Ц.Цогзолмаа Д.Цогтбаатар 2017.12.01 | Телевиз: NTV

Япон Улс Улаанбаатарт 4 сургууль буцалтгүй тусламжаар барьж өгнө

Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх “Улаанбаатар хотын бүрэн дунд боловсролын сургуулийн барилгыг сайжруулах төсөл”-ийн Засгийн газар хоорондын Солилцох ноот бичигт Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Такаока гарын үсэг зурлаа. 

Энэ төслийн нийт өртөг нь 2 тэрбум 379 сая иен.  Уг төсөл нь, Монгол Улсын Засгийн газраас цаашид Улаанбаатар хотод барьж байгуулах сургуулийн загвар болох, өндөр чанартай, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцах боломжтой, байгалийн гамшигт тэсвэртэй, байгаль орчинд ээлтэй бүрэн дунд сургууль барих юм.

Төсөл хэрэгжих хугацаанд Улаанбаатар хотын төв, алслагдсан дүүрэгт загвар 4 сургууль байгуулна. Тэгэхдээ 2 сургуулийг шинээр барьж, 2 сургуульд нэмэлт барилга барина.