Энхтүвшин.Ө Баасанхүү.О Энх-Амгалан.Л Ганбаатар.Ж Батзориг.Б А.Сүхбат 2017.12.08 | Сайт: Vip76.mn

Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийг баталлаа

Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийг баталлаа
Улсын Их хурлын чуулганы хуралдаан

Улсын Их хурлын чуулганы хуралдаанаар Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.

Хуулийн төслийн танилцуулгыг УИХ-ын гишүүн А.Сүхбат танилцууллаа.

Тус хуулийн талаар УИХ-ын гишүүд дараах байр сууриудыг илэрхийлсэн юм.

Ж.Ганбаатар: Эдийн засгийг солонгоруулахад мал аж ахуйн салбар чухал гэдэг нь үнэн. Уул уурхайгаас шалтгаалж байгаа эдийн засгаа хамгийн их  боломжоор солонгоруулах салбар бол мал аж ахуй гэдэгтэй маргах хүн гарахгүй. Энэ үйл ажиллагаанд энэ хууль нилээн хувь нэмрээ өгсөн. Малыг вакцинжуулж байгаа асуудал, мал эрүүл биш байгаа асуудалд бага ч гэсэн хувь нэмрээ оруулах, ирээдүйд монгол мал экспортонд гарах бүрэн боломжийг нээсэн хууль болно гэдэгт итгэж байна.

Хөнгөн үйлдвэрлэл, жижиг дунд үйлдвэрлэлийн салбарт анхаарлаа хандуулаач ээ гэж би өмнөх сайдуудаас их гуйдаг байсан. Дандаа л мал аж ахуй гэж явдаг. Б.Батзориг сайд манай жижиг дунд үйлвэрлэлийн дэд хороотой маш сайн хамтран ажиллаж, хоёр хоногийн өмнө 800 хүнтэй хэлэлцүүлгийг хийсэн. Энэ дашрамд яамны хамт олон баярласнаа илэрхийлье. Сүүлийн үед ХХААХҮЯ-наас авч хэрэгжүүлж байгаа бодлогуулын нилээн хурдацтай сайн байна гэж харж байгаа. Малын тэжээлийг гааль, НӨАТ-аас чөлөөлсөн асуудлыг ч тулгамдаж байгаа асуудлыг хурдацтайгаар шийдлээ гэж би харж байна.

Цаашдаа хүсэх зүйл гэвэл хөнгөн үйлдвэрлэл болон жижиг дунд үйлдвэрлэлийн салбарыг анхаарлынхаа ядаж 20 хувьд нь байлгаарай. Энэ салбарт 850 мянган хүн ажиллаж байгаа. Танай яаманд л энэ асуудлыг хариуцдаг газар байна. Энэ газраа агентлаг болгохоор хуулинд тодорхой зүйл заалт оруулж байгаа.

О.Баасанхүү: Улсын байцаагчийн мал эмнэлгийн гэрчилгээ гээд том юм явж байна. Жишээлбэл идшээ хийхийн тулд улсын байцаагчаас зөвшөөрөл авах гээд байгаа юм шиг ойлгогдож байна. Мөн худалдах тохиолдолд гэж оруулахар нэг хүн нөгөөдөө мал зарснаа баталгаажуулах гэж улсын байцаагчаас гэрчилгээ авах гэж байгаа юм шиг харагдахаар байна. Үүнийг ойлгомжтой, хүнд сурталгүй, улс орныхоо онцлогт таарсан зүйлс хиймээр байна. Малын гарал үүслийн бичиг авах гээд байгаа юм уу эсвэл махны ариун цэврийн бичгийг авах гээд байгаа юм уу гэдэг нь бүрхэг харагдаж байна. Энэ мал нь Доржийн эсвэл Батын мал гэж байгаа бол улсын байцаагч хэрэггүй. Харин энэ мал нь халдварт өвчингүй гэж байгаа бол дээж өгч байж нотлогдоно биз дээ? Энэ хэмжээний ажил хийх хүн хүч байдаг юм уу? Хэдэн мянган мал байгаа шүү дээ. Амьдралаас тасарч, хэрэгжихэд хэцүү юм шиг харагдаж байна.

Ө.Энхтүвшин: Нэг улсаас авна гэдэг бол зөв. Газар газраар авах бол тэдний хоорондын асуудал болдог. Мөн өвчний мэдээллийг хэвлэлээр цацдаг. Тодорхой газар шүлхий гарлаа гэхээр мах экспортолдог компаниуд нь зогсчихдог. Үүнийг нэгдсэн журмаар зохицуулах асуудлыг яах вэ? 2018.01.01-нээс эхлээд Орос руу ямар нэгэн малын гаралтай бүтээгдэхүүн гаргахад ганцхан Оросын талтай ярих асуудал байхгүй болчихоод байгаа юм байна. ЕвроАзийн эдийн засгийн холбоотой мөн адил ярих ёстой болж байгаа. Энэ дээр УИХ ч мөн анхааралдаа авч, зохицуулалт хийхгүй бол цаашдаа хүнд байдалд орно. Тарифын болон тарифын бус асуудалтай холбоотой зүйлд асуудал гарна. Ялангуяа мэдээлэлтэй холбоотой зүйлийг зохицуулах хэрэгтэй.

Л.Энх-Амгалан: Манайх махаа экспортолж чадахгүй байгаа хамгийн том асуудал нь эрүүл бус малтай гэдгээ баталгаажуулж чадахгүй байгаад л асуудал байгаа. Хуулийн хэлэлцүүлгийн үеэр салбарыг эрдэмтэд хэлж байсан. 60-аад саятай малтай болсон, вакцинжуулаад вакцинжуулаад 1-2.5 сая толгой мал л вакцинжуулдаг. Үндсэндээ 60 малын 1-ийг л вакцинжуулна гэсэн үг. Тэгсэн мөртлөө эрүүл малаа баталгаажуулдаг тогтолцоо огт байхгүй. Үүний тогтолцоо, ажиллах журам, малын эрүүл мэндийн дэвтэр зэрэг ярьж байсан зүйлс амьдрал дээр очоод хэрэгжихэд малчдад ойлгомжтой болгох тал дээр анхаарах хэрэгтэй.

Гишүүд асуулт асууж хариултаа авч дуусаад зарчмын зөрүүтэй санал хураасны дараа гишүүдийн 87,5% ийн саналаар хуулийн төсөл батлагдлаа.