2017.12.07

Д.Эрдэнэбат: Ерөнхийлөгчийн хориг гэдэг бол Засгийн газрыг алдаануудыг хэлж байна гэдгийг ойлго

Өнөөдөр /2017.12.07/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны төсвийн зарлагын хэсэгт тавьсан хоригийг хэлэлцлээ.

Тэрээр 2018 оны төсвийг “хэт үрэлгэн” гэж үзээд зарлагын хэсэгт хориг тавьсан юм.  “Эдийн засаг туйлдаж хүндэрсэн гэдэг шалтгаанаар ард иргэддээ ачааны хүндийг үүрүүлэх цөөнгүй шийдвэрийг гаргасан УИХ төсвийн зарлагаа бууруулж, алдагдлаа багасгах тал дээр дорвитой бодлого хэрэгжүүлж, тодорхой арга хэмжээ авахгүй байна” хэмээн үндэслэлдээ дурьджээ.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат асуулт асуулаа.

Д.ЭРДЭНЭБАТ: ИПОТЕКИЙН ЗЭЭЛ ЦААШ ХЭРХЭН ВЭ?

Хориг гэдэг нь угтаа бол Засгийн газар болон эх баригчдын хуульд гаргаж байгаа алдааг хэлдэг зүйл.

Ерөнхийлөгч гурван удаа хориг тавьлаа гээд тооны тухай яриад байна.

Би бол Засгийн газрын гурван алдааг хэлж байна гэж ойлгож байна.

Засгийн газрын алдаа нэгдүгээрт, давхар дээлний асуудал. Засгийн газар 100 хувь дээлтэй, ашиг сонирхлын зөрчилтэй байгаа нь алдаа шүү гэж өгсөн. Хоёрдугаарт төвсийн тодотгол дээр Засгийн газар иргэдийн хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх тухай асуудлаар багш, эмч нарын цалинг хэдэн хувь нэмэхгүй байж ОУВС-гийн шаардлага нэрийн дор халамжаа нэмдэг чинь алдаа болж байна гэж хэлсэн. Хүлээж аваагүй. Одоо гурав дахь алдаа нь -2.4 их наядын зардал нь хэт өндөр байна, энэ алдааг засаач ээ л гэсэн.

Он дуустал хүүхдийн мөнгө 100 хувь өгчихөөд 2018 онд 60 хувь болгодог нь алдаа биш юм уу? Дахиад баахан халамжийн мөнгө нэмж байснаас эмч, багш нарынхаа цалинг 10-15 хувь нэмээд иргэдийнхээ ажлын хөлсний хөдөлмөрийн үнэлэмжийг нэмсэн нь зөв байсан юм уу? Хэрэгтэй, хэрэггүй барилга байгууламжаар бид хоосроогүй. Хөрөнгө оруулалтаа хасаач ээ гэдгий л хэлээд байна.

Ингэж хэлээд байхад  л хоригийн тухай яриад хөдлөхгүй. Олонхи үүнийг маш сайн ойлгох хэрэгтэй.

Алдааг хэлж өгч байна шүү гэдгийг эх баригч нар ойлгоосой гэж хүсч байна.

Сангийн сайдаас асууя. Ипотекийн зээл хаана яваад байгаа юм бэ? Хэрвээ Монголбанкнаас бидний Засгийн газрын үед хэрэгжүүлж байсан 8 хувийн ипотекийн зээлийг төсөв рүү оруулж ирээд ипотекээр өгөх гэж байгаа бол төсөв зээл өгнө гэсэн үг юм уу? Төсөв зээл өгөх эрхзүйн үндэс байхгүй. Төсөв зээл өгөх гээд байгаа юм бол хэдэн хувьтай өгөх юм бэ? Үүнийг Ерөнхийлөгчийн хориг дээр Ерөнхийлөгчийн тамгын газар юу гэж харсан бэ?

Ч.ХҮРЭЛБААТАР: ЗАСГИЙН ГАЗРААС БҮХ МӨНГИЙГ НЬ ӨГЧ ХЭРЭГЖҮҮЛЭХ НӨӨЦ БОЛОЛЦОО БАЙХГҮЙ

2012-2016 оны эдийн засгийн бодлого зөв байсан тухай одоо ярьж эхэлж байна. Арай ч ингэж болохгүй. Монголчуудын өөрийнх нь бий болгосон валютын нөөц 2.4 тэрбум доллар байсан. Үүнийгээ бүгдийг нь дуусгаад одоо 1.3 тэрбум долларын валютын нөөцийг зээлээр бүрдүүлээд байж байсан.

Жилд 4 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийдэг байсан гадаадын хөрөнгө оруулагч нар бүгд дүрвээд алга болсон. Төсвийн алдагдал ДНБ-ийн 17 хувьд хүрсэн. Жил хүрэхгүй хугацааны өмнө Чингис бондынхоо авсан мөнгийг төлж чадахгүй улс орон даяараа хандив цуглуулах тухай яриа өрнөж байсан. Үүнийгээ яасан богинохон хугацаанд мартаж байна.

1300 байсан төгрөг 2000 гараад явсан. Цэвэр хөндлөнгийн байгууллага тогтоодог Монгол Улсын зээлжих зэрэглэл 3 шатлал унасан. Үүнээс болж хөрөнгө оруулагч нар алга болсон. 10 мянга гаруй ААН үүд хаалгаа хааж байсан цаг саяхан.

Тухайн үед УИХ-ын дарга байсан хүн орж ирээд ийм үйл ярьж, буруу зөв мэдээллийг өгмөөргүй байна.

Ипотекийн зээлийг Монголбанк мөнгө хэвлэж хийсэн. Энэ нь иргэдийг орон сууцжуулахад нөлөө үзүүлсэн хэдий ч нөгөө талдаа үнэ хөөрөгдөх, валютын ханш явах, эдийн засгийн төсвийн сахилга бат алдагдахад хүрсэн. Засгийн газраас бүх мөнгийг нь өгч хэрэгжүүлэх нөөц бололцоо байхгүй байна. Хөрөнгийн хоёрдогч эх үүсвэрийг хэрхэн татах, иргэндээ ээлтэй, эдийн засагтаа дарамтгүй арга механизмыг холбогдох байгууллагууд хамтарч ажиллаж байна. 7 хоногт 2-3 удаа хамтарч, саналаа боловсруулж ярьж байна. Яг ямар арга замаар хэрэгжүүлэх нь зөв бэ гэдэг талаар тайлбарлана.

З.ЭНХБОЛД: БҮРЭНХ ЭРХИЙНХ НЬ 37 ХУВЬ ӨНГӨРСӨН БАЙХАД МАН ИПОТЕКИЙГ ХЭРХЭН ТАЛААР ОДОО ХҮРТЭЛ ЯРЬЖ БАЙНА

Ипотекийн зээлийг улсын төсвөөс санхүүжүүлэх ямар ч боломжгүй гэдгийг сүүлийн 15 жил харсан. Тиймээс 2012 оноос эхлээд ипотекийн зээлийг дэлхийн жишгийн дагуу ипотекийн үнэт цаасыг Монголбанк худалдаж авдаг болсон. Бэлэн мөнгө хэвлэсэн, эдийн засаг хүндэрсэн гэж ярьсан ч 80 мянган айл орон сууцанд орсон. Энэ систем цаашид 20, 30 жилээр тогтвортой явах байсан. Энэ системээ устгасан.

АН-ын Засгийн газрын үед хийсэн бүх юм буруу биш.

Бид ОУВС-гийн үгээр явдаггүй байсан. Тийм учраас 7 татвар нэмээгүй. Харин МАН-ын Засгийн газар 7 татвар нэмсэн. Бид ард иргэддээ татварын ачаалал үүрүүлээгүй. Та нар үүрүүлсэн. Үүнийгээ төлөх арга чинь 5.5 тэрбум долларын зээл. Үүнийгээ 3 сая хүндээ хуваахаар 4.5 сая төгрөг нэг хүнд оногдож байна. 15 сая төгрөгийн өр төллөө гэж сонгуульд явсан хүмүүс ахиад 4.5-ын энэ 4 жилд авах гэж байгаа. Үүний оронд ипотекээ үргэлжлүүлж, улсын төсөвтэйгөө холихгүй байсан бол өнөөдөр 100 мянган барилган ажилтан ажилтай, 20 мянган айл орон сууцтай болох байлаа. 2016 оны сонгуулиас хойш та бүхний бүрэн эрхийн 4 жилийн 37 хувь нь өнгөрсөн байна. Иптекийг яах вэ гэж одоо хүртэл ярьж байна.