Батзориг.Б 2017.12.12 | Телевиз: МҮОНТВ

Мал амьтны эрүүл мэндийн тухай хууль 2018 оны 6-н сарын 1-нээс хэрэгжинэ

ХХААЯ-ны сайд Б.Батзориг

Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль, бүр тодруулж хэлбэл Мал эмнэлгийн тогтолцоог зөв гольдролд нь оруулж, малаа өвчингүй болгож, махаа эскпортлож чадах боломжийг олгох хууль болгож гаргахаар хичээж ажиллалаа.

Жил орчим ажлын хэсэгт ажиллаж дотоод гадаадын 200 гаруй мэргэжилтэнтэй биечлэн уулзаж ,хоёр хавтас дүүрэн материалтай болсон байна. Хууль батлагдсанаар дараах чиглэлд дутагдалтай байсан эрх зүйн орчин бүрдэхээр боллоо.

Үүнд:

-Манай мал, махын экспортыг олон улсад хүлээн зөвшөөрөх мал эмнэлгийн сайн засаглалаа бий болгоно, улс, аймаг, нийслэл ,сумдад мал эмнэлэгийн газар, алба, тасаг гэсэн босоо тогтолцоо ажиллаж эхэлнэ. 

-Мал амьтны өвчнөөс урьдчилан сэргийлэх хаврын 13 ажил (угаалга, туулга, ариутгал, малын дархлаа сайжруулах гэх мэт), шилжилт хөдөлгөөний хяналт( малын хяналтын улсын байцаагч шинээр нэмэгдэнэ) зэрэг ажлууд ирэх хавраас эхлэн, жил бүр хийгдэж заншина.

-Нийтийн эрүүл мэндийг хамгаалах зорилгоор бүх шатанд лаборатори бий болгох жишээлбэл суманд сүүнд бруцёллоз бий эсэх, маханд антибиотекийн агууламж хир их байгааг шинжлэх лаборатори, сумдыг бүсчлэн сумд дундын малын өвчнийг оношлох нэгдсэн лаборатори байгуулагдан ажиллаж эхэлнэ.

-Мал эмнэлгийн байгууллагын тогтолцоо буюу бүтцэд эрдэм шинжилгээний байгууллага ,лаборатори, үйлдвэрлэлийн байгууллага нь орж, цогц болно. Ингэснээр шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаа шинжилгээ хийж , шаардлагатай вакцинаа тухай бүр нь өөрсдөө үйлдвэрлээд, нийлүүлээд явах үүрэг, хариуцлага нь мал эмнэлгийн засаглалын асуудал болно.

-Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллага /OIE/-ийн зөвлөмж, Монгол Улсын ҮАБЗ-д тусгагдсан шаардлагуудыг хангах боломж бүрдэнэ. 

-OIE-ийн зөвлөмжийн дагуу улсын мал эмнэлэгийн босоо тогтолцоог бий болгож, мал, махны эрүүл мэндийн хяналтыг мал эмнэлгийн газар энэхүү тогтолцооныхоо хүрээнд өөрсдөө гүйцэтгэж, гэрчилгээ сертификатаар баталгаажуулдаг байх, энэ талаар Төрийн хяналт шалгалтын тухай хууль болон МХЕГ-ын хяналтыг нэг мөр салбарын яаманд харьяалуулах хууль эрх зүйн орчин байхгүй байгаа ба мэргэжлийн хяналтын ерөнхий газрынхантай нэгдсэн хяналтын тогтолцоо бий болгох талаар зохих түвшинд ойлголцолд хүрсэн гэж үзэж байгаа. 

-OIE бол 190 гаруй орныг нэгтгэсэн салбарын гол байгууллага ба Монгол Улсыг малын өвчлөлгүй эрүүл бүсээр зарлах,мал мах экспортлох гол мессэж өгөх учиртай тул нилээд чармайлт тавьж хуулийн төсөлд ажилласныг хэлье. Хуулийг 2018 оны 6 сард багтаан хэрэгжүүлж эхлэхээр боллоо. Учир нь, өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлууд хаврын улирлаас эхлэн хийгдэнэ, туувар, бэлчээрлэлтээр мал амьдаар гаргах бол хил дагуух тусгай бүсэд тухайн мал авах улсын мэргэжилтнүүдийн хяналт доор 2-3 сар бэлчээрлэн маллах тул цаг хугацаа шаардагдана, хэрвээ энэ хавраас ажлыг шуурхайлахгүй бол 2018 онд дэлхий нийтээр мөрдөх жишгээр бус улс төрийн тохироо маягаар бага зэрэг мах экспортлох талтай. Хууль батлагдсанаар 28 дагаж мөрдөх журам батлагдах мөн малын эмч, малчны хариуцлагыг дээшлүүлэхэд чиглэл өгөхөөр УИХ-ын тогтоол батлагдлаа. Намын мөрийн хөтөлбөрт тусгагдсан гол ажил ба Засгийн газар энэ хуулийг хэрэгжилт болон тогтолцоо, санхүүжилтэд анхаарлаа хандуулж ажиллах нь чухал.