Энхболд.З Д.Тогтохсүрэн Л.Энхболд Х.Нямбаатар Л.Болд Н.Учрал 2017.12.07

Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсангүй

Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсангүй

Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын 2018 оны төсвөвт хэсэгчлэн тавьсан хоригийг хэлэлцэж байна.

Тэрээр 2018 оны төсвийг “хэт үрэлгэн” гэж үзээд зарлагын хэсэгт хориг тавьсан юм.  “Эдийн засаг туйлдаж хүндэрсэн гэдэг шалтгаанаар ард иргэддээ ачааны хүндийг үүрүүлэх цөөнгүй шийдвэрийг гаргасан УИХ төсвийн зарлагаа бууруулж, алдагдлаа багасгах тал дээр дорвитой бодлого хэрэгжүүлж, тодорхой арга хэмжээ авахгүй байна” хэмээн үндэслэлдээ дурьджээ.

Хоригийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд танилцууллаа. Тэрээр хориг дээр найруулгын алдаа гарсныг залруулж уншъя хэмээн “нэгдсэн төсөв” гэдэг үгийг “улсын төсөв” болгон танилцууллаа.


Хоригийг өчигдөр Хуульзүйн байнгын хороогоор хэлэлцэж 81.8 хувиар хоригийг хүлээж аваагүй.

Хууль зүйн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Л.Энхболд танилцууллаа.


Мөн Төсвийн байнгын хороо 90 хувиар дэмжээгүй бөгөөд санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн уншиж танилцуулсан юм.


Ерөнхийлөгчийн хоригтой холбоотой УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлсэн.

Н.УЧРАЛ: ЦААС ХАРАХ БИШ, ЦААСЫГ НЬ БАРИАД АМЬДРАЛ ДЭЭР ОЧИЖ ТАНИЛЦАЖ БАЙЖ ХОРИГ ТАВЬ

Олон жил дарга хийсэн хүмүүс амьдралаас тасардаг гэдэг үгийг ойлгодоггүй байсан. Сая Ерөнхийлөгчийн тамгын даргыг үг хэлэхэд ойлголоо.

Өнгөрсөн 4 жилийн хугацаан ард иргэд амьдардаг гэдгийг мартсан байсан СХД-т өнөөдөр иргэд баяртай байгаа.

Жишээ нь би мягмар гарагт өөрийн сонгогдсон тойргийнхоо 62-р сургуулийн 3-р ээлж солигдох үед нь хүүхэд, багш нартай таарч уулзсан. Ээлж солиход 10 мин зарцуулдаг. Хүүхдүүд ээлж солихын өмнө бүгд сургуулийн гадаа жагсаж байгаад оройны 20:00 цаг хүртэл хичээллээд тардаг. Бага ангийн хүүхдүүд шүү. Эцэг эхчүүд нь ээлж солих 10 минуттай уралддаг.

Тэнд амьдрал буцалж байна. Гэтэл өнгөрсөн 4 жилилйн хугацаанд АН-ыг Засаг барьж байх үед энэ улсад хүмүүс амьдардаг гэдгийг мартсан олон бодлогогүй шийдвэрийг гаргасны уршгаар хүмүүс мартагдсан.

23-р хороонд сургууль, цэцэрлэг тавиулах гэж их зүдэрсэн. Үүн дээр хориг тавиад байх шаардлага байхгүй. Тэнд 2500 ЕБС-ийн хүүхдүүд амьдардаг. 1500 цэцэрлэгийн насны хүүхдүүд байдаг. Сургууль цэцэрлэг тавигдсанаар тэнд хүмүүсийн “нар гарч” байна. Олон удаа УИХ-д сонгогдсон хүмүүс амьдралаас битгийн тасраач ээ. Цаас харж хориг тавихгүй ээ. Цаас харах биш, цаасыг нь бариад амьдрал дээр очиж танилцаж байж хорин тавих шаардлагатай

Л.БОЛД: ЭНЭ ТӨСВӨӨРӨӨ ЯВБАЛ 1 САРЫН 1-НЭЭС МОНГОЛЫН ХҮҮХДҮҮДИЙН ТАЛ НЬ УЙЛЖ, ТАЛ НЬ ИНЭЭНЭ

ОУВС-тай хоёр зүйл тохирсон гэж байсан. Нэгдүгээрт нь цалин тэтгэвэр нэмэхгүй. Гэхдээ төсөвт тэтгэврийн нэмэгдэл дээр 130 тэрбум төгрөг тавьсан. Төрийн албан хаагчдаа салгаж аваад 56 тэрбум төгрөг тавьсан. Тэтгэмж нэрээр цалингийн нэмэгдлийг олгосон арга хэмжээ. Гэхдээ хүүхдүүдийн 80 хувьд нь мөнгө өгөхөд 50 тэрбум төгрөг хэрэгтэй.

Ингээд өнөөдрийн төсвөөр явбал 1 сарын 1-нээс эхлээд монголын хүүхдүүдийн тал нь инээнэ, тал нь уйлна.

Нийтдээ 456 мянган монгол хүүхэд уйлна. Үүнийг ОУВС дээр хамгаалж чадахгүй гэж байна. Ийм нөхцөл байдалтай байгаа учраас энэ хоригийг хүлээж аваасай гэж хүсч байна. Хүлээж авахдаа тэр олныг нь биш юм аа гэхэд нийгэмд шударга бус байдал авчирах төсвийн заалтуудаа засч болно. Ямар ч тооцоо судалгаагүй, хуульгүй,  зураг төсөлгүй 60 тэрбум төгрөг байна. Үүгээр хүүхдийн мөнгийг шийдэж болно. УИХ-ын гишүүд 3 тэрбум төгрөгний төсөв тойрог тойрогтоо авлаа гэсэн хардлагаас салах боломж байна. Угаасаа зураг төсөвгүй хөтөлбөр маш осолтой. Юмаа зас гээд маш тодорхой саналууд өгөхөд авахгүй, 50-хан тэрбум төгрөг хүүхдүүдээсээ харамлаж байгаа мөртлөө цаанаа бүхэл бүтэн их наяд төгрөгийг хуваарьлаад сууж байна.

Х.НЯМБААТАР: ТУЛГА ТОЙРСОН ХЭРҮҮЛ ХИЙЛГҮЙ, ГЭРЭЭСЭЭ ГАРЧ, АМЬДРАЛД ОЙР ШИЙДВЭР ГАРГААСАЙ ГЭЖ ХҮСЧ БАЙНА

Хоригийн бичгийг уншихаар Монгол Улсын 21 аймаг, 330 сум, 9 дүүргийн ИТХ-ын орон нутгийн төсөв батлах Үндсэн хуулиараа олгогдсон эрхийг нь хязгаарласан агуулгатай байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль явагдсанаас хойш даруй 5 сарын хугацаа өнгөрлөө. Ерөнхийлөгч хуулийн дагуу тусгайлсан эрх үүрэг эдэлж байгаа.

Өнөөдөр Ерөнхийлөгч Монгол Улсыг гадаад, дотоодод төлөөлөх үүргтэй. Харамсалтай нь сонгогдсоноосоо хойш УИХ-тай тулга тойрсон хэрүүл хийснээс биш гадаадад улс орноо төлөөлж, улс орны хамтны ажиллагааны нийгэмлэгтэй хамтраж ажиллах, нийгэм эдийн засгийг өөд татах чиглэлээр айлчлал хийсэнгүй.

Тухайлбал, Европын холбоо манайд хандаж санкц гаргаж байна. Урд хөрштэй уулзах уулзалтууд зэрэг улс орны нэн чухал эрх ашигтай холбоотой асуудлуудад Монгол Улсын Ерөнхийлөгч та бодлогоо чиглүүлээч ээ. Цэцэрлэг, сургууль барьж  байна гэж хориг тавьж байгаа нь ичгэвтэр сонсогдож байна. Миний сонгогдсон СХД-т 3 ээлжээр хичээллэж байгаа 10 сургууль байна. Шөнө 7, 8 цагаас хойш тарж байна. Талдаа 15-20 км явдаг газар байна. Сая З.Энхболд дарга “Эмээлтэд хүн амьдардаггүй” гэж хэллээ. СХД-ийн 32-р хороо буюу Эмээлтэд 5000 орчим иргэн амьдарч байна. Сургуулийн насны 1000 орчим хүүхэд талдаа 15 км алхахдаа алхаж, машинд дайгдахдаа дайгдаж сургуульд явж байна. 25 мянган хүүхэд өнөөдөр цэцэрлэгт хамрагдах боломжоо алдаж байна. Тиймээс амьдралд ойр шийдвэр гаргаач ээ гэж хэлмээр байна. Тулгар тойрсон хэрүүл хийхээ болиод, гадаадад гарч, улс орноо төлөөлж, олон улсын хамтын нөхөрлөлийн байгууллагуудтай хамтраад ажиллаач ээ гэж хүсье.

Ийнхүү гишүүд байр сууриа илэрхийлж дууссаны дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 82.4 хувь нь Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах боломжгүй гэж үзлээ. Иймээс 2018 оны төсвийн хуулийн зургадугаар зүйл болох зарлагатай холбоотой заалтууд хүчин төгөлдөр үйлчлэх боллоо. Дээрх заалтуудын үйлчлэл УИХ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй гэж шийдвэр гаргасан өдрөөс эхлэн үйлчлэх юм.