МАХН-ын шинэ даргаар О.Баасанхүү сонгогдов
2017.12.11

МАХН-ын шинэ даргаар О.Баасанхүү сонгогдов

Өнгөрсөн амралтын өдрүүдэд МАХН-ын Их хурал Төрийн ордонд болж өнгөрлөө.

Уг хурлаар намын дарга Н.Энхбаярыг огцруулж, шинэ даргыг сонгожээ. МАХН-ын шинэ даргад УИХ-ын гишүүн О.Баасанхүү, нийслэлийн намын хорооны нарийн бичгийн дарга Г.Бямбасүрэн нар өрсөлдөж 94.4 хувийн саналаар О.Баасанхүү МАХН-ын даргаар сонгогдсон байна.

Харин Н.Энхбаяр, С.Ганбаатар, З.Баянсэлэнгэ нарын МАХН-ын удирдлагын хүрээнийхэн уг хурлыг албан ёсны хурал биш гэсэн байр суурьтай байгаа юм.

Энэ талаар УИХ-ын гишүүн О.Баасанхүү: “Их хурлын ирц 70 орчим хувьтай байгаа тул эндээс гарсан шийдвэр хүчин төгөлдөр үйлчилнэ. Бид Н.Энхбаяр даргад урилга хүргүүлсэн боловч ирсэнгүй” гэсэн юм. Мөн тэрээр тамгагүй хурлаас гарсан шийдвэр хүчин төгөлдөр хэрэгжих талаар: “Тамга хурал зохион байгуулах шийдвэрийг баталгаажуулдаггүй юм. Тогтоол баталгаажуулна. Гэвч тогтоол заавал тамгаар баталгаажуулна гэсэн хууль байхгүй. Аарвдугаар сард хуралдсан Бага чуулган 2/3 ирцтэй хуралдсан учраас хүчин төгөлдөр юм. Хоёрдугаарт, Их хурлын оролцогчдыг сонгох журам хуулийн хүрээнд явагдсан. Тамгаа аваад нуучихсан юм чинь эд нар чадахгүй гэж бодоод байх шиг байна. Бид нар хэн нэгний өмч биш. Хууль зөрчсөн эсэхийг шүүх тогтооно” гэсэн юм.

Харин МАХН-ын дэд дарга С.Ганбаатар: “Энэ хурал бол хүчин төгөлдөр биш. Энэ бол луйвар. Ирж оролцож байгаа хүмүүст бол буруу байхгүй. Харин энэ бүхнийг зохион байгуулсан О.Баасанхүү, Бямбасүрэн гэж хоёр луйварчны буруу. Шүүх дээр артай хүмүүсийн хийж байгаа ажил. Төрийн өндөр хамгаалалтад, бийлэгжүү байдлаар энэ хурлыг хийнэ гэдэг бол хэдэн оффшортнуудад худалдагдсаны жишээ” гэсэн байр суурь илэрхийлсэн юм. Эдэнд ямар ч тамга байхгүй.  Зүгээр л МАХН-ын нэр барьсан цуглаан болж байна. Бид өөрсдөө Их хурлаа зарлаж, хоёрдугаар сард хуралдуулна. Намайг хурлаас гар гэж зовоож байгаа ч үнэний төлөө энд хөөгдөөд зогсож байна.