Гарамжав.Ц 2017.12.18 | Үндэсний Шуудан

Ц.Гарамжав: Байгаль орчны нөхөн сэргээлт бол улсаас мөнгө авч хийх ажил биш

Ц.Гарамжав: Байгаль орчны нөхөн сэргээлт бол улсаас мөнгө авч хийх ажил биш
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Ц.Гарамжаваас тодрууллаа.
-Уул уурхай эрхлэгчид ашигласан талбайдаа нөхөн сэргээлт хангалтгүй хийдэг талаар хэл ам их гардаг. Саяхан УИХ-ын Өргөдлийн байнгын хороо­ны 21 аймгийн удирд­лагыг хамруулсан цахим хуралдаанаар ч энэ асуудлыг сөхөж, уул уурхайн зарим нөхөн сэр­гээлтийг улсын төсвөөс хийх асуудал яригдлаа. Энэ талаар та ямар байр суурьтай байгаа вэ?

-1990-ээд оны дундаас Монголд хувийн уул уурхайн үйл ажиллагаа эхэлсэнтэй зэрэгцээд байгаль орчны асуудал яригдаж эхэлсэн. Уул уурхай нь огт хийх ёсгүй ажил биш л дээ. Лиценз эзэмшиж буй компани нөхөн сэргээлт хийх хариуцлагаа зэрэг эзэмшиж байх хэрэгтэй. Мэргэжлийн компани манай уул уурхай, байгаль орчинд их дутагдаж байгаа юм.

Уул уурхайн мэргэжлийн компани гэдэг бол байгаль орчныг орхилгүй үйл ажиллагаа явуулах бүхий л хугацаандаа эхнээсээ дуусах хүртлээ тавь, тавин хувиар нь байнга анхаарч ажиллах ёстой байдаг. Үүнийг хийж буй компани бий. Харамсалтай нь түүнийг гаргаж ирдэггүй. Хувийн ашиг сонирхол үзэл бодлоороо “Тэр бол нөгөө хэний компани юм чинь” гэх байдлаар хандаад хэлдэггүй. Үлгэр жишээ тогтоосон ажиллагааг нь үзүүлж таниулах арга хэм­жээ хийдэггүй гэсэн үг. 

Нөгөө аж ахуйн нэгж нь өөрсдөө улс, аймгийн хэмжээнд үзүүлэх сургалт хийдэг. Миний мэдэх хоёр, гурван аж ахуйн нэгж ийм үйл ажиллагаа явуулдаг. Байгаль орчны асуудлыг ингэж улсын төсөвт хүртлээ явуулж болдог ажил биш.

Анх лиценз авсан л бол үүрэг хариуцлага нь дагаад ирэх ёстой асуудал. Одоо ч гэсэн лиценз олгохдоо үүрэг хариуцлагыг дахин хууль дээр нэмж өгөх шаардлагатай гэж бодож байна. Нэгэнт ашигт  малтмал олборлож байгаа бол байгаль орчны нөхөн сэргээлтээ гарцаагүй хийж явах ёстой.

-Нөхөн сэргээлт хийх чиглэлд боловсон хүчний байдал ямар байдаг юм бол?

-Нөхөн сэргээлт бол уул уурхай, геодизи, геофизикийн мэргэжилтэй инженерийн хийх ёстой ажлын нөгөө тал нь байдаг. Тиймээс тэдэнд нэгдүгээр курсээс нь эхлээд заах хэрэгтэй.

Монголын уламжлалт арга хүртэл бий. “Морь малын хөл орно. Ухсан нүхээ булж бай” гэдэг дээ. Байгаль орчны нөхөн сэргээлтийн ажил улсаас мөнгө авч хийх ажил биш. Улсаас мөнгө нэхэх болтол нь эзэнгүйдүүлсэн  бол орон нутгийн захиргаа, Иргэдийн төлөөлөгчдийн хариуцлагагүй байдал. 

-Тодруулбал?

-Жишээлбэл, Заамарт нэг компани лиценз авдаг. Авсан лицензийнхээ нэрээр түмэн компани ажиллуулдаг. Үүн дээр ерөөсөө арга хэмжээ авдаггүй. Мэргэжлийн, мэргэжлийн бус 100 гаруй компани ороод бужигнаад байдаг.

За яахав, нэгэнт уул уурхайн олборлох ажил явагдаж байгаа юм чинь ашиглаад, олборлох юм байгаа юм бол түүнийг аваад, ашиглаад уул уурхайн нөөцөө бүрэн ашиглах нь хуулинд байдаг.

Гэвч нөгөө талаас газар дэлхий, байгаль орчинтойгоо мэргэжлийн чиглэлээр ажиллах ёстой. Гэтэл мэргэжлийн бус компаниудыг гэрээ хийгээд оруулж буй нь хамгийн том зөрчил юм. 

-Үүн дээр тэгвэл ямар арга хэмжээ авбал зохистой вэ?

-Энэ замбараагүй байдлыг үнэхээр зогсооё гэсэн хүсэл байвал амархан. Аймагтаа тус бүртээ зохион байгуулах хэрэгтэй. Байгаль орчны алба, цагдаагийн байгууллага, байцаагч нь байна. Тэгэхээр энэ асуудлыг цэгцлэхийг хүсэхгүй байна гэж л ойлгож байгаа. Дунд шатны албан тушаалтнуудтай холбоотой асуудал шүү дээ.

Яахаараа улсаас мөнгө нэхээд сууж байдаг юм. Би үүнийг зөвшөөрөхгүй. Тэр компани юу гэж лиценз авсан юм. Хийж чадна гээд лиценз авсан юм бол хийх л хэрэгтэй. Түгээмэл ашигт малтмал, бичил уурхайн олборлолтын үйл ажиллагаа болон, үүсгэмэл ордыг ашиглах үйл ажиллагаан дээр эрхзүйн орчны бодлогыг нэн даруй яаралтай шинэчлэн гаргах шаардлагатай болж байна.

Мөн ямар ажил дээр лиценз эзэмших эрхийг оператор компани авч болох юм, ямар ажилд мэргэжлийн компани шаардагдах юм гэдгийг бид журам гарах юм уу эсвэл хуульчлах маягаар эрхзүйн орчныг зохицуулж өгмөөр байна. Лиценз авсан нэрийдлээр нүүрсний, мэргэжлийн бус компани оруулаад мэргэжлийн бус аргаар олборлолт хийхээр хариуцлагагүй асуудал үүсээд байгаа юм.

Тэгэхээр оператор компани авах ёстой ямар үйлдвэрлэл байх юм, авахгүй ямар үйлдвэрлэл байх юм гэдгийг зохицуулах шаардлагатай байна. 

-Дан ганц хувийн компаниуд нөхөн сэргээлт дутуу хийж байгаа биш шүү дээ. Төрийн өмчит компаниудын ч асуудал сөхөгдөж байгаа байх?

-Улсын үйлдвэрийн газруудын олборлож байгаад орхисон Бугант, өөр бусад жоншны уурхай зэрэг эвдэрсэн газар байгаа. Тооллогын үеэр тодорхой болох байх.

Эдгээрийг харин яаж нөхөн сэргээх  юм гэдгийг  Байгаль орчны яам төсөв хөрөнгөтөө тусгаад мэргэжлийн нөхөн сэргээлтийн компани оруулах нь зүйтэй байх. Тэгэхгүй бол улсын зориулалтаар ашиглаад байгаль орчныг эвдлээд хаяж болдог. Харин хувийн аж ахуйн нэгж сэргээх ёстой гэсэн ялгаварласан үзэл байж болохгүй.

Мэргэжлийн компанийн дотроос нөхөн сэргээлтийн үйл ажиллагааг биологийн төвшинд сайн хийж байгаа аж ахуйн нэгжүүд байгаа гэж хэлсэн. Хөдөө аж ахуйн их сургууль, ШУТИС-тай хамтраад үрийн сорт гаргаж, шинэ санаачилга гаргадаг.

Мод, зүлгээ шинэ стандартаар тарьдаг, олон улсын байгууллагатай хамтран ажилладаг компанид урам өгч ажиллая. Тэдний тогтоож буй жишгийг урамшуулъя. Нөхөн сэргээлтийн зардал дээр нь ч юм уу, эсвэл жилийн хөнгөлөлт өгье.

Ингэж эдгээрийн сайн жишгийг улс даяар нэвтрүүлэх ажлыг Байгаль орчин, аялал жуулчлалын яам хийвэл уул уурхайн салбарт ахицтай болно гэж бодож байна. Уул уурхайн эвдэрсэн газрын тооллого нэгэнт хийгдэж байгаа юм чинь эзэдтэй нь бүгдийг нь гаргаад ирье. Орон нутгийнхан хэн нь  нинжа, хэн нь бичил уурхай олборлогч юм, хэн нь түгээмэл юм гэдгийг андахгүй шүү дээ. Бүгдийнх нь цаад эздийг нь гаргаад ир л дээ.

Хүн болгон иргэний үнэмлэхтэй, эрх үүрэгтэй ийм улсад амьдарч байгаа юм чинь аж ахуйн нэгж болгон  статустай байгаа. Үүний цаана хэн байгаа вэ гэдгийг гаргаж ирье. Энэ нөхдүүдтэй нөхөн сэргээлт хийлгэх хариуцлагыг хамгийн эхэнд ярих хэрэгтэй байна. Нөхөн сэргээлтээ хийдэггүй “алдартай” компаниуд бий. Тэднийг ярьдаггүй, улстөржүүлээд дардаг тал ч байна. Хийдэг хэдийг нь болохоор “Тэр хийхгүй байна, энэ хийхгүй байна” гээд худлаа үнэн нь мэдэгдэхгүй юм яриад байдаг. Тэгэхээр хариуцдаг эздээр нь нөхөн сэргээлтийг нь хийлгэе. 

Ярилцсан Ж.Баяр