Улаан.Ч 2017.11.30 | Сайт: Vip76.mn

Ч.Улаан: Хариуцлага, зохион байгуулалтгүй явдлаас үүссэн зуд нүүрлэх гэж байна

Өнөөдөр /2017.11.30/ УИХ-ын нэгдсэн чуулганаар НӨАТ-аас чөлөөлөх тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа. 

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ч.Улаан байр сууриа илэрхийллээ.

Ч.УЛААН: БАЙСАН ӨВСИЙГ НЬ ХАДАЖ АВЧИХААД ХЯМД ҮНЭТЭЙ ТЭЖЭЭЛ ХУДАЛДАЖ АВААРАЙ ГЭХЭЭР МАЛЧИД БУХИМДАЖ БАЙНА

Баруун аймгууд хүндэрлээ гэж ярьж байна. Зүүн аймгуудад үүнээс хүнд байлыг үүсгэсэн. Бодлого, зохицуулалтгүй байдлаас болж зохиомлоор тэнд хүндрэл үүссэн. Өнөөдөр өөрийнхөө сумаас хадлангаа авсан сум Сүхбаатар аймагт байхгүй байна. Яагаад гэвэл төвөөс очоод хандлаг нь авчихсан. Асар их отор очсон. Оторын нөөц бэлчээрийг нь түймэр авсан. Олон хадлангийн салаа түймэр тавьсан.

Энэ бүх хариуцлага, зохион байгуулалтгүй явдлаас үүссэн зуд нүүрлэнэ. Энэ байдлыг онцгой анхаарч, өвс тэжээлийг зөв хуваарилах ажлыг шуурхай зохион байгуулахгүй бол отроор очсон малчид, отор хүлээж авсан аймаг зудад давхар нүүрлэх нь. Харласан хотоо сахиад үлдэх аюул бодитой боллоо. Хямдралтай үнээр тэжээл өгнө гэж байна. Байсан өсвийг нь хадаж авчихаад оронд нь хямд үнэтэй тэжээл худалдаж аваарай гэхээр нутгийн малчид бухимдаж байна. Энэ байдалд тодорхой анхаарч, хариуцлагагүйн зудыг нүүрлүүлэхгүйн тулд онцгой анхаарч ажиллах хэрэгтэй байна.

Ирэх долоо хоногоос Сүхбаатар аймагт би томилолтоор ажиллана. Малчид иргэдтэй уулзана. Өвөлжилтийг хохирол багатай хүндрэлгүй давахад хаа хаанаа анхаарах шаардлагатай.

Гишүүд байр сууриа илэрхийлж дууссаны дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 72.0 хувь нь дэмжлээ.

Хууль батлагдсанаар 201-2018 оны өвөлжилт, хаваржилтад бэлтгэхэд шаардагдах малын тэжээл, өвс, 225 мянган хүртэл тонн хүнсний улаанбуудай, 10 мянга хүртэл тонн үрийн улаанбуудайг импортлоход НӨАТ-аас чөлөөлж байгаа юм.