Ш.Анхмаа Б.Алтантуяа 2017.12.11 | Телевиз: UBS

Тогтвортой хөгжлийн зорилтуудыг биелүүлэхэд иргэний нийгмийн байгууллагын оролцоо чухал

ТББ-ын төлөөлөл,

Жил бүрийн 12-р сарын 10-нд Дэлхийн улс орнууд тэмдэглэн өнгөрүүлдэг олон улсын хүний эрхийн энэхүү өдрийг, Хүний эрхийг хамгаалах төрийн бус байгууллагуудын форум, Хүний эрхийн үндэсний комисс, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран НҮБ-ын Тогтвортой Хөгжлийн Зорилтын үзэл санаан дор “Хэнийг ч орхилгүй хөгжье!” уриатайгаар зохион байгуулж, НЗДТГ нийслэлчүүдийнхээ эрхийг хамгаалахад хүчээ нэгтгэх зорилгоор нэгдэн оролцож байна.

Тогтвортой Хөгжлийн Зорилтын үзэл санаа буюу “хүн – хөгжил цэцэглэлт - эх дэлхий – энх тайван – түншлэл” гэсэн тогтвортой хөгжлийн таван тулгуур баганыг бэхжүүлэхэд чиглэсэн зорилтыг бодитой хэрэгжүүлэхийн тулд хөгжлийн төвд ХҮНЭЭ тавьж, хүний эрхийг хангах, хамгаалах нөхцлийг бүрдүүлж ажиллах нь Нийслэлийн удирдлагууд бидний эн тэргүүний зорилго билээ. 

МУ-ын Нийт хүн амын 40 гаруй хувь нь амьдарч байгаа нийслэл хотод тулгамдсан асуудлууд болох ядуурал, ажилгүйдэл, сургууль, цэцэрлэгийн хүртээмж, эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмж, хүүхэд, ахмадын халамж хамгааллын асуудал охид, эмэгтэйчүүдийн хүчирхийлэл, агаарын бохирдол, авто замын түгжрэл гэх мэт Тогтвортой Хөгжлийн Зорилтын хүрээнд шийдвэрлэх нийгмийн тулгамдсан асуудлуудыг нийслэлийн удирдлагууд бид хүний эрхийн өнцгөөс харж, шийдэх арга зам, гарцыг олж, үйл ажиллагаа үндсэн чиглэл, мөрийн хөтөлбөртөө тусган хэрэгжүүлэн ажиллаж байна. 

Хүний хөгжлийг дэмжих чиглэлээр судалгаанд суурилсан, шинжлэх ухааны үндэслэлтэй олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгаагаас товч дурдвал:

- Ядуурал, ажилгүйдлийг бууруулах ажлын хүрээнд: Нийслэлээс “1 өрх – 1 ажлын байр” хөтөлбөрийг боловсруулан баталж, хэрэгжүүлсэнээр 24 мянган тогтмол ажлын байрыг нэмэгдүүлээд байна. 

- Боловсролын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд: “Нийслэлийн Боловсрол -2020” дэд хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлсэнээр Сүүлийн 1 жилийн дотор цэцэрлэгт хамрагдалтыг 8 хувиар нэмэгдүүлсэн бөгөөд, 2018 оноос эхлэн 75 цэцэрлэгийг барьж, өргөтгөнөөр 2020 он гэхэд цэцэрлэгт хамрагдалтыг олон улсын стандартад хүргэх зорилго тавин ажиллаж байна.

- 2018 оноос эхлэн 56 сургуулийг барьж, өргөтгөснөөр 2019 он гэхэд 3 ээлжээр хийчээллэж байгаа бүх сургуулийг 2 ээлжинд бүрэн шилжүүлснээр багшийн ажлын ачааллыг бууруулж сургалтын чанар, хүртээмжийг сайжруулна.

- Эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд: “Нийслэлийн эрүүл мэнд” хөтөлбөрийг боловсруулан нийслэлийн 3 дүүргийн Эрүүл мэндийн төвд гэмтэл, мэс заслын тасаг байгуулан нээж, мөн 4 дүүргийн ЭМТ-д өдрийн хими эмчилгээний тасгийг нээн ажиллуулж, 2018 оноос 20 өрхийн эмнэлэг, 3 дүүргийн нэгдсэн эмнэлэг барьж, ашиглалтанд оруулах ажлыг эхлүүлж байна.

- Агаарын бохирдолтой тэмцэх ажлын хүрээнд: Агаарын бохирдлоос хүүхэд багачууд, иргэд, олон нийтийг хамгаалах зорилгоор 21 сургууль, 91 цэцэрлэгт агаар цэвэршүүлэгчийн тарааж, цаашид бүх сургууль цэцэрлэг эмнэлгүүдийг хангахаар бэлтгэл ажил хийгдэж байна.

- Хүчирхийллийн эсрэг ажлын хүрээнд: “Хонх дарж хаалга тогшоё” аяныг Нийслэлийн Цагдаагийн газраас санаачлан өрнүүлсэнээр гэр бүлийн хүчирхийллийн далд хэлбэрийг ил болгож, мэдээллийг нэмэгдүүлж, “Теле камер” хөтөлбөрийн хүрээнд нийслэлд 5000 гаруй камер шинээр суурилуулж, 2017 онд тус камеруудын хяналтыг холбосон Нэгдсэн Удирдлагын төвтэй болсон.

- Мөн хөдөлгөөнт эргүүл болон машинт эргүүлийн чиглэлд сургуулийн орчинг хамруулж, хүчирхийлэлд өртсөн хүүхэд эмэгтэйчүүдэд туслах Түр хамгаалах байр, Нэг цэгийн үйлчилгээний төвүүд, машинт эргүүлийн чиглэлийг ажиллуулахын зэрэгцээ сургуулийн орчны аюулгүй байдлыг хангаж ажиллах зорилгоор гадна орчны гэрэлтүүлэг, камер, замын тэмдэг, тэмдэглэгээ, хурд сааруулагчтай болгох ажлыг жил бүрийн төсөвт төлөвлөж үе шаттайгаар хэрэгжүүлж байна.