О.Баасанхүү: Миний 3 тэрбум хаана байна?
2017.12.07

О.Баасанхүү: Миний 3 тэрбум хаана байна?

Өнөөдөр /2017.12.07/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны төсвийн зарлагын хэсэгт тавьсан хоригийг хэлэлцлээ.

Тэрээр 2018 оны төсвийг “хэт үрэлгэн” гэж үзээд зарлагын хэсэгт хориг тавьсан юм.  “Эдийн засаг туйлдаж хүндэрсэн гэдэг шалтгаанаар ард иргэддээ ачааны хүндийг үүрүүлэх цөөнгүй шийдвэрийг гаргасан УИХ төсвийн зарлагаа бууруулж, алдагдлаа багасгах тал дээр дорвитой бодлого хэрэгжүүлж, тодорхой арга хэмжээ авахгүй байна” хэмээн үндэслэлдээ дурьджээ.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү асуулт асуулаа.

О.БААСАНХҮҮ: МИНИЙ 3 ТЭРБУМ ХААНА БАЙНА?

3 тэрбум гишүүдэд тавьсан гэж байна. Би төсвөө эргэж харлаа. Миний 47-р тойргийн 3 тэрбум хаана байна?

Би 2 удаа парламентад орсон хүн. Төсөв уншиж чадна.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү тойрогтоо эсвэл өөртөө зарцуулах 3 тэрбум нь хаана байна? Би юу ч зарцуулдаггүй. УИХ-ын гишүүд төсөв батлаад, Сангийн яам зохицуулаад явдаг. Сонгогчиддоо хэрэгтэй зүйлсийг төсөвт тусгуулсныхаа төлөө яагаа УИХ-ын гишүүний тойргийн гэсэн сонин үг хэлээд байгааг ойлгохгүй байна. Монгол Улс нэгдмэл. 76 гишүүн Монгол Улсаа төлөөлөөд явж  байна. Ингэж ард түмнээ ялгаварлаж, мөнгө төгрөгөөр хэсэгчилж байгаа юм шиг ярьж байгаа нь ямар учиртай юм?

Багийн засаг дарга гэх мэт хүмүүсийн агентлагт 30 саяар машин авна зэрэг замбараагүй зарцуулалт байгаа гэж байна. Үнэхээр тийм замбараагүй зүйл байгаа юм уу?

Өчигдөр Японы 850 сая долларын зээлийн асуудлыг АБГББХ-гоор шийдэхдээ төсвийн алдагдлыг нөхөх зорилгоор гэж байсан. Алдагдалтай төсөв батлахгүй байж болдоггүй юм уу? 55 тэрбумыг заавал өгөх хэрэгтэй байсан юм уу? Хөнжлийн хэрээр хөлөө жийгээд, байхгүй бол байхгүй гээд явахгүй заавал алдагдалтай оруулж, гаднаас зээл тусламж авах шаардлагагүй. 100 сая төгрөгтэй бол 100 саядаа, 100 мянган төгрөгтэй бол 100 мянгадаа тааруулаад төсвөө бичмээр байна. Гэтэл манайх 2 их наядыг хоосон үлдээчихээд байна. Энэ алдагдлыг аль болох багасгах бололцоо байгаагүй юм уу? Алдагдал оруулах зайлшгүй шаардлага юу байсан юм бэ?

Д.ТОГТОХСҮРЭН: УЛСЫН ТӨСӨВТ ГИШҮҮНИЙ МӨНГӨ ГЭДЭГ ОЙЛГОЛТ БАЙХГҮЙ

Улсын төсөвт гишүүний мөнгө гэдэг ойлголт байхгүй. 

Хоригт 58 тэрбум бүхий 125 төрлийн хууль зөрчсөн зураг төсөвгүй байж болох объект оруулсан гэж дурдсан байсан. Улсын төсөв батлах явцад Засгийн газраас орж ирсэн төсөл дээр нийт 58 тэрбум төгрөгний хөрөнгө оруулалт нэмэгдүүлсэн. Үүний 32.8 тэрбум төгрөг нь төсөвт өртгийг нэмэгдүүлсэн. Өөрөөр хэлбэл ажил нь дуусч байгаа объектыг 2018 ондоо дуусгая гэсэн байдлаар хандаж нийт 49 объект бүхий 32.8 тэрбум төгрөгийн санхүүжилтийг нэмэгдүүлсэн. Олон улсын санхүүжилтээр хэрэгжиж байгаа төслийн монголын талын хөрөнгө гэж 3.5 тэрбум төгрөг тавьсан. Үлдэж байгаа 24.8 тэрбум төгрөгийг 47 төсөл арга хэмжээний хөрөнгө оруулалт болгож 2018 оны төсөвт тусгагдсан. Энэ нь УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийнхээ дагуу хоёрдугаар хэлэлцүүлгийн явцад байнгын хороод болон намын бүлгүүдийн саналуудыг нэгтгэж, олонхийн саналаар шийдвэрлэсэн 47 арга хэмжээний 24.8 тэрбум төгрөг байна.

УИХ-ЫН ГИШҮҮН, САНГИЙН САЙД Ч.ХҮРЭЛБААТАР: АЛДАГДАЛТАЙ БАТАЛСАН Ч ГЭСЭН САХИЛГА БАТЫГ САЙЖРУУЛАХ ТАЛААР АРГА ХЭМЖЭЭ АВЧ БАЙНА

Төсвөө алдагдалгүй болговол өр үүсэхгүй байх боломж бүрдэнэ.

Харамалтай нь сүүлийн 4, 5 жил явж ирсэн бодлогын алдаанаас болж төссөв нилээд алдагдалтай гарсан.

Төсөв дотроо суух ёстой боловч төсвөөс гадуур явж байсан хөтөлбөрүүдийг төсөвт суулгаад үзвэл 2013 онд төсвийн алдагдал ДНБ-ий 12.9 хувьтай, 2014 онд ДНБ-ий 10.2 хувьтай, 2015 онд ДНБ-ий 8.1 хувьтай, 2016 онд ДНБ-ий 17.5 хувьтай тэнцхээр байна. 2017 онд бол 9 гаруй хувьтай байхаар хүлээгдэж байгаа. Үүнээс үзэхээр олон жилийн турш явсан төсвийн алдагдлыг огцом буулгах боломжгүй. 2018 оны төсвийг хийхдээ өнгөрсөн жилийнхээс 400 гаруй тэрбум төгрөгөөр буулгаж оруулж ирсэн. 2018 оны төсвийн алдагдал ДНБ-ий 8 хувьтай тэнцүү хэмжээгээр оруулж ирсэн. Төсвийн зардал 9.6 их наяд, төсвийн орлого 7.2 их наяд. Үүний зөрүү болох 2.4 их наяд төгрөг болсныг дуулгах хэцүү. Гэхдээ Сангийн яам хэцүү гэж суулгүй төсвийн сахилга батыг сайжруулах чиглэлээр арга хэмжээнүүдийг авч эхэлж байна.

Нэгдүгээрт, төрийн санд хамрагдаж байх ёстой дансуудыг өнгөрсөн 4. 5 жилийн хугацаанд Арилжааны банкуудад байршуулдаг болсон. Монгол Улс өөрөө зээл авдаг. Зээлийн данснууд арилжааны банкууд байршиж байгаа. Үүнийг төрийн сан дээр эргүүлж татах арга хэмжээ авна.

Хэдийгээр УИХ 2.4 их наядаар төсвийн алдагдалтай баталсан ч гэсэн төсвийн сахилга батыг сайжруулах чиглэлээр тодорхой арга хэмжээнүүдийг авна.

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА З.ЭНХБОЛД: НЭМЖ ОРУУЛСАН 125 ТӨСӨЛ АРГА ХЭМЖЭЭГ ХАСВАЛ ХЭМНЭЛТ ГАРГАХ БОЛОМЖТОЙ

Мэдээж УИХ-ын гишүүн О.Баасанхүүд 3 тэрбум гэдэг зүйл төсвийн хуулиар байж болохгүй. Гэхдээ энэ яриа 2000 оны 1 сая төгрөгөөс эхэлсэн. Ерөнхийлөгчид төрийн бус байгууллагуудаас албан бичгүүд ирээд байгаа. УИХ-ын гишүүний 3 тэрбум төгрөгийг баталсан төсөвт хориг тавьж өгөөч гэсэн агуулгатай.

Ерөнхийлөгчийн тамгын газрынхан Төсвийн хэлэлцүүлгийн үед Д.Тогтохсүрэн гишүүний харуулж байгаа 125 төсөл арга хэмжээ, 48 шинэ барилгын 15 хуудас жагсаалтыг харсан.

Төсвөө хэлэлцүүлэхэд гэнэт нэмэгдсэн зүйлийг хууль бус гэж үзэж байгаа нь зураг төсөвгүй гэдэгтэй холбоотой.

Өмнөх парламентад шаардлагатай, улсын хэмжээний хөрөнгө оруулалтыг нэмдэг болохоос тойргийн мөнгийг нэмдэггүй байсан. Сангийн яамнаас баталсан төсвөөр нь баталбал болно гэж үзэж байгаа. Харин нэмж оруулж ирсэн энэ 125 арга хэмжээний 60-аад тэрбумыг хэмнэх боломжтой гэж харж байна.

30 саяын машины хөрөнгө оруулалт гишүүдэд харагддаггүй.

192 тэрбум төгрөгний тоног төхөөрөмжийн зардал гэж бичсэн. Түүнээс биш аль аймгийн, аль сумын даргын машиныг шинэчлэх талаар дурдаагүй. Үүнийг Сангийн яам шийддэг. Гишүүд мэдэхгүй. Алдагдалгүй төсөв батлах боломж энэ жил гарч байна гэж үзэж байгаа. Алдагдалтай төсөв батлах шаардлага гардаг. Гэхдээ түүхий эдийн үнэ өссөн учраас алдагдалгүй төсөв батлах боломж байна гэж үзэж Ерөнхийлөгч хориг тавьж байна. Төсөл хөтөлбөрүүдийг нэгдсэн төсөвтөө нийлүүлэх ямар ч шаардлага байхгүй гэдгийг түрүүчийн УИХ, Засгийн газар хийж байсан. Өртгөө нөхөх хугацаа нь урт байдаг хөрөнгө оруулалтыг улсын төсвөөс тусгаарласан. Нийлүүлбэл ямар ч бүтээн байгуулалт хийгдэхгүй.

О.БААСАНХҮҮ: АЛДАГДАЛТАЙ ТӨСӨВ БАТЛАХ ЗАЙЛШГҮЙ ШААРДЛАГА НЬ ЮУ ЮМ БЭ?

Төсвийн алдагдалгүй болно гэж З.Энхболд ярьж байна. Гэтэл эдгээр хэмнэлтийг хийснээр ганцхан хувь хэмнэнэ гэж Сангийн яамнаас тайлбарлаж байна. Аль аль нь эх орныхоо төлөө байна. Яагаад алдагдалгүй байж болдоггүй юм бэ? Халамжийн бодлого, хөрөнгө оруулалтыг багасгаад 2018 онд алдагдалгүй төсөв батлъя гээд явах үнэхээр боломжгүй байгаагийн шалтгаан нь юу юм бэ? Монгол Улсын эсрэг алдагдалтай батлаад байгаа гэж бодохгүй байна. Яг ямар шалтгаанаар алдагдалтай батлаад байгаа юм бэ?

УИХ-ЫН ГИШҮҮН, САНГИЙН САЙД Ч.ХҮРЭЛБААТАР: ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ БҮГДИЙГ ХАССАН Ч АЛДАГДАЛТАЙ ХЭВЭЭР БАЙНА

Алдагдалгүй батлах боломж нь байсан бол Сангийн яамнаас алдагдалгүй оруулаад ирнэ. Харамсалтай нь боломжгүй байна. Тухайлбал улсын төсвийн хөрөнгө оруулалт гэж 683 тэрбум төгрөг байна. Үүнийгээ бүгдийг нь зогсоосон ч төсвийн алдагдал 1.8 тэрбум төгрөг хэвээр байна. Хөрөнгө оруулалтыг хийж байж ажлын байр бий болгож, татвар нэмэгдэнэ.

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА З.ЭНХБОЛД:  ЗАЙЛШГҮЙ БИШ ЗҮЙЛСИЙГ ӨӨР АРГААР САНХҮҮЖҮҮЛЭХ БОЛОМЖ БИЙ

2012-2016 оны хооронд төсвийн зарлагын дээд хэмжээ 5.2 их наяд, 2018 оны төсвийн орлого 5.2 их наяд төгрөг хүрсэн. Орлого, зарлага хоёрт нийцүүлж болно. Их үнийн дүнтэй, улсын төсвөөс зайлшгүй хийх шаардлагагүй зүйлсийг өөр аргаар санхүүжүүлэх янз бүрийн аргууд байдаг. Үүнийг хийхгүйгээр төсвийг алдагдалгүй болгох боломжгүй.