Н.Цэрэнбат 2017.12.14 | Яамны хэвлэл мэдээллийн алба

“Монгол орны байгаль орчин” боть нь бодлогын түвшинд хэрэглэх суурь бүтээл болно

“Монгол орны байгаль орчин” нэртэй 5 боть  хэвлэгдсэнтэй холбоотойгоор ижил нэртэй эрдэм шинжилгээний бага хурал боллоо.

. БОАЖЯ байгуулагдсаны 30 жилийн ойг угтан БОАЖ-ын сайд асан Д.Оюунхоролын дэмжлэгтэйгээр уг 5 ботийг  бүтээх ажлыг эхлүүлсэн.

“Монгол орны байгаль орчин” нэртэй энэхүү 5 боть  нь байгаль орчны салбарын албан хаагчид, их, дээд, ерөнхий боловсролын сургуулиудын байгалийн шинжлэлийн багш нар болон эрдэмтэн судлаачдын ширээний ном, гарын авлага болно гэдэгт итгэж байгаагаа БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат онцолж байсан.

Тэрбээр эрдэм шинжилгээний бага хурлыг нээж хэлсэн үгэндээ “Байгаль орчны салбарын бие даасан яам байгуулагдсны 30 жилийн ойд зориулж “Монгол орны байгаль орчин” гэсэн 5 боть бүтээлийг БОАЖЯ, ШУА-тай хамтран олон нийтийн хүртээл болгож байна.

Монгол орны байгаль орчны салбарын ололт, амжилтыг бодитоор дүгнэсэн, байгаль орчин сүүлийн гучин жилд хэрхэн өөрчлөгдсөн  талаар орчин үеийн судалгааны арга зүйг ашиглан бичсэн энэхүү ботийг  бодлогын түвшинд хэрэглэх суурь бүтээл болно гэдэгт итгэлтэй байна.

Бүтээл туурвисан нийт эрдэмтэддээ баяр хүргэе” хэмээсэн юм. Ботийн нээлтэд БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл, Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Г.Нямдаваа, Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Ч.Батсансар, Байгаль орчны үнэлгээ, аудитын хэлтсийн дарга А.Энхбат, Цэвэр технологи, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Ц.Уранчимэг нараас гадна ном бүтээлцэхэд гар бие оролцсон эрдэмтэн, судлаачид, их дээд сургуулийн төлөөлөл оролцсон юм.

Уг бүтээлийг гардаж туурвисан БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Г.Нямдаваа хэлсэн үгэндээ “Энэхүү бүтээлийг салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн, шинжлэх ухааны доктор, профессор, академич нар бичиж туурвисан.

Улс орны нийгэм, эдийн засгийн хөгжлийн явцад экосистемийн тэнцвэртэй байдлыг хадгалан, байгальд ээлтэй тогтвортой ашиглалт, хамгаалалтын бодлого, үйл ажиллагаа явуулахыг биднээс шаардаж байна. Түүнчлэн, дэлхийн дулаарлаас үүдэлтэй, цөлжилт, газрын доройтол идэвхжиж байгаа зэрэг олон тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх, оновчтой төлөвлөлт хийж хэрэгжүүлэхэд “Монгол орны уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт”, “Монгол орны гадаргын болон газрын доорхи ус”, Монгол орны биологийн олон янз байдал”, “Монгол орны хөрс, бэлчээр, зүй зохистой ашиглалт”, “Хүн ба байгаль орчин” гэсэн 5 боть бүтээл үнэтэй хувь нэмэр оруулах юм” гэлээ.

Энэ үеэр ном бүтээхэд идэхвхи чармайлт гарган ажилласан ШУА-ын ерөнхийлөгч Д.Рэгдэл, Б.Аюур, Б.Пүрэвтогтох нарыг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат байгаль орчны тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнаж, яамны харьяа байгууллагууд болон ШУА-иуд, зарим их, дээд сургуулиудын төлөөлөлд “Монгол орны байгаль орчин” 5 боть номын дээжээс гардуулсан юм.