Үндсэн хуулийн цэцийн 2017 оны 07 дугаар дүгнэлтийг хүлээн авахыг дэмжлээ
2017.12.05

Үндсэн хуулийн цэцийн 2017 оны 07 дугаар дүгнэлтийг хүлээн авахыг дэмжлээ

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2017.12.05) хуралдаан 09 цаг 43 минутад 66.7 хувийн ирцтэй эхэлж, Үндсэн хуулийн цэцийн 2017 оны 07 дугаар дүгнэлтийг хэлэлцлээ.

Зөрчлийн тухай хуулийн 5.8 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Согтууруулах ундаа хэрэглэсэн, эсхүл сэтгэцийн өвчтэй, эсхүл хөгжлийн бэрхшээлтэй хүнийг жагсаал, цуглаанд оролцуулсан, эсхүл жагсаал, цуглаанд оролцуулахын тулд бусдыг эд мөнгөөр татсан, эсхүл дарамт шахалт үзүүлсэн бол зөрчил үйлдэхэд ашигласан зэвсэг, хэрэгслийг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэсний “… эсхүл хөгжлийн бэрхшээлтэй хүнийг жагсаал, цуглаанд оролцуулсан…” гэж заасан нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцсэн Үндсэн хуулийн цэцийн 2017 оны арваннэгдүгээр сарын 29-ний өдрийн дунд суудлын хуралдаанд Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар оролцсон байна.

Тэрбээр “Зөрчлийн тухай хуулийн төслийг 2014 онд боловсруулсан. Дээрх заалтад иргэний эвлэлдэн нэгдэх, жагсаж цуглах эрхийг огт хөндөөгүй. Харин улс төрийн нам, хүчин хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг өөрсдийнх нь хүсэл зоригоос ангид байдлаар жагсаал, цуглаанд оролцуулан ашиглаж буй байдлыг зөрчил хэмээн үзэж, хариуцлага ногдуулж өгнө гэдэг хүсэлт иргэдээс олноор ирснийг төсөлд тусган, хууль батлагдсан. Харин Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтад “хүсэл зоригийнх нь эсрэг” гэдэг үг бичигдээгүй. Энэ нь хөгжлийн бэрхшээлтэй хүний жагсаал, цуглаанд сайн дураараа оролцох эрхийг хязгаарлах эрх зүйн орчин бүрдүүлсэн тул Зөрчлийн тухай хуулийн дээрх заалт нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэсэн дүгнэлт гаргасан” гэлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар, Л.Болд, Н.Оюундарь, О.Батнасан нар үг хэлж, байр сууриа илэрхийлэв. Иргэнийг хөгжлийн бэрхшээлтэй эсэхээр нь ялгаварлах хандлагыг өөрчлөх шаардлагатай бөгөөд үүнд төр, төрийн байгууллагууд, төрийн албан хаагчид нэн тэргүүнд анхаарах нь зүйтэй гэдгийг гишүүд хэлж байв. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй гэдэг нь иргэний эрхээ бүрэн эдлэхэд нь саад болох учиргүй. Монгол Улсын иргэн бүр үзэл бодлоо илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх, жагсаал цуглаанд оролцох Үндсэн хуулиар олгогдсон эрхтэй тул жагсаал цуглаан зохион байгуулагчид болон хуулийн байгууллагууд эрхийг нь хангах үүрэг хүлээх ёстой гээд Үндсэн хуулийн цэцийн 2017 оны 07 дугаар дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй хэмээн үзэж буйгаа илэрхийлсэн.

Хуралдааны төгсгөлд Зөрчлийн тухай хуулийн 5.8 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “… эсхүл хөгжлийн бэрхшээлтэй хүнийг жагсаал, цуглаанд оролцуулсан…”  гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.” гэснийг, Аравдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “…Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ.” гэснийг, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “… Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.” гэснийг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн “…Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна.” гэснийг, Арван зургадугаар зүйлийн 16 дахь хэсгийн “… тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөтэй.” гэснийг, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “… Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэснийг тус тус зөрчсөнийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэсэн томъёоллоор нэг бүрчлэн санал хураалт явууллаа. Хуралдаанд оролцсон гишүүд томъёолол бүрийг санал нэгтэйгээр дэмжсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллэв.