Н.Цэрэнбат 2017.12.16

Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам байгуулагдсаны 30 жилийн ойн баярын хурал боллоо

Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам байгуулагдсаны 30 жилийн ойн баярын хурал боллоо

Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам байгуулагдсаны 30 жилийн ойн баярын хуралд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. 

Монгол Улсын Эрхэм Шадар сайд аа,

Улсын Их Хурлын Эрхэм гишүүд ээ,

Эрхэм хүндэт зочид төлөөлөгчид өө,

Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгаж, Монгол Улсад Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны нэгдсэн тогтолцоо бүрэлдэж, Байгаль орчны яам үүсэн байгуулагдсаны 30 жилийн ойг тохиолдуулан эх байгалиа хамгаалах ариун үйлсэд хамтдаа хүчин зүтгэж ирсэн үе үеийн ажилтан, албан хаагч байгаль хамгаалагчид болон өнөөдрийн хүндэтгэлийн хуралд уригдан оролцож байгаа хүндэт зочид Та бүхэндээ чин сэтгэлийн халуун мэндчилгээг өргөн дэвшүүлье!

Манай баярын хуралд чин сэтгэлийн мэндчилгээ ирүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын даргад талархал илэрхийлье.

Монголчууд бид байгалиа түшиж үр өгөөжийг нь хүртэн амьдрал ахуйгаа тэтгэж ирсэн, байгалиа хамгаалах, зохистой ашиглах арвин өв уламжлалтай ард түмэн билээ. Иймд өнөөдрийн энэ түүхт ойн өдөр нь салбарын төдийгүй эх болсон байгаль дэлхий, газар нутгаа хамгаалахын төлөө зүрх сэтгэлээ зориулж, гар бие оролцож ирсэн хүн бүхэнд хамаатай тэмдэглэлт өдөр юм.

Монгол Улс байгалийн унаган төрхөө харьцангүй хэвээр хадгалж үлдсэн дэлхийн цөөн орны нэг боловч байгаль, цаг агаарын хувьсал өөрчлөлтөөс гадна сүүлийн нэгэн жаранд өрнөсөн бүтээн байгуулалт, үйлдвэржилт, хотжилтын нөлөөгөөр байгаль орчин доройтох, бохирдох, улмаар экосистемийн тэнцвэрт байдал алдагдах сорилт 1970-аад оноос хойш эрчимтэйгээр гарч эхэлсэн.

Монгол Улсын төр засгаас байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөц баялгийн хомсдол, орчны бохирдлоос сэргийлэх ажлыг удирдан зохион байгуулах үндсэн чиг үүрэг бүхий төрийн захиргааны төв байгууллага байгуулах шаардлага бий болсныг дүгнэн үзэж, БНМАУ-ын Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн 1987 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 169 дүгээр зарлигаар “Байгаль орчныг хамгаалах яам”-ыг байгуулсан нь дотоодын нөхцөл байдал болон дэлхий нийтийн хөгжлийн  хандлагатай уялдуулан гаргасан, ирээдүйгээ зөв харсан чухал шийдвэр болсон.

Тус яам байгуулагдсанаар байгалийн баялгийн ашиглалт, хамгаалалт, хяналтын асуудал хэд хэдэн яам, тусгай газарт харьяалагдаж байсныг нэгтгэн зохион байгуулж, төв, орон нутагт салбар, сүлжээгээ байгуулж бэхжүүлэх, хүний нөөцийг чадавхжуулах, байгалийн нөөцийг эдийн засгийн үнэлгээтэй болгох зэрэг арга хэмжээг  үе шаттайгаар хэрэгжүүлж эхэлсэн байдаг.

Яам байгуулагдсан эхний он жилүүдэд хууль бус мод бэлтгэл, хулгайн ан, ой, усны тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах зэрэг байгалийн нөөцийн ашиглалтад голчлон хяналт тавьдаг байсан “байгаль орчныг хамгаалах’ чиглэлийн яамнаас өнөөдөр Монгол Улсын Засгийн газрын бүтцэд ерөнхий чиг үүргийн яам болон өргөжиж, улс орны эдийн засгийн хөгжлийг

Монгол нутгийнхаа байгалийн онцлог, тэтгэх даацад нийцүүлэн салбар дундын зохицуулалтаар хангах, ногоон эдийн засгийг хөгжүүлж, тогтвортой хөгжилд хүрэх цогц бодлогыг тодорхойлж хэрэгжүүлэх чиглэлээр үйл ажиллагааныхаа хүрээг улам тэлсээр байна.

Байгаль орчны яам байгуулагдсан цагаасаа эхлэн хүрээлэн байгаа орчныг хамгаалах, Монгол Улсын эдийн засгийн гол үндэс суурь болсон байгалийн хишиг, баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх бодлогыг хэрэгжүүлэхэд идэвхийлэн хүчин зүтгэж ирснийг энэ өдөр тэмдэглэн хэлэхэд таатай байна. Өнөөдөр та бүхэнтэй яам байгуулагдсанаас хойшхи түүхэн зарим гол үйл явдал, үр дүнг эргэн дурсахад бахархалтай байна.

Тус яам үйл ажиллагааныхаа эхний 10 жилд байгаль орчны бодлого, эрх зүйн тогтолцоог шинээр бүрдүүлэхэд голлон анхаарч, байгаль орчныг хамгаалах, тусгай хамгаалалттай газар нутаг, газар, ус, ургамал, ой, ан агнуур, агаарын зэрэг 17 хууль тогтоомж, төрөөс экологийн талаар баримтлах бодлого, стратегийг Улсын Их Хурлаар батлуулж, байгалийн нөөц, ашиглалтыг эдийн засгийн үнэлгээ, төлбөртэй болгох зэрэг асуудлыг шийдвэрлүүлж, түүний хэрэгжилтийг ханган ажиллаж иржээ.

1992 онд Бразил Улсын Рио де Жанейро хотноо зохион байгуулагдсан Нэгдсэн Үндэстний Байгууллагын “Байгаль орчин ба хөгжил” дээд хэмжээний чуулганаар батлагдсан тогтвортой хөгжлийн стратегитэй уялдуулан манай яам санаачлан “Монгол Улсын 21 дүгээр зууны тогтвортой хөгжлийн хөтөлбөр”-ийг боловсруулж, 1998 онд Засгийн газраар батлуулсан нь даян дэлхийн үйл явцыг соргогоор мэдэрч, дэлхий нийтийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхах боломжийг бүрдүүлсэн бодлогын анхны цогц баримт бичиг болсон.

Уг хөтөлбөрөөр дамжуулан дэлхий дахинд болон Монгол Улсад тулгамдаж байгаа асуудлууд, түүний дотор уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, биологийн олон янз байдлын хомсдол, агаарын бохирдол, химийн бодисын аюул зэрэгт төр, олон нийтийн анхаарлыг хандуулж чадсан.

1998-2008 онд байгаль орчны нөлөөллийн үнэлгээ, хог хаягдал, химийн хорт бодис, хувиргасан амьд организмын тухай эрхзүйн зохицуулалтыг шинээр бий болгож, ойн болон усны асуудал хариуцсан төрийн захиргааны бүтцийг шинээр байгуулан ажиллуулсан нь зарчмын чухал ач холбогдолтой байлаа.

Монгол Улсын эдийн засгийн эрчимтэй хөгжлийн үе буюу 2009-2017 онд байгаль орчны салбарын хуулиудын давхардал, хийдэл, зөрчлийг арилгаж, ашиглагч нь хамгаалах, бохирдуулагч нь төлөх зарчмыг тусгасан багц хуулийг УИХ-аар батлуулан, салбарын эрхзүйн тогтолцоог зах зээлийн нөхцөлд нийцүүлэх өргөн хүрээтэй ажлыг зохион байгуулсан.

Түүнчлэн, Төрөөс ойн талаар баримтлах бодлого, Ус, Биологийн олон янз байдал, Хог хаягдал, Аялал жуулчлал, Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр зэрэг бодлогын баримт бичгийг боловсруулан батлуулж, хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Мөн 2014 онд Улсын Их Хурлаар “Ногоон хөгжлийн бодлого”-ыг батлуулсан явдал нь манай улсын тогтвортой хөгжилд хүрэх, хүрэн эдийн засгаас ногоон эдийн засаг руу шилжих хөгжлийн бодлогын чухал алхам болсныг онцлон тэмдэглэх нь зүйтэй.

Байгаль орчин, аялал жуулчлалын яам байгаль орчны сайн засаглалыг бэхжүүлж хамтран ажиллах, шинэ, дэвшилтэт арга технологи нэвтрүүлэх хүрээнд Монгол Улсын нэгдэн орсон 17 олон улсын гэрээ-конвенц, протокол, бусад гэрээ хэлэлцээрийн зохицуулалтыг хангах, гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр олон улсын байгууллагуудтай тогтоосон уламжлалт харилцааг эрчимтэй хөгжүүлж, тодорхой төсөл, хөтөлбөрүүдийг хамтран амжилттай хэрэгжүүлж байна.

Өнгөрсөн долоо хоногт Нэгдсэн Үндэстний Байгууллагын Байгаль орчны Ассемблейн  ээлжит 3 дугаар чуулганд миний бие оролцоод ирлээ. Энэ удаагийн  чуулганаар улс орнуудын Засгийн газар тогтвортой, ногоон санхүүжилтийг татах асуудлыг төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан шийдвэрлэхэд голлон анхаарсан.

Чуулганд оролцох ялдамдаа гишүүн орнуудын сайд, дэд сайд нартай уулзаж уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, агаар, орчны бохирдлыг бууруулах, биологийн олон янз байдлыг хамгаалах зэрэг чиглэлээр хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаар санал солилцож, яриа хэлэлцээг эхлүүлэхээр боллоо.

Өнөөдөр бидний гол түншлэгч болсон хандивлагчид, олон улсын байгууллагуудад ойн баярынхаа энэ өдөр гүн талархал дэвшүүлж, цаашид хамтын ажиллагаагаа үр бүтээлтэй өргөжүүлэн хөгжүүлэхэд яамны зүгээс анхаарал тавьж, илүү их санаачилгатай ажиллахаа илэрхийлье.

Монгол Улсын тусгай хамгаалалтай газар нутгийн сүлжээг бүрдүүлэн хөгжүүлж, хамгаалалтын 33 захиргааг ажиллуулж байгаа бөгөөд одоогийн байдлаар улсын тусгай хамгаалалттай газрын эзлэх талбай 27.9 сая га болж, нийт нутаг дэвсгэрийн 17.8 хувийг эзэлж байна.

Цаашид бид тусгай хамгаалалттай газар нутгаа цэнгэг усны эх үүсвэр, экологийн эмзэг тогтоцтой газар нутгаар өргөжүүлэн нийт нутгийнхаа 30 хувьд хүргэн хамгаалж, хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилтоо хэрэгжүүлэхийн сацуу нутгийн иргэдийн оролцоонд түшиглэсэн байгалийн нөөцийн хамтын менежментийг төлөвшүүлж, тэдний аж амьдралыг дээшлүүлэх чиглэлээр дэмжин хамтран ажиллана.

Мөн усны сав газрын 21 захиргаа байгуулж ажиллуулан, гол мөрний усыг засаг захиргааны хилээр хамгаалдаг хуучин тогтолцоог өөрчлөн байгальд бүрэлдэн тогтдог сав газраар нь хамгаалж, ашиглах дэлхийн жишигт хүрэхүйц усны нөөцийн нэгдсэн менежментийн тогтолцоог нэвтрүүлж, иргэдэд уудаг усаа хамгаалах, зохистой ашиглах, түүнтэй холбогдсон шийдвэрт оролцдог байх нөхцөлийг бүрдүүлэн ажиллаж байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын яам тэмдэглэлт ойгоо угтан 2017 онд 30 бүтээлч ажлыг хэрэгжүүлсэн бөгөөд Монгол Улс анх удаа олон улсын аргачлалаар ойн иж бүрэн тооллого хийж, үр дүнг тооцсоны зэрэгцээ Байгаль орчны бодлогын 30 жилийн гүйцэтгэлийн үнэлгээг боловсруулан НҮБ-ын Европын эдийн засгийн комиссын чуулганаар батлуулж, Монгол орныхоо усны аюулгүй байдлыг үнэлэн, орон нутгийн салбар, байгууллагуудын материаллаг баазыг сайжруулсан зэрэг томоохон амжилтаар түүхт ойгоо угтаж байна.

Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид өө,

Монгол Улсад Байгаль орчныг хамгаалах нэгдсэн тогтолцоо үүсч хөгжсөний 30 жилийн ойн баярыг тохиолдуулан салбарынхаа үүсэл, хөгжил, амжилт бүтээлийн түүхийг бүтээлцсэн үе үеийн төлөөлөл, нийт ажилтан, албан хаагчид, тус салбарыг хөгжүүлэхэд түүчээлэн зүтгэсэн үе үеийн Сайд, удирдлагууд,  тэдгээрийн гэр бүлд болон энэхүү хүндэтгэлийн хуралд оролцож байгаа эрхэм хүндэт Та бүхэнд 30 жилийн ойн баярын мэндийг дахин хүргэж, аз жаргал, эрүүл энх, хөдөлмөр бүтээлийн өндөр амжилтыг хүсэн ерөөе.

 Та бидний хамтын зүтгэлээр Монгол нутгийн минь хөх тэнгэр нь цэлмэг, хөрст газар нь ариун, ундаалдаг ус нь цэнгэг байж, хүн ард нь өөдрөг тэнүүн, жаргалтай байх болтугай.