Г.Тэмүүлэн 2017.12.14

Малын генетик нөөцийн тухай хуулийн төслийг баталлаа

Малын генетик нөөцийн тухай хуулийн төслийг баталлаа

УИХ-ын чуулганаар өнөөдөр Малын генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн баталлаа.

Хуулиар Малыг үнэлэх, даатгалд хамруулах, худалдах болон малчин дэмжлэг урамшуулалд хамрагдах, зээл авах болон малын бүртгэлийг үндэслэх, малчин өрхийг үндэсний үйлдвэрлэгчээр бүртгэж, гэрчилгээ баталгааны тэмдэг олгох, малчинд мэргэжлийн үнэмлэх олгох зэрэг зарчмын зөрүүтэй саналуудыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэлээ.

Түүнчлэн малчин өрх мал болон малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний гарал үүслийг баталгаажуулахад хэрэглэх баталгааны тэмдгийн талаарх зохицуулалт, үржүүлгийн бүтээгдэхүүнийг стандартаар тогтоосон тусгай орчинд хадгалан малын генийн санг бүрдүүлэх, аймаг, нийслэлийн мал үржлийн албаны удирдлагад болон сум, дүүргийн хөдөө аж ахуйн тасагт мал зүйч ажиллахтай холбоотой саналын томъёоллуудаар санал хураалт явуулан шийдвэрлэсэн гэлээ.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, А.Сүхбат, Б.Бат-Эрдэнэ, М.Билэгт нар хуулийн төслийн нэр томъёо, зорилго, бүтэц, зохицуулах харилцаа, хамрах хүрээний талаар тодруулж, Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Г.Тэмүүлэн болон ажлын хэсгээс хариулт авсан.

Үүний дараа зарчмын зөрүүтэй саналын томъёолол нэг бүрээр санал хураалт явуулан шийдвэрлэв. Тухайлбал, төслийн 16 дугаар зүйлийн 16.5 дахь заалтыг “Энэ хуулийн 15.1-д заасан байгууллагын даргын албан тушаалд мал үржүүлэг, нөхөн үржихүйн чиглэлээр мэргэшсэн мал зүйч, Аймаг, нийслэлийн мал үржлийн албаны даргын албан тушаалд мал зүйч ажиллана”, мөн зүйлийн 16.6 дахь заалтыг “Сум, дүүргийн хөдөө аж ахуйн тасагт мал аж ахуйн үйлдвэрлэлийн технолги, малын генетик, нөөцийн бүртгэл, үржил, селекцийн асуудал хариуцсан мал зүйч ажиллана” хэмээн тус тус өөрчлөхийг хуралдаанд оролцсон гишүүд дэмжив. Мөн “Мал зүйч мэргэжилтний нийгмийн баталгаа” гэсэн 19 дүгээр зүйлийг төсөлд нэмж тусгахыг гишүүд санал нэгтэйгээр дэмжив. Дараа нь төслийг бүхэлд нь батлах санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 73.2 хувийн саналаар Малын генетик нөөцийн тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулиуд батлагдлаа.