Д.Тогтохсүрэн 2017.12.07 | Сайт: Vip76.mn

Аймаг, нийслэлийн ИТХ-д төрийн албан хаагч ажиллах боломжтой болов

Аймаг, нийслэлийн ИТХ-д төрийн албан хаагч ажиллах боломжтой болов

Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа.

Уг хуулийн эцсийн хэлэлцүүлгийг өнгөрсөн долоо хоногт хийж батлах байсан боловч УИХ дахь МАН-ын бүлэг 5 хоногийн завсарлага авсан юм. Завсарлагын хугацаа өнөөдрөөр дуусгавар болж зарчмын зөрүүтэй санал хураалаа.

Өмнөх хэлэлцүүлэгт хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөх гэсэн саналын томъёоллоор санал хураасан боловч дэмжлэг аваагүй. Тиймээс УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн уг саналын томъёллоор дахин санал хураалт явуулахыг хүссэн юм. Ийнхүү дахин санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжлээ.

Үүний дараа Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг бүхэлд нь батлахаар санал хураахад 84.6 хувиар дэмжлээ.

Уг хууль батлагдсанаар Аймаг, нийслэл, дүүрэг, сумын иргэдийн хурлын төлөөлөгчдийн гуравны нэг хүртэлх хувь нь төрийн захиргааны албан хаагчаар ажиллах боломжийг бүрдүүлж байна.