Бат-эрдэнэ.Ж 2017.12.13 | Сайт: Vip76.mn

Ж.Бат-Эрдэнэ: Техникийн хорооны хэдэн нөхдүүдэд “но” байна уу?

Ж.Бат-Эрдэнэ: Техникийн хорооны хэдэн нөхдүүдэд “но” байна уу?

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2017.12.13) хуралдаанаар Стандартчилал, техникийн зохицуулалт, итгэмжлэлийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ асуулт асууж, ажлын хэсгээс хариулт авсан юм.

УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ:

Чухал хууль орж ирж байна. Улс орон хөгжиж бид олон улсын стандарт, технологийг нэвтрүүлэх шаардлага гарч ирж байна. Тэр тусмаа барилгын салбар, хүнсний салбар, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, хөнгөн үйлдвэр, үйлдвэрлэлийн салбар дээр нилээд ахиц гарах хэрэгтэй гэж бодож байна.

Гадны стандартуудыг бид оруулж ирээд, хэрэгжүүлэх гэхээр болдоггүй. Гэтэл гадаадад бол хэрэгжүүлээд болоод байдаг.  Манайд орж ирэхээрээ болдоггүй. Тэгэхээр энэ техникийн хорооны  хэдэн нөхдүүд дээр “но” байна уу? гэж хараад байгаа.

Ямар нэг ашиг сонирхлын зөрчлөөс энэ стандартад ханддаг хандлага байгаад байна уу? Аж ахуй нэгжүүдийг дарамталдаг нэг хандлага байгаад байна уу? Үүний энэ дотор яаж зааж өгсөн бэ? Хөгжилтэй орнууд хэрэглэж болоод байгаа технологи, стандартыг яг шууд оруулж ирээд манайхан монголчлоод оруулах боломж байна уу?

Хилийн цаана болоод байдаг, энд ирээд ямар нэгэн юм нь болдоггүй энэ чинь том тээг болж байна. Үүнийг арилгаж чадаж байна уу? гэдэг хамгийн том асуудал болж байна.

Хоёрт,  МУ-д 6000 стандарт байна. Жишээлбэл ОХУ-д хэдэн стандарт байдаг вэ? Манайх 3 сая гаруй хүн амтай байдаг, өөр улс 100 гаруй сая хүнтэй байдаг. Энэ тоо аж ахуй нэгжүүдийн хоорондын харилцаа ямар байдаг вэ?

Тоонд баригдах хэрэгцээ шаардлага байна уу? Орж ирж байгаа техник, технологи бүрийг батлаад яваад байна уу? Хэт их тоотой, хэт их стандарттай гэсэн зүйлд баригдаж болохгүй шүү.

Гуравт, Стандарт техникийн хорооны бүтэц ямар байх ёстой юм. Ямар хугацаатай байх ёстой юм бэ?. Энэ зүйл тодорхой харагдахгүй байгаа юм шиг. Үүнийг  бид нар тодруулахгүй юм бол стандартад өгсөн гээд л усанд хаясан чулуу шиг алга болчхоод байна. Энэ аж ахуй нэгжүүд дээр маш их дарамт болж байна.