоо судалгаан дээр үндэслэх хэрэгтэй

Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ асуулт асуулаа.

Б.БАТ-ЭРДЭНЭ: ЗӨВХӨН ХОВД АЙМАГТ ЦАГ АГААРЫН ХҮНДРЭЛ ҮҮСЭЭД БАЙГАА ЮМ БИШ

УИХ-ын чуулганаар хоёр дахь хэлэлцүүлэг хийж байхад би тодорхой байр сууриа илэрхийлж байсан. Б.Батзориг сайд зөвхөн тэжээл оруулж ирэх тухай асуудал яриад байна. Өмнө нь өвс оруулж ирэх тухай асуудал яригдсан. ОХУ-аас баруун бүс нутгаар оруулж ирэх тухай асуудал байгаа.

Зөвхөн Ховд аймагт цаг агаарын хүндрэл байгаа юм биш. Улсын нийт нутгаар өвлийн цас, зудны хүндрэл байна.

Хэнтий, Сүхбаатар аймагт малын хөлийн зуд эрт эхэлсэн. Дээрээс нь төвийн бүсүүдээс хадлан бэлтгэлийн ажил тэнд Хэнтий, Сүхбаатарт маш их хийгдсэн. Тиймээс бэлчээрийн хүрэлцээ хангамжийн байдал хүнд байдалд орсон. Намрын хуурайшилттай үед гал түймрийн аюулд бэлчээрийн их талбай өртсөн. Энэ нөхцөл байдалд ХААХҮЯ-наас өвлийн бэлтгэл хангаж, өвс тэжээлийг аль аймагт хүргэх вэ гэдгээ тооцоо судалгаан дээр үндэслэж хийхгүй бол зөвхөн Засгийн газарт ажиллаж байгаа гишүүд, хариуцаж байгаа сайд нар нь нутгийн үзлийн үүднээс хандвал байдал хүндэрнэ.

Ховд аймгаас сайн үүсгэл санаачилга гарсан. Ховд аймгийн төв Жаргалант сумын нийт иргэд, ААН, байгууллага, төрийн албаныхан хамтраад 12 сумынхаа малчдад туслах хөдөлгөөнийг өрнүүлж байна. Зуд хүндэрсний дараа улсын төсвийн хөрөнгөөр шийдэж оруулж ирсэн өвсөөр энэ ажлын ард гарахгүй. Тиймээс улсын эдийн засгийн голлох салбар, мал аж ахуй, малыг хорогдол багатайгаар амжилттай давах асуудалд бүх нийтийн оролцоо байх ёстой.

Засгийн газраас ХААХҮЯ-наас зөв зүйтэй санаачилгыг улс орон даяар өрнүүлэх ажлыг хийх ёстой.

Өмнө нь Улаанбаатар хотын утааны асуудал байна. Өвлийн цас зуднаас дутахааргүй хэмжээний асуудал болоод байна. Засгийн газар, Төсвийн байнгын хороо, УИХ утааг бууруулахтай холбоотой асуудлыг өвөл өнгөрөхөөр мартана гэсэн байдлаар хандмааргүй байна.

Б.БАТЗОРИГ: ӨВС ТЭЖЭЭЛИЙГ БҮХ АЙМГУУДАД ТАРААНА

Энэ жилийн өвөлжилт, хаваржилтийг өнтэй давахын тулд төсвийн тодотгол батлагдсанаас хойш яаманд ажлын хэсэг байгуулж ажиллаж байна. Энэ хууль батлагдсанаар малчид, хөдөө аж ахуйн салбарынханд хэрэгтэй зүйл болно. Энэ жил улсын хэмжээнд гантай байсан. Жилдээ 1.2-с 1.4 сая тонн өвс тэжээл бэлддэг байсан. Харин энэ жил энэ тоондоо хүрч чадаагүй.  900 гаруй мянган тонн өвс тэжээл бэлтгэсэн. Бидэнд одоо 51 мянган тонн тэжээл шаардлагатай. Үүнийг ганцхан Ховд аймагт биш бүх аймгуудад тараана. Малын тоо, хүндрэлийн нөхцөл байдлыг тодорхойлж тараана. Алтанбулаг, Усын цагаан нуур сумаар оруулах бэлтгэл ажлыг яаманд хийж байна. 51 мянган тонн тэжээл тараана гэдэг бол том ажил. Хууль батлагдвал 12 сарын 15 гэхэд аймгууд дээр тэжээл очиж, тараах ажлыг эхэлчихсэн байна.

Б.БАТ-ЭРДЭНЭ: ЗУДЫН ЭРСДЭЛД ОРОХ МАГАДЛАЛТАЙ АЙМГУУДЫН ДАРААЛЛЫГ ТОГТООХ ХЭРЭГТЭЙ

ХААХҮЯ хөдөө орон нутагт цаг агаарын хүндрэл яг ямар байгаа талаар тодорхой мэдээлэл байгаа юу? Ямар төлөвтэй байна гэж үзэж байна. Аль аймаг, сум, бүс нутагт хамгийн хүндрэлтэй байна?

Б.БАТЗОРИГ: БАРУУН, ТӨВ АЙМГУУД ХҮНДРЭЛТЭЙ БАЙНА

Яаманд шуурхай алба өдөр болгон ажиллаж байгаа. Өдөр болгон орон нутгаас авч байна. Дэлгэрэнгүй мэдээллийг албан журмаар хүргүүлье. Баруун, төв аймгууд хүндрэлтэй байгаа.

АЖЛЫН ХЭСЭГ: НИЙТ НУТГИЙН 30 ХУВЬ НЬ ЗУДЫН ЭРСДЭЛД БАЙНА

Өвөлжилтийн нөхцөл байдал нийт нутгийн 50 хувьд цасан бүрхүүл тогтсон. Цаг, уур орчны шинжилгээний газраас зудын эрсдлийг гаргасан. Өнөөдрийн байдлаар Өвөрхангай аймгийн Бүрд суманд хамгийн их буюу 27 см цатай байгаа. Зудын эрсдлийн зураглалаас харахад нийт нутгийн 30 хувь зудын эрсдэлд байна. Мөн 30 хувь нь зудад ойрхон байдалтай байна.