2008.10.16

Х.Баттулга гишүүн буянаар Азийн бар орнуудаас туршлага судлаад ирлээ

"Бидний хэдэн хүн саяхан Бээжин, Малайз, Сингапур яваад юм үзэж нүд тайлаад ирлээ, Х.Баттулга гишүүнийхээ буянаар. Хамгийн гол нь бидэнд бус ирээдүйн эзэд болсон бяцхан үрст анхаарч байгаа түүнд баярлалаа гэж хэлэх ч багадах биз" гэсээр Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын цэцэрлэгийн эрхлэгч Ч.Бямбасүрэн яриа дэлгэв.

-Юуны өмнө манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?

-Ардын боловсролын тэргүүний ажилтан./инээв/ Боловсролын салбарт олон жил ажилласан. Сургуулийн менежер хийж байлаа. Одоо бол Гурванбулаг сумын цэцэрлэгийн эрхлэгч.

-Сургуулийн менежер, цэцэрлэгийн эрхлэгч байх хоорондоо ялгаатай юу?

-Ялгаатай. Сургуулийн менежер байхаасаа цэцэрлэгийн эрхлэгч байх нь илүү хүнд юм байна. Та надаас "яагаад хүнд гэж" хэмээн асуух байх л даа. Яагаад гэвэл, тэр нялх бяцхан үрст эцэг, эх, эгч дүүгийн хайр халамжийг өгч, яг тэдэн шиг нялх байх хэцүү юм байна. Басхүү цэцэрлэгийн багш, асрагч нар ямар их хөдөлмөрч хүмүүс байдгийг харлаа. Гэхдээ л эх орныхоо ирээдүйг хүмүүжүүлж байгаа гэж бодохоор сайхан байдаг юм.

-Та түрүүн ярианыхаа эхэнд Бээжин, Сингапур, Малайз яваад ирсэн гэсэн. Ямар хэргээр явсан юм бол. Аяны богцоо манай уншигчдад задлаач?

-Ёстой л юм үзэж нүд тайлаад ирлээ. Азийн томоохон хотуудаар зочилж хүн төрөлхтөн ямар их гайхамшгийг бүтээж болдгийг, басхүү хүн гэгч ямар их зүйлииг өөрчилж болохыг харлаа. Сентоза арал дээр гэхэд л зөвхөн төмөр шил хоёроор том байгууламж барьсан байхыг, мөн том том усан оргилуурыг, дэлхийд алдартай дуурийн театр зэрэг олон гайхамшгаар нүдээр хужирласан. Дэлхийн үзмэрийг Бээжин хотод үзлээ гээд үзэж харснаа яриад байвал их л дээ. Гэхдээ бидний явсан зорилго бол Сингапур улс сургуулийн өмнөх насны хүүхдүүддээ боловсрол хэрхэн олгодгийг судлах, нутагтаа ирээд хэрэгжүүлэхэд оршиж байгаа юм. Өндөр хөгжилтэй орнуудын хувьд цэцэрлэгийн нэг багшид 3-5 хүүхэд ногддог юм байна. Харин манайд бол анги дүүргэлт гээд яадаг билээ. Бас нэг өөр зүйл гэвэл эрүүл мэндийн боловсролыг багаас нь олгож байгаа нь анхаарууштай, бас хэрэгжүүлж болмоор санагдсан. Ер нь л өндөр хөгжсөн орнууд үлгэрээр дамжуулан дэлхий дахины соёлтой танилцуулж хүүхдүүддээ боловсрол олгож байгаа нь хамгийн түрүүнд хэрэгжүүлэх боломжтой юм билээ.

-Тэгэхээр манай хүүхдүүдийн хувьд хэт багаас нь ачаалал өгөөд байгаа гэсэн үг үү?

-Магадгүй. Гэхдээ монгол хүүхдүүд оюуны өндөр чадавхитай. Ер нь гаднынхны хувьд хүүхдүүдийн тоглох тоглоомыг өөрөөр нь хийлгэж танин мэдэхүйн тогтолцоогоор нь хүргэдэг юм байна. Энийг ч бас бодож л сууна даа.

-Ер нь манай боловсролын системд халмаар, авмаар өөр ямар зүйл байна вэ?

-Механик шилжилтээс болж нийслэл рүү ирж боловсрол эзэмших болсон хүмүүсийг нэг талаар буруутгах аргагүй. Гэхдээ нэгдүгээрт цахилгаан эрчим хүчний асуудлаас болж хот руу шилжих нь ихэсч байна гэж ойлгодог. Нэг бодоход өндөр боловсрол эзэмшиж байгаа ч нөгөө талаар орон нутаг эзэнгүйдэж байгааг ойлгоосой. Сүүлийн хоёр жил цэцэрлэгт ажиллаж байна. Цэцэрлэгийн ажил их хүнд гэдгийг ойлгосон. Багш нар нь цалин багатай. Үргэлж зогсоогоороо. Хортой нөхцөлд ажилладаг. Гэтэл авч байгаа нь бага, зэрэглэлээр цалинждаг байх жишээтэй. Тодруулбал, 10 цаг ажиллаад 60-100 мянган төгрөгийн цалин авах жишээтэй. Хамгийн түрүүнд ажигласан зүйл гэвэл өндөр хөгжилтэй оронд сургуулийн өмнөх боловсрол олгож байгаа багш нарын цалин 1500 ам.доллар. Боловсролын системд ажиллаж байгаа хүмүүсийн хувьд хамгийн өндөр цалин нь юм. Тэгээд дунд, бүрэн дунд, дээд боловсрол эзэмшүүлж байгаа багш нарын цалин түүнээсээ багасдаг юм билээ. Яагаад гэвэл хүүхэд өөрийн гэсэн бие хүн болж байгаа, түүнчлэн бие дааж сурах нөхцөл нь их байдаг учраас ийм шатлал тогтоосон байх жишээтэй. Харин манай оронд энэ шатлал эсрэгээрээ. Их дээд сургуулийн багш нар хамгийн өндөр цалинтай байхад сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлж байгаа нь хамгийн бага цалинтай байдаг.

-Тантай хамт хэдэн хүн явсан бэ?

-Манай тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн Х.Баттулга өнгөрсөн хугацаанд их зүйл хийсэн, хийж ч байгаа. Тэр их ажлынх нь нэг хэсэгт л бид багтсан гэж хэлж болно. Надтай хамт Гурванбулаг, Жаргалан, Галуут, Эрдэнэцогт, Баянбулаг, Хүрээ марал, Бууцагаан сумын цэцэрлэгийн эрхлэгч нар хамт явж туршлага судлаад ирлээ, Гишүүндээ хүүхдүүдийнхээ өмнөөс баярлалаа гэж хэлмээр байна. Бид хүүхдүүддээ олон зүйлийг шинээр зааж сургах болно.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.