Энх-Амгалан.Л 2017.11.30

Л.Энх-Амгалан: Сүүлийн үед банкууд бизнестэйгээ өрсөлдөөд эхэллээ

Л.Энх-Амгалан: Сүүлийн үед банкууд бизнестэйгээ өрсөлдөөд эхэллээ

Өнөөдөр /2017.11.30/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Банкны тухай хуулийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан байр сууриа илэрхийллээ.

Л.ЭНХ-АМГАЛАН: СҮҮЛИЙН ҮЕД БАНКУУД БИЗНЕСТЭЙГЭЭ ӨРСӨЛДӨӨД ЭХЭЛЛЭЭ

Банкны эрсдэлд суурилсан хяналт шалгалт, банкны зохистой засаглалыг шинэ шатанд гаргах гэж буй эрх зүйн зохицуулалтыг дэмжиж байгаа. Өнгөрсөн 26 жилийн турш эргээд хараад үзэхэд 36 банк байгуулсан. Үүнээс 22 нь дампуурсан. Одоо 14 арилжааны банк үйл ажиллагаа явуулж байна. Татан буулгасан 22 банкинд монголчууд ямар өртөг төлсөн бэ?

Миний авсан мэдээллээр 1996-2000 оны хооронд банк татан буулгасантай холбогдуулаад 480 тэрбум орчим төгрөгний авлага үүссэн.

Энэ зөвхөн банкны эздийн хариуцлагагүй явдал болоод, банкны хөрөнгө оруулагчдын хариуцлагагүй байдлаас үүссэн. Анод, Зоос, Хадгаламж банк зэрэг хөрөнгө оруулагчид нь банк бус санхүүгийн биш өөр салбарт хөрөнгө оруулаад хадгаламж эзэмшигчдийн мөнгийг эрсдэлд оруулсан нөхцөл байдал гарсан. Сүүлийн үед банкууд бизнестэйгээ өрсөлдөөд эхэллээ.

Бизнесүүдээ худалдаж аваад эхэллээ. Банк байгуулж, хадгаламж эзэмшигчдийн мөнгийг татчихаад, баялаг бүтээгчидтэйгээ өрсөлддөг тогтолцоотой улс оронг бий мэдэхгүй.

Тиймээс энэ хуулинд тодорхой хэмжээний өөрчлөлт оруулж, цаашдаа банкны хөрөнгө оруулагч, эзэд бизнесийн салбартай өрсөлддөг явдлыг таслан зогсоох ёстой гэж ойлгодог.

Мөн эрхзүйн зохицуулалт, хамгаалалт хийж өгнө гэж ярьж байна. Хадгаламж эзэмшигч, харилцагч нартаа. Банкны системд эргэлдэж байгаа 27 их наяд төгрөгний 90 хувь нь харилцагчдынх. Гэхдээ энэ 90 хувийн ихэнхи хувийг цөөн хэдэн хувь эзэмшдэг. Нөгөө талдаа Монгол Улсад арилжааны банкнаас зээл аваагүй хүн гэж байхгүй. 12.9 их наядын зээл авсан байна. 820 мянга орчим зээлдэгч нар Монгол Улсад байдаг.

Зээлдэгчдийн эрх ашгийг яаж хамгаалах юм бэ?

Банкууд өөрсдөө нөхцөл тулгадаг. Маш их хэмжээний зээлийн хүү авахаас гадна шимтгэл их авдаг. Зөвхөн эхний гурван улиралын тайлангаар арилжааны банк 242 тэрбум төгрөгний ашигтай ажилласан байна. Гэтэл зөвхөн шимтгэл хураамж нь 30-аад тэрбум төгрөг. Зээл авч байгаа ААН-ийн барьцаа хөрөнгийг маш бага үнэлж байна. Зээл нь төлөгдөөд байхад барьцаа хөрөнгийн тодорхой хувь нь зээлээс суллагддаггүй. Зээлээ дуусч байж барьцааны хөрөнгө зээлээсээ суллагдаж байна.

МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Н.БАЯРТСАЙХАН:  

Монгол Улс хууль, шатлалтай банкны тогтолцоонд шилжээд 27 жил өнгөрлөө. Одоо бид хөгжлийн шинэ шатанд орох цаг ирсэн. Цаашдаа арилжааны банкууд олон улсын стандарт дэг журмаар үйл ажиллагаагаа явуулах цаг ирж байна. Энэ шинэ цаг үеийн эхлэлийн хууль эрхзүйн орчныг энэ Банкны тухай хууль нээж өгнө.