Д.Тогтохсүрэн: Одоогийнх шиг байвал төрийн алба хэзээ ч чадавхжихгүй

Д.Тогтохсүрэн: Одоогийнх шиг байвал төрийн алба хэзээ ч чадавхжихгүй

Өнгөрсөн долоо хоногт Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-аар хэлэлцэж баталсан. Уг хуулийн талаар УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнтэй ярилцлаа. Тэрээр хуулийн ажлын хэсгийн ахлагчаар ажилласан юм.

-Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга өнгөрсөн долоо хоногт батлагдлаа. Уг төслөөр оруулж байгаа онцлог өөрчлөлтүүд нь юу вэ?

-Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын гишүүд 2017 оны 2 сарын 10-нд УИХ-д өргөн барьсан. УИХ-аар 10 сар гаруй хэлэлцэгдэж байгаад өнгөрсөн долоо хоногт батлагдлаа. Би энэ хуулийн шинэлэг онцлогийг дөрвөн зүйлээр тодорхойлж хэлье.

Нэгдүгээр,

төрийн албыг улстөрөөс ангид, хараат бус болгоход энэ хууль ач холбогдолтой. Сонгууль болдог. Сонгуулийн дараа хэн нэгэн гаднаас төрийн албанд ороод ирдэг. Одоо энэ хууль гарснаар энэ тохиолдол байхгүй болно. Яагаад гэвэл албан тушаал тус бүр дээр төрийн албанд ажилласан жилийн шаардлагыг өндөржүүлсэн. Энэ нь төрийн албыг улс төрөөс ангид болгож байгаа гол хүчин зүйл. Бүтцийн өөрчлөлтийн хувьд улс төрийн шалтгаанаар хүн халдаг явдал бий. Энэ хуулинд бүтцийн өөрчлөлтөөр хүн халахыг хориглосон заалт оруулж өгсөн. Энэ нь мөн улстөрөөс хараат бус болгож байна гэж ойлгож болно.

Хоёрдугаарт,

төрийн албыг мэргэшсэн тогтвортой байлгахад энэ хууль чиглэгдэж байна. Энэ хуулийн гол концепцийн нэг нь карьерын буюу шатлан дэвших тогтолцоогоор л явна. Тухайлбал, ТЗ-гийн 9-ийн албан тушаалын сул орон тоо гарлаа гэхэд зөвхөн ТЗ -д ажиллаж байгаа хүмүүсээс л сонгон шалгаруулж авна. Өөр хүн орохгүй. Ингэхээр гаднаас хэн нэгэн дурын этгээд орж ирэх асуудал байхгүй болно. Энэ нь төрийн албаа мэргэшсэн тогтвортой байлгах хоёр дахь том концепц.

Гуравдугаарт,

төрийн албыг хариуцлагатай болгож байна. Нэг л жишээ дурдъя. Төрийн албан хаагчийг хууль бусаар халсан нь шүүхийн шийдвэр юм уу, төрийн албаны зөвлөлийн шийдвэрээр тогтоогдсон тохиолдолд тэр хүний ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тухайн буруутай шийдвэр гаргасан албан тушаалтан өөрөө төлнө. Энэ бол маш том хариуцлага.

Дөрөвдүгээрт,

төрийн албаны зөвлөлийн эрх хэмжээг нэмэгдүүлсэн. Төрийн албаны зөвлөлийн гишүүдийн тоог нэмэгдүүлж, төрийн албаны зөвлөлийг хараат бус байлгах чиглэлд өөрчлөлт орсон.

-Та шатлан дэвших тогтолцоотой боллоо гэж хэллээ. Энэ талаар илүү дэлгэрэнгүй тайлбарлавал? Яг ямар шалгуур тавьж байгаа вэ?

-Төрийн албаны хуулинд албан тушаал тус бүр дээр нарийн шалгуур тавьж өгсөн. Төрийн албан хаагчид  ерөнхий болон тусгай гэсэн хоёр шаардлага тавина. Ерөнхий шаардлага нь зөвхөн төрийн албанд анх орж байгаа хүнд хамааралтай. 18 нас хүрсэн, дээд боловсролтой, авилга албан тушаалтны гэмт хэрэгт өмнө нь холбогдож байгаагүй зэрэг шалгуур байдаг. Авилга албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон хүн төрийн албанд дахиж орохгүй. Тусгай нь албан тушаал тус бүр дээр тавьж байгаа. Жишээ нь, эрхэлсэн түшмэлийн албан тушаал буюу яамны төрийн нарийн бичгийн дарга гэхэд төрд 16 жил ажилласан байх ёстой. Үүнээс 8 жил нь тухайн яамны газрын даргаар ажилласан байх ёстой. Энэ нь шатлан дэвших тогтолцоогоор явна гэсэн үг.

-Яг энэ шаардлага чуулган дээр шүүмжлэл дагуулсан. Гадны чадварлаг боловсон хүчин орж ирэх, сэлгээ хийх боломжгүй боллоо гэж УИХ-ын гишүүн Н.Учрал хэлж байсан. Энэ талаар та ямар тайлбар хэлэх вэ?

-Хуулиндаа тодорхой байгаа. Гадаадад өндөр мэргэшсэн, чадвар өндөртэй мэргэжилтэн байвал саяны миний ярьдаг шаардлагыг 50 хувиар багасгаж болно. 16 жилийн шаардлагыг 8 жил болгож болно гэсэн үг. Зөвхөн тухайн яамандаа биш яг газрын даргын хэмжээний албан тушаалыг 8 жил хашсан байж болно. Гэхдээ зөвхөн ур чадвар өндөртэй тохиолдолд. Түүнээс биш танил талаараа орох боломжгүй. Зөвхөн гадаадад гэлтгүй дотоодод ур чадвартай хүмүүс олон бий. Ур чадварыг тодорхойлох тухайд энэ чиглэлээр цаашдаа журам гаргана.

-Төрийн албаны бүтэц данхар байгаа талаар шүүмжлэл гардаг. Энэ хууль батлагдсанаар бүтцэд ямар өөрчлөлт гарах вэ?

-Энэ хууль төрийн албаны бүтэц зохицуулагддаг хууль биш. Төрийн албан хаагчдын эрхзүйн байдлыг тодорхойлдог хууль. Төрийн албаа тогтвортой байлгахад чиглэгдсэн. Ер нь төрийн алба данхар байгаа гэдэгтэй бид бүгд санал нэг байгаа. Зөвхөн сүүлийн 5 жилийн хугацаанд төрийн алба 25 мянган албан хаагчаар нэмэгдсэн. 2012 оны жилийн эцсийн статистик мэдээгээр 163 мянган төрийн албан хаагчтай байсан. Өнөөдрийн байдлаар 188 мянга байгаа. Гэхдээ ялгавартай авч үзэх юм байна. 

Сүүлийн жилүүдэд хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэж байгаатай холбоотойгоор сургууль, цэцэрлэг эмнэлэг нэмэгдэж байна. Үүнийгээ дагаад мөн төрийн албан хаагчдын тоо нэмэгдэж байгаа. Гэхдээ л төрийн жинхэнэ төрийн албан хаагчдын хувьд орон тоо нэмэгдэж, бүтэц нь данхайсан зүйл бий. Цаашдаа УИХ-аас Засгийн газарт төрийн албаны бүтцийн өөрчлөлтийг гаргаж хэрэгжүүлье гэдэг чиглэл өгөхөөр яригдаж байгаа. Энэ чиглэлээр зөвхөн хууль гэхгүйгээр Засгийг газар өөрөө бүтцийн өөрчлөлт хийх бүрэн боломжтой.

-Төрийн албаны шалгуур өндөрссөн гэж байна. Хэрвээ төрийн албаны шалгалт хууль бус боллоо гэж үзвэл тухайн хүн хаана хандах вэ?

-Сонгон шалгаруулалт зохион байгуулдаг шалгалт нилээн өөрчлөгдсөн. Төрийн албанд орох гэж байгаа хүн хоёр шалгалт өгнө. Нэг дэх шалгалт нь төрийн албаны нөөцийн шалгалт өгнө. Хоёр дахь нь албан тушаалын шалгалт. Шалгалтын агуулгыг гүйцэтгэхтэй холбоотой хуулинд тодорхой туссан. Одоо зөвхөн хуулийн тестээр шалгалт аваад байгаа. Цаашдаа ур чадварыг илрүүлэхэд зориулсан шалгалтыг оруулна. Гадны олон орнуудын туршлага байна. Үүнийг нэвтрүүлэх чиглэлд энэ хуулинд туссан зүйлс бий.

-Жишээлбэл?

-Жишээлбэл ур чадварыг тодорхойлох чиглэлд сэтгэлзүйн шалтгалт хэрэгтэй. Хамгийн чухал нь сэтгэлзүйч. Энэ хүн сэтгэлзүйн хувьд энэ ажлын байранд байж чадах уу гүй юу гэдгийг сэтгэлзүйч гаргаж ирнэ. Энэ дүгнэлтийг Канад Улс маш чанартай хийдэг юм билээ. Тиймээс энэ чиглэлээр энэ хуулинд дэвшилт гарсан энийг дагаад шалгалтын журам дүрэм бүгд өөрчлөгдөнө.

Нэг онцлог зүйл гарч байгаа. Төрийн албан хаагчийн сургахтай холбоотой. Удирдлагын академи одоо зөвхөн бизнесийн чиглэлийн сургууль болчихсон. Цаашдаа үүнийг төрийн албаны сургууль болгоно гээд хуулиндаа биччихсэн. Зөвхөн төрийн албан хаагчдыг шатлал тус бүрт нь бэлтгэнэ.

Хуулинд тухайн албан тушаалын багц сургалтанд хамрагдсан байна гэж оруулсан. Тэр нь албан тушаалтанд зориулсан сургалт гэсэн үг. Энэ нь эргээд төрийн албаа чадавхжуулах чиглэлд үр нөлөөгөө өгнө.

Хариуцлагын тухайд гэвэл төрийн албан тушаалтныг буруу зохион байгуулсан албан тушаалтныг шууд гурван жил хүртэл хугацаагаар ажлаас халахаар хуульд заасан. Жишээ нь орон нутгийн салбар зөвлөлийнхөн ч юм уу. Буруу зохион байгуулсан бол тухайн албан тушаалтан гурван жил төрийн албанд орохгүй. Энэ хариуцлагыг өндөржүүлж өгсөн. Ингэхгүй бол хүнд зориулж шалгалт хийгээд байдаг тохиолдол бий.

-Төрийн албан хаагчдын чадвараас гадна ёсзүй, харьцааны тал дээр асуудал үүсдэг. Энэ талаар өөрчлөлт орж байгаа юу?

-Хуулийн төслийг өргөн барихдаа уг нь ёсзүйн асуудлыг хуулинд тодорхой тусгасан. Сая УИХ-д ажлын хэсгийн түвшинд яригдаад, ёсзүйн асуудлыг дүрмээр зохицуулъя гээд ёсзүйн дүрмийг төрийн албаны зөвлөл, Засгийн газар баталахаар оруулсан.

-Хууль өөрөө 2019 оноос хэрэгжиж эхэлнэ. Хэрэгжилт талаас нь хэрхэн хянах вэ?Шинэчлэлт болгон дээр төрийн албыг улс төрөөс ангид байлгана гэж ярьдаг боловч одоог хүртэл төрийн алба улс төржсөн хэвээр байна шүү дээ.

-Хамгийн чухал зүйл нь өөрийн чинь асууж байгаа хуулийн дархланы асуудал. Хууль гардаг боловч хэрэгжүүлдэггүй, дор нь өөрчлөх гэдэг. Уг нь хуулийн төслийг санаачилсан хүмүүсийн зүгээс хуулийг өөрчлөх босго тавья гэж ярьж байсан. Төсвийн тогтвортой байдлын талаар хууль УИХ-ын гуравны хоёроор шийднэ гэж орсон. Тэр нь Үндсэн хуулийн цэц өнгөрсөн онд хүчингүй болгосон. Тийм болохоор хуулинд өндөр босго тавьж болохгүй байгаа. Энэ бол улс төрчдөөс л шалтгаална. Улс төрийн нам, улс төрчид бол төрийн албыг чадавхжуулах, тогтвортой, хариуцлагатай болгох чиглэлд онцгой анхаарах ёстой. Тиймээс одоогийнх шиг байвал төрийн алба хэзээ ч чадавхжихгүй.

-Ярилцсанд баярлалаа

Зочин

Монгол улсын их хурлын гишүүн Д.Тогтохсүрэн