Б.Бат-Эрдэнэ 2017.12.01

Б.Бат-Эрдэнэ: Ард түмэн намчирхаж, туйлширдаг байдлаас залхаж байна

УИХ-ын нэгдсэн хуралдааны эхэнд  Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. 

Тус хуулийн төслийг 2017 оны арваннэгдүгээр сарын 16-ны өдөр нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үеэр Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг завсарлага аваад байсан юм. 

Хуулийн төслийг ЭРГҮҮЛЭН ТАТАХ хэрэгтэй гэдэг саналыг УИХ-ын гишүүдээс гаргасан юм. Уг хуулиар төсөлд Аймаг , нийслэл, дүүрэг, сумын иргэдийн хурлын төлөөлөгчдийн ⅓ хүртэлх хувь нь төрийн захиргааны албан хаагчаар ажиллах боломжийг бүрдүүлэх юм.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ асуулт асуулаа.

Б.БАТ-ЭРДЭНЭ: ХОЛБОГДОХ БУСАД ХУУЛИУДТАЙГАА УЯЛДАЖ БАЙГАА ЮУ?

Төрийн албаны хууль, Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлууд яригдаж байгаа. Эдгээр хуулийн уялдаа холбоо хэр хангагдаж байгаа вэ? Цогцоор нь авч үзэх хэрэгтэй.

Төрийн албаны тухай хуулийн өөрчлөлтийн тухай хуулийг би үзсэн. Төрийн албаны тогтвортой ажиллах, албан хаагчдын мэдлэг чадвараар шалгаруулах, нэг үгээр улстөрийн нөлөөллөөр хүн томилох байдлыг зогсоох чиглэлээр тодорхой заалтууд орсон байсан. Сайн хууль боловсруулагдаж байгаа гэж би үзэж байна. Гэтэл одоо ярьж байгаа хууль Үндсэн хууль, Төрийн албаны тухай хуулийн төсөлтэй хэр нийцэж байгаа юм бэ?

Ард түмэн намчирхаж, туйлширч байгаа байдлаас залхаж байна. Ялангуяа аймаг, орон нутаг, сумын түвшинд. Үүнийг халах чиглэлд хууль эрхзүйн орчныг бүрдүүлэхээр ажиллах хэрэгтэй.

Аймаг, орон нутагт ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон хүнд зовлон байгаа. Мэдээж ажил, амьдралын шаардлага байгаа гэдгийг ойлгож байна. Иргэдийн орон нутгийн сонгуульд оролцохдоо сайхан зүйл ярьж сонгогддог. Сонгогдсоныхоо дараа иргэдийн итгэл, үүрэг хариуцлагаа хөсөр хаяад албан тушаал хөөцөлдөж явдаг. Дахиад нөхөн сонгууль хийх байдал үүсдэг. Тэнд сонгогдож байгаа хүмүүсийн буруу гэж хэлж болохгүй.

Хамгийн гол зүйл бол хууль тогтоох төрийн байгууллага туйлширсан, намчирхсан бодлого гаргаж байгаагийн хортой үр дагавар.

Хот тосгоны эрхзүйн байдлын хууль, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг цогцоор нь үзэх хэрэгтэй.

Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: ИРГЭН БҮРИЙН САНАЛЫГ ТУСГАХААР АЖИЛЛАЖ БАЙНА

Орон нутгийн удирдлагын тогтолцоотой холбоотой санаа зовинож, холбогдох бусад хуулиудтай холбож нухацтай авч үзэж байгаад талархалтай байна. Үндсэн хуулийн 1992 оноос хойш явсан засаг захиргаа нутаг дэвсгэрийн удирдлагын тогтолцоонд зарим нэгэн шинэлэл хийх шаардлагатай болсон гэдэг нь харагдаж байна. Иргэдээс ирүүлсэн санал дотор сумын даргыг сумын иргэд сонгодог болох санал бий. 10 гэр тутмаас төлөөлөгч ирж багийн даргыг сонгох боломжтой. Сумын даргыг иргэд нь сонгодог болбол суманд намчирхал саарна гэдэг санал давамгайлж байна.

Түүнчлэн, бүх зүйлийг сонгохоос гадна зарим томилгоонууд орж ирнэ. Үүн дотор хурал буюу өөрөө удирдах ёсны байгууллагын чадавхийг бэхжүүлэх, эрх мэдлийг нэмэгдүүлэх хурлын хяналтыг сайжруулах онцгой анхаарах саналууд гарч байна. Бид иргэдийн санал дээр түшиглэх ёстой гэсэн байр сууриар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн тухай хуулийн төлийг боловсруулах ажлыг хэсэг ажиллаж байна. Төсөв, хурал зөвлөгөөн, Засгийн газар солигдох асуудлаас болоод хугацаа алдсан юм шиг харагдаж байж болно. Гэтэл 320 мянган хүний саналыг бүгдийг нь анхааралдаа авч, судлан боловсруулахад хугацаа орно. Үүнд хотын асуудал, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн асуудал хамгийн их ярвигтай асуудал болж байна.

Маш том социологийн судалгаа.

Засаг захиргааны тухай хуулийг Засгийн газар оруулж ирсэн. Бид засаж залруулаад гайгүй болгохын төлөө ажиллаж байна.

Б.БАТ-ЭРДЭНЭ: 10-ТЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫГ СЭРГЭЭХ БОЛОМЖТОЙ ЮУ?

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотой асуудлыг та юу гэж үзэж байна? Та багагүй хугацаанд ажиллаа. Нүсэр ажил болсон гэдгийг бид бүгд мэдэж байгаа. Энэ өөрчлөлт үр дүнтэй байж чадах уу? Парламентад байгаа улс төрийн удирдлагууд, гадна байгаа байгууллагууд, иргэний нийгмийнхэн юу гэж үзэж байна вэ?

10-тын зохион байгуулалт бол засаг захиргааны хамгийн эхний нэгж байж байгаад 1924 онд халсан.  Олон зуун жил монгол орны хувьд нөхцөл байдалдаа тохирсон нэгжийн бүтцийг ашигласаар ирсэн.

Д.ЛҮНДЭЭЖАНЦАН:  НУТГИЙН ИРГЭДИЙГ ЖИГД ХАМРУУЛАХ ЁСТОЙ

20-ны зохион байгуулалтыг заавал Үндсэн хуулинд тусгахгүйгээр, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулинд тусгаад явах боложтой гэж ажлын хэсэг дээр яригдсан. Өөрөөр хэлбэл багийн хурал хийгээд багийн даргыг сонгож нэр дэвшүүлэх болохоор цөөн хэдэн хүмүүс цуглаад бусдаа орхидог явдал байна. Хороон дээр зарлалаа хэлдэг боловч хүн багтахгүй гээд хаалгаа дотроос нь цоожилдог асуудал 1992 оноос хойш яригдаж ирсэн. Үүнээс зайлсхийхийн тулд томилохыг зогсоогоод сонгодог тогтолцоонд орохын тулд гэр болгоноос нэг хүн ирэхээр нутгийн иргэдийг жигд хамруулах ёстой.