Ё.Баатарбилэг Ц.Цогзолмаа 2017.12.16 | УИХ-ын Хэвлэл мэдээллийн алба

“Монголын нийгмийн хөгжлийн философи ба бодлого” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал боллоо

“Монголын нийгмийн хөгжлийн философи ба бодлого” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал боллоо

Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг, Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа нар өнөөдөр (2017.12.15) Шинжлэх ухааны академийн Философийн хүрээлэн байгуулагдсаны 45 жилийн ойд зориулан Төрийн ордонд зохион байгуулагдсан “Монголын нийгмийн хөгжлийн философи ба бодлого” сэдэвт эрдэм шинжилгээний бага хуралд оролцлоо.

Эрдэм шинжилгээний бага хурлын эхэнд Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг оролцогчдод мэндчилгээ дэвшүүлж хэлсэн үгэндээ

“Философийн хүрээлэн сүүлийн жилүүдэд Монголын хөгжлийн талаарх судалгаа хийж, бүтээл туурвил гаргаж байгаа нь сайшаалтай. Цаашид уг судалгааг улам гүнзгийрүүлж, Монголын хөгжлийн онцлогийг философи, улс төр судлал, социологи, эдийн засгийн талаас иж бүрэн шинжилж, нэгтгэн дүгнэж, үр дүнг төрийн бодлогод тусгуулах, бодит амьдралтай холбож баяжуулах талаар улам шаргуу, бүтээлч ажиллах хэрэгтэй байна. Чухамхүү үүгээр нийгмийн шинжлэх ухааны практик ач холбогдол илэрнэ” гэдгийг онцлов.

Тэрбээр мөн нийгэм, эдийн засгийн хөгжлийг хурдасгах, улс төрийн тогтолцоог боловсронгуй болгох, хууль эрх зүйн орчныг сайжруулахад эрдэм шинжилгээний байгууллагуудын судалгааны үр дүн, санал, дүгнэлт, зөвлөмж, дэмжлэг нэн чухал болохыг тэмдэглээд эрдэмтэн, судлаачдыг төрийн бодлого, шийдвэрийн төсөл боловсруулахад идэвх санаачлагатай оролцохыг хүслээ.

Дараа нь Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа эрдэм шинжилгээний бага хуралд оролцогчдод мэндчилгээ дэвшүүлэв.

Эрдэм шинжилгээний бага хуралд Философийн хүрээлэнгийн захирал Ш.Ариунаа “Философийн хүрээлэнгийн судалгаа, эрдэм шинжилгээний үйл ажиллагааны замнал: Туулж өнгөрсөн хийгээд өнөөгийн байдал, хэтийн төлөв” сэдвээр илтгэл тавилаа.

Түүнчлэн “Монголын нийгмийн эдийн засгийн тулгамдсан асуудал, гарц” сэдвээр Улсын Их Хурлын гишүүн асан Р.Амаржаргал, “Монголын ардчилсан нийгэм дэх эрх зүйт төрийн хөгжил, хандлага” сэдвээр Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан илтгэл тавилаа. Тэрбээр энэ үеэрээ 45 жилийн ойн мэндийг оролцогчдод хүргэж, дурсамж, хүндэтгэлийн үг хэллээ.

Төгсгөлд нь оролцогчид эрдэм шинжилгээний бага хурлын сэдэв, илтгэлүүдийн хүрээнд санал бодлоо солилцсон юм.

Манай улсад Философийн хүрээлэн анх 1967 онд байгуулагдсан бөгөөд 2000 оны дунд үеэс өдгөө хүртэл 30 гаруй суурь судалгааны төслийг хэрэгжүүлж, үр дүнд нь 100 гаруй хамтын болон нэг сэдэвт бүтээл туурвижээ. Тухайлбал, “Монголын ардчиллын туршлага, сургамж”, “Дандар Аграмба: Төв үзлийн гүн ухаантан”, “З.Агваанбалдангийн гүн ухааны үзэл”, “Монголчуудын сэтгэлгээний өөрчлөлт: Асуудал ба хандлага” бүтээлүүдийг туурвин гаргасан байна.

Энэхүү хурлын үеэр хүрээлэнгийн түүхийг харуулсан гэрэл зураг болон ном бүтээлийн үзэсгэлэн гаргасан байна