Д.Тогтохсүрэн Д.Хаянхярваа С.Чинзориг Д.Цогтбаатар Л.Энх-Амгалан Ч.Хүрэлбаатар Н.Энхболд 2017.12.11 | Сайт: Vip76.mn

Төрийн албанд танил талаараа биш мэдлэг чадвараараа өрсөлдөнө

Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын нэгдсэн чуулганаар Төрийн албаны тухай хуулийг эцэслэн баталсан.

Уг хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Д.Хаянхярваа, С.Чинзориг, Д.Цогтбаатар, Л.Энх-Амгалан, Ч.Хүрэлбаатар, Н.Энхболд нар 2017.02.10-нд УИХ-д өргөн мэдүүлсэн юм.

Улсын Их Хурлаас 1994 онд Төрийн албаны тухай хуулийг батлан 1995 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс мөрдүүлсэн бөгөөд 2002 онд уг хуулийг шинэчлэн найруулж, 2008 онд хэд хэдэн зарчмын шинжтэй томоохон нэмэлт, өөрчлөлт оруулж байжээ.

Энэ хугацаанд нам төвтэй төрийн албыг мэргэшсэн, тогтвортой, улс төрөөс хараат бус төрийн алба болгон өөрчлөн шинэчлэхэд ихээхэн анхаарч ирсний үр дүнд тодорхой ахиц дэвшил гарсан боловч цаашид чадахуйн зарчим /мерит/-д суурилсан, улс төрөөс хараат бус, шударга, ил тод, хариуцлагатай, мэргэшсэн, тогтвортой төрийн албаны эрх зүйн үндсийг бэхжүүлэх зорилгоор Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан хэмээн хууль санаачлагчид хуулийн төслийг өргөн мэдүүлэхдээ онцолсон юм.

Төрийн албаны тухай хууль нь 2019 оны 1 сарын 1-нээс хэрэгжиж эхлэх бөгөөд шинэчлэгдэн батлагдсанаар төрийн албаны үйл ажиллагаанд дөрвөн үндсэн дэвшилт гарах юм.

Нэг.

Албан тушаал тус бүр дээр төрийн албанд ажилласан жилийн шаарлагыг өндөржүүлжээ. Тухайлбал, ахлах түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалд томилогдох бол төрийн албанд 8-аас доошгүй жил, үүнээс дэс түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан байх бөгөөд мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж төгссөн байх шалгуур тавигдаж эхлэх юм. Түүнчлэн Төрийн нарийн бичгийн даргаар томилогдох бол төрийн албанд 16-гаас доошгүй жил, үүнээс эрхэлсэн түшмэлийн албан тушаал буюу яамны газрын дарга, түүнтэй дүйцэхүйц албан тушаалд 8-аас доошгүй жил ажилласан байх гэх зэрэг шалгуур, шаардлагууд тавигдахаар болжээ. Ингэснээр төрийн албыг улстөрөөс ангид, хараат бус болгох том дэвшилт болно гэж хууль санаачлагчид үзжээ.

Хоёр.

Төрийн алба шатлан дэвших тогтолцоогоор явахаар хуульчилж өгжээ. Өөрөөр хэлбэл ТЗ9-ийн албан тушаалын сул орон тоо гарахад зөвхөн ТЗ8-д ажиллаж байгаа хүмүүсээс л сонгон шалгаруулж авна. Ингэснээр төрийн албыг мэргэшсэн тогтвортой байлгах боломж бүрдэх аж.

Гурав.

Төрийн албаны хариуцлагын тогтолцоог шинэчилжээ. Сонгууль болгоны дараа төрийн албан хаагч үндэслэлгүйгээр халагдаж, шинэ дарга нар томилогддог. 2008-2016 онд гэхэд л төрийн албатай холбоотой 2100 хэрэг шийдвэрлэсний 1238 буюу 59 хувь нь ажлаас үндэслэлгүй халагдсан тоо баримт бий. Харин хуулийн шинэчилсэн найруулгаар ажлаас үндэслэлгүй халагдсан нь шүүхээс тогтоогдсон тохиолдолд тэр хүний ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тухайн буруутай шийдвэр гаргасан албан тушаалтан төлөхөөр болж байна.

Дөрөв.

Төрийн албаны зөвлөлийг хараат бус байлгах чиглэлд өөрчлөлт оруулжээ.

Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэлийг Төрийн албаны зөвлөлийн саналыг үндэслэн Улсын Их Хурал тогтооно. Мөн хуулинд: “Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагаанд Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын болон Засгийн газрын гишүүн, нам, олон нийт, аж ахуйн нэгж, байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч хөндлөнгөөс оролцох, нөлөөлөхийг хориглоно” хэмээн заажээ.

Уг хуулийн талаар ажлын хэсгийн ахлагч Д.Тогтохсүрэн: “Хууль батлагдсанаар төрийн албан хаагчид хэзээ, хэн намайг ажлаас халах бол гэх айдасгүй, өөрийн мэдлэг чадвар, туршлагаа үнэлүүлэн мэргэжлийн хувьд ахиж дэвших боломжоор бүрэн хангагдах болно” хэмээн тодорхойлсон юм.

Сэтгүүлч

Vip76.mn А.Цолмон tsolmon@vip76.mn