Ерөнхий сайд МҮЭ-ийн холбооны төлөөллийг хүлээн авч уулзлаа.
2017.12.12

Ерөнхий сайд МҮЭ-ийн холбооны төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх МҮЭ-ийн холбооны удирдлага, аймаг, салбарын мэргэжил үйлдвэрлэлийн холбоодын дарга нарыг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтанд МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат болон аймаг, салбарын ҮЭ-ийн холбооны дарга, НХХ-ийн сайд С.Чинзориг, Ерөнхий сайдын ахлах зөвлөх, зөвлөх нар байлцлаа.

                        Ерөнхий сайд У.Хүрэлсүх

-“МҮЭ-ийн холбооны удирдлага болоод гишүүдтэй уулзах нь Ерөнхий сайдын үүрэг гэж ойлгож байгаа. Засгийн газар, МҮЭ-ийн холбоо хөдөлмөрчдийн эрх ашгийг хамгаалахын төлөө сайн хамтран ажилладаг, ойлголцдог, ярилцаж шийдвэрлэдэг байх ёстой гэж ойлгож байна. Цаашдаа Засгийн газар та бүхэнтэйгээ хамтран ажиллах болно” гэдгээ уулзалтын үеэр илэрхийллээ.

МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатарын зүгээс дараах зүйлд анхаарлаа хандуулж өгөхийг Ерөнхий сайдаас хүслээ. Үүнд,

Нэгд:Салбарын хэлэлцээр байгуулахад Засгийн газрын зүгээс анхаарах,

Хоёрт: Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орж тэтгэвэр тогтоолгох нас, шимтгэлийн хэмжээг нэмэгдүүлсэн. Энэ нь хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажиллаж байгаа иргэдийн хувьд хүндээр тусч байна. Энэ асуудлыг анхааралдаа авч ажиллах.

Гуравт: Төрийн албан хаагчдын цалин хөлсийг 2018 онд нэмэгдүүлэх нөхцөл боломжийг бүрдүүлэхэд анхаарч хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт нэмэлт хэлэлцээрийг ирэх оны эхний сард багтаан эхлүүлэх боломжоор хангах.

Дөрөвт: Засгийн газраас 2013 оны баталсан “Нийгмийн түншлэлийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 370 дугаар тогтоолын хэрэгжилт хангалтгүй байгаа учир нийгмийн зөвшлийн талуудын зүгээс анхаарал хандуулах шаардлагатай байна. Өнөөдрийн байдлаар 10 аймгийн Засгийн даргын зөвлөлд ҮЭ-ийн дарга нар, салбарын яамдын хувьд Барилга хот байгуулалтын сайдын зөвлөлд салбарын ҮЭ-ийн холбооны дарга ажиллаж байна. Тус тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах.

Тавд: Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчлэлийн хүрээнд өмнө нь хүрсэн түвшинг дордуулахгүй байх, нийгмийн зөвшлийн талууд нэгдсэн байр суурьт хүрсний дараа хуулийн төслийг УИХ-д өргөн барьж хэлэлцүүлэх нөхцөлийг ханган ажиллахыг Ерөнхий сайдаас хүслээ.

Уулзалтын үеэр мэргэжил үйлдвэрлэлийн ҮЭ-ийн холбоодын дарга нар тулгамдаж буй асуудлаар байр сууриа илэрхийлсэн.

Тухайлбал, хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажиллаж байгаа иргэдийн тэтгэвэрт гарах насыг уян хатан нөхцөлтэйгөөр шийдвэрлэх, төрийн албан хаагчдад олгох урамшууллыг ялгаварлахгүй, дарамтгүйгээр олгох, эрүүл мэндийн салбарын цалингийн шатлалын асуудлыг яаралтай шинэчлэх, эрсдэлтэй ажлын байрны жагсаалтыг шинэчлэх зэрэг асуудлыг хөндөж тавьлаа.

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн зүгээс “Цалин хөлсний асуудлыг хөндөж тавих нь зүй ёсны хэрэг. Гэхдээ улс орны эдийн засгийн нөхцөл таатай бус байна. Засгийн газарт Монгол Улс дампуурлаа зарлах үгүй бол ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах гэсэн хоёр сонголт байсан. Иймээс ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсан.

Улс орны эдийн засгийн өнөөгийн хүнд нөхцөл байдал нь төрийн албаны сахилга хариуцлага, санхүүгийн хариуцлагагүй байдалтай  холбоотой гэж үзэж байгаа. Цаашдаа олон тулгуурт эдийн засагтай болох, мал аж ахуй, газар тариалангийн салбарыг түлхүү хөгжүүлэх чиглэл баримтлан ажиллах болно. Та бүхний зүгээс тавьсан санал бүрийг судалж, ажил хэрэг болгон ажиллах болно” гэлээ.